Угандын цуст дарангуйлагч Иди Амин /1925-2003/
Кампала хотод гэрэл унтарч, харанхуй театр, баар цэнгээний газрууд үүдээ барьж, давхар хооронд гацаж зогссон цахилгаан шатанд айж түгшсэн хүмүүс орилолдох нь ерийн үзэгдэл болов. Чухам энэ үед Ерөнхийлөгч Иди Амин бүх нийтээр нь хоморголон устгасан бас нэг түгшүүрт шөнө боллоо гэдгийг ч хүмүүс төвөггүй мэддэг болжээ. Цахилгаан гэрэл тасалдах ганцхан шалтгаан байж. Ийм явдал болох бүр Оуэний хүрхрээний далангийн усан цахилгаан станцын генератор мянга мянган хүний өмхийрч муудсан хүүрэнд гацчихдаг байлаа. Нил мөрний эх Виктория нууранд харуул хамгаалалт байнга гаргадаг ч гэсэн станцын инженер техникийн ажилтнууд усаар хөвөн ирж усны шүүлтүүрийг бөглөсөн хүүрүүдийг зайлуулж дийлэхгүй байв. Харин усыг цэвэрлэхэд найдвартай туслагчид байсан, тэр нь матрууд. Гэвч хүүрүүд дэндүү их учраас матарт бүрэн найдаад нэмэргүй. Иди Амины найман жил төр барихдаа хагас сая эх орон нэгтнээ хөнөөжээ.
Тэр өөрийн эхнэрүүдээс эхлээд эсрэг байр суурьтай лам хуварга, сэтгүүлч, дипломатуудыг хайр найргүй яргалан хядав. Бас агаарын дээрэмчдийн барьцаанд авсан хүүхэд нялхас, өвгөд хөгшдийг ч хүйс тэмтэрнэ.Түүгээр ч барахгүй, амьд хүнээр барьсан өргөлийн нүгэлт улаан идээг ч амсч байсан нь цөөнгүй. Угандын мөрдөх товчооны ажлыг ерөнхийлөгч гардан удирддаг байлаа. Яг л гестапогийн хийж байсныг тэр хийж байв. Эрүүдэн тамлах, захиалгат аллага, мансууруулах бодис наймаалах, валют дамлах гээд ер хийгээгүй юм түүнд байсангүй. Баяжих хөлжихийн тулд цагаандаа гарч, заримдаа хэдхэн зуун фунтын төлөө хүний аминд хүрч байв. Түүний хувьд хүн гэдэг хорхой шавьж л гэсэн үг.
Угандын үржил шимт нутаг хагас зуу гаруй жил Британийн эзэнт гүрний нэг хэсэг гэгдэж, колоничлогчид энэ орныг “Африкийн сувд” хэмээн нэрлэдэг байж. Харин Африкт шуурсан “өөрчлөлтийн салхи”-ны ачаар туурга тусгаар улс болжээ.
1962 онд болсон сонгуулиар өмгөөлөгч, мэргэжлийн улстөрч, Мильтон Оботе ерөнхий сайд болов. Өөрсдийн омгийн тэргүүн нараа гүнээ хүндэтгэсээр ирсэн уламжлалтай угандын 14 сая хүн амыг нэгтгэсэн нэгэн томоохон гүрэн болгохыг тэр эрмэлзэж байв. Ланти хэмээх жижигхэн омогт харьяалагддаг ерөнхий сайд энэ зорилгодоо хүрэхийн тулд Буганда хэмээх хүчирхэг омгийн тэргүүн хаан Фреддиг Ерөнхийлөгч болгожээ. Тэр үед Угандад 40 гаруй омог байв. Харин бугандачууд өөрсдийгөө нийгмийн шилмэл хэсэг гэж үздэг. Бусад омгийнхон ерөнхий сайддаа итгэл алдарч эхлэв. Оботе энэ байдлыг соргог мэдэрч, Фредди хааны бүрэн эрхийг бага багаар хязгаарлах бодлого барьж эхэлжээ.1966 онд Буганда омгийнхны төлөөлөгчид Оботег албан тушаалаас нь зайлуулах томоохон кампани зохион байгуулав. Оботе армийн командлагчийн орлогч Иди Аминыг хүнд байвал зохих гол шинж чанаруудыг хадгалсан хүн гэж үздэг байв.Тэрээр Судантай хиллэдэг алс бөглүү мужийн Каква омогт төрж өссөн, хагас боловсролтой, англиар ярьдаггүй, ислам шашинтан хүн байв. Ийм хүн бугандачуудад хатуу сургамж өгч чадна гэдэг нэг л эргэлзээтэй байж.
Урд нь хааны буучийн албаны түрүүч байсан Амин Угандын хүнд жингийн боксын аварга болж байсан удаатай. Тэрээр бараг хоёр метр өндөр, нэг зуун хорин килограмм жинтэй, Угандын армийн штабын ямар ч офицероос илүү биерхүү эр байжээ.Улс орон нь тусгаар тогтнолоо зарлахаас өмнө Британийн офицер түүнийг “жинхэнэ эр хүн” гэж үнэлсэн гэнэ. Улс төр сонирхдоггүй байлаа. Тэрбээр Ерөнхий сайдынхаа даалгаврыг дор нь биелүүлэв. Хувийнхаа жип машинд 122 мм-ын пулёмет байрлуулж, Фредди хааны өргөөг чиглэв. Бугандын удирдагч ордон рүү нь дайрах гэж байгааг урьдчилан мэдээд ордноо орхин Англи руу зугтан гарчээ. Хөөгдсөн хаан удалгүй тэндээ нас барж.
Иди Амин ийнхүү Ерөнхий сайдынхаа хүчирхэг баруун гар нь болов. Мильтон Оботе итгэлт хүнтэй болсондоо сэтгэл тайтгарч, хамтын нөхөрлөлийн орнуудын бага хуралд оролцохоор 1971 оны нэгдүгээр сард Сингапур руу явжээ. Гэтэл нөгөө “баруун гар нь” түүний эзгүйд армийг шинэчилж, өөрөө улс орны шинэ эзнээр зарласан тухай радиогоор сонсоод Угандаа руу нисэхээр бэлтгэв. Британийн офицерийн тодорхойлсон “жинхэнэ эр хүн” мөн чанартаа ийм л жудаггүй нэгэн байж. Мильетон түрүүчийн хөөгдсөн ерөнхийлөгчийн замаар орохоос өөр аргагүй болов.
Амин ерөнхийлөгчийн сэнтийд луйврын аргаар гарч ирэнгүүт эхний ээлжинд дайсагналцаж буй омгуудыг эвлэрүүлэн нэгтгэхээр шийдэв. Фреддиг зугтахад нь би тусалсан гэж бугандачуудыг итгүүлж бас чаджээ. Улмаар Оботегийн үед ял шийтгүүлсэн улс төрийн хоригдлуудыг чөлөөлж, Англид үхсэн хааныхаа шарилыг нутагт нь авч ирж ёс төртэй оршуулж, улс төрийн хожоо олох арга ухаан сийлж, түүнийгээ хэрэгжүүлэв.Угандын харанхуй масс ч “Амин, Амин” хэмээн залбирах нь холгүй байлаа. Өөрт нь саад болно гэж үзсэн бүхнээ замаасаа цэвэрлэх ажилд Амин шуурхайлан орлоо.Юуны урьд өөрт нь хамгийн их аюул занал учруулж болох Угандын армийн офицеруудын учрыг олох арга саам эржээ.Эхлээд армийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо зарлаж, дотоодын аюулгүй байдлын талаар сургалт явуулах нэрийдлээр Ланги, Ачоли омгийн төлөөлөгч 36 ахлах офицерийг Макиндил шоронд яаралтай ирэхийг тушаав.
Офицерүүд тун дургүй байсан боловч засгийн газрын бүрэлдэхүүнд зөвхөн улс төрчид төдийгүй, бас цэргийнхнийг оруулж юуны магад гэж итгээд уг шоронд товлосон цагт нь хүрэлцэн ирцгээв. Мэдээж, тэднийг камерт оруулаад жадалж орхих нь тэр.Амины цуст яргалал ингэж эхлэв. Армийн штабын дарга, бригадан дарга Сулейман Хуссейнийг өөр шоронд аваачаад толгойг нь бууны бөгсөөр цохиж алав. Хуссейний толгойг тасдан авч, Кампала дахь Амины гоёмсог өргөөнд хүргүүлэв. Ерөнхийлөгч тэр толгойг хамгийн сайн хөргөгчийнхөө хөлдөөгчинд хийв.Мбарар, Жинж хотуудын цэргийн хуарангуудад офицерийн корпусын шилмэл хэсгийнхэн жагсаал хүлээн авахаар эгнэн зогсч байхад нь урдуур нь өнгөрч явсан танкууд гэнэт эргэж, тэднийг толгой дараалан няц дарав. Бас л ерөнхийлөгчийн хийсэн ажил. Зугатсан нэгийг нь мэргэн буучид дор нь авлав.Цэргийн өөр хуарангуудад үлдсэн штабын офицерүүдийг Амины лекц сонсоно уу хэмээн хурлын танхимд урьжээ. Тэгтэл Амины оронд хар “мерседес” ирж, бүх хаалга нь гаднаасаа түгжээтэй байсан хурлын танхимын цонхоор хэд хэдэн гранат шидээд л бүх юм зүйл дуусав.
Ерөнхийлөгч Иди Амин тавхан сарын дотор Угандын ихэнх шилдэг офицерүүдийг ийнхүү бузар аргаар хөнөөв. Энэ бүхнийгээ олон нийтээс, дэлхий дахинаас тас нууж байсан нь мэдээж.Итгэлгүй офицерүүдийг цэргийн шүүхэд шилжүүлсэн, цаазаар авагдсан гэж албан ёсоор зарлав. Тэдний суларсан орон тоон дээр өөрийн Каква омгийн хүмүүсийг томиллоо. Ингээд л тогооч, жолооч, цэвэрлэгч, холбоочин байсан хүмүүс хошууч, хурандаа нар болж хувирцгаав.Амины яргаллын тухай хоёр сониуч америк хүн анх мэджээ. Нэг нь детройтын шар айргийн үйлдвэрийн баян эзний хүү, эхлээд “Филадельфия Баллетэн” сонинд, хожим нь Африкийн хэд хэдэн оронд хөлсний сурвалжлагчаар ажиллаж байсан Николас Стро, нөгөөх нь Кампала дахь Макерын их сургуулийн социологич Роберт Сидл нар байв.Мань хоёр ёстой л үлгэрт гардаг шиг аймшигт явдлын үнэн, эсэхийг нотлохоор санаа шулуудсан аж.Урьд нь танкчин байгаад командлагч болсон, хошууч Жума Айгаас Мбарарын цэргийн хуаранд ярилцлага авахыг тэдэнд зөвшөөрчээ.Нэлээд ноцтой асуулт тавиад салахгүй болохоор нь шинэ командлагч тэднийг сэжиглэж, ерөнхийлөгч Аминд утасдахад нь тэр “Ал” гэж товчхон хариу өгөв.Хоёр сэтгүүлчийг дор нь хороов.
Цагаандаа гарсан тэр командлагч хэдхэн хоногийн дараа алагдсан америк залуугийн “Фольксваген” машинаар Кампала хотын гудамжаар нааш цааш нь чөлөөтэй давхиж явсан гэдэг.АНУ-ын Элчин сайдын яам хоёр иргэнээ удтал эрсэн боловч, үр дүнд хүрсэнгүй. Амин ийнхүү Угандын армийн ноён нурууг хуга цохисныхоо дараа санаа амарч, төрийн тэргүүнийхээ хувьд гадаадад хийх айлчлалаа эхлэв.Тэр бүх эрх мэдлийг гартаа авсан гэлээ ч бэлнээр авна гэж хүссэн сая сая фунт стерлингээ Израилаас ч, Британиас ч авч чадаагүй аж. Амин бол харгис хэрцгий, аюултай хүн гэдгийг олон улсын дипломат албаныхан гадарладаг болов.Ганцхан жилийн дотор Уганда хоосрон доройтож эхлэв. Ийм үед Амин яахаа бас мэдэж байжээ. Ямар ч үнэ цэнэгүй сая сая мөнгөн тэмдэгт үйлдвэрлэхийг үндэсний банкандаа даалгав. Тэдгээр мөнгөн тэмдэгтээр эдийн засгаа аргацааж, харин доллар, стерлингийн бүх нөөцийг хувьдаа ашиглаж эхэлжээ.Кампалад савангийн хэлтэрхий зургаан фунт хүрч байв. Энэ нь кофейны тариалангийн ажилчин хүний хоёр долоо хоногийн цалинтай тэнцэх юм.Энэ үед өөр нэгэн дарангуйлагч, Ливийн хурандаа Каддафи улс орныг нь түр ч гэсэн сэхээн амьдруулахад туслахаа амлав. Каддафи тэднийг мөнгөөр тэтгэж, Амин хариуд нь Израиль, АНУ-ын эсрэг элдвээр дайрч довтлох явдлаа эрчимжүүлжээ.Барилгад ажиллаж байсан израилийн инженерүүдийн дургүй нь хүрч, барилга байгууламжаа дутуу орхиод өөрсдийн авч ирсэн бульдозерууд болон хамаг техник, хэрэгсэл, барилгын зураг төслөө аваад явчихжээ.
Тэдгээр зураг төслүүдийн дотор хожмын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн бичиг баримт ч байжээ. Энэ нь Энтеббе дахь нисэх буудал, нислэгийн радио хяналтын цамхаг, нисэх зурвасны зураг төсөл юм.Каддафийг өөрийн жинхэнэ холбоотон гэдгийг Амин нотлох гэхдээ Кампалад Палестины чөлөөлөх байгууллагын төлөөлөгчийн газрыг нээж, бүрэн эрхт дипломатын статус өгчээ. Түүгээр ч барахгүй Каддафийг хорвоод хосгүй улс төрч, аугаа их хүн болгон албан ёсоор өргөмжилж, Адольф Гитлерийг магтан алдаршуулж эхлэв.Амин бүр даварч, Кампала хотын тавд Гитлерт зориулсан дурсгалын цогцолбор босгох төсөл боловсруулахад нь африкийн энэ жижигхэн оронд асар их гай зовлон, аюул нүүрлэснийг бүх дэлхий ойлгож эхлэв. Үүнийг нотлох гэж төвөг удсангүй.Ливийн материаллаг тусламж Амины толгойг бүрмөсөн эргүүлж орхив. Өөрийн талын гэгдэх хэдэн зуун шилмэл хүмүүсээр цагдаагийн шинэ байгууллага, улсын мөрдөх товчоог байгуулав.Лондон, Парижаас авч ирсэн үнэт машин, видеомагнитфон, хувцсаар өөрийн туслагчдын итгэлийг худалдан авлаа. 1972 оны наймдугаар сарын 1-ны халуу шатсан орой ерөнхийлөгч Амин Энтеббе дэх өргөөндөө зочдыг хүлээн авчээ.Амин гэнэт ширээний араас босч, гал тогооны өрөөнд ороод удалгүй бригадын дарга агсан Хуссейний мөсдөж хөлдсөн толгойг барьсаар ороод ирэв. Тэр уурандаа нөгөө толгойг аль муугаар харааж, нулимаж, хутга зоож, тэгснээ “явцгаа” гэж зочдод тушаажээ.Хоёр өдрийн дараа ерөнхийлөгч Дорнод Угандад гэнэт ирэв. “Бурхан зүүдэнд минь ирж, худалдаачид, эмч, сувилагч голдуу Ази гаралтай Угандын тавин мянган хүн улс орны чинь эдийн засгийг тамирдуулж байна” гэж хэллээ хэмээн есөн сарын дотор Угандаг орхин гарахыг тэдэнд тушаажээ.
Энэ тушаалаа гурван сарын турш радиогоор байнга давтан нэвтрүүлсээр байв. Хэдэн үеэрээ Угандад амьдарч ирсэн Ази хүмүүс айж сандран гэр орон, дэлгүүр хоршоо, тариалангийн талбайгаа орхин зугтсаар байв. Мөн оны арваннэгдүгээр сард Амин өөрийн талын хүмүүстээ хандаж, аль дуртай бизнесээ эрхэлцгээ гэв.Өөрийн нь гарын дор ажилладаг улсын мөрдөх товчоо эм найруулагч, мэс засалч, мөн товчооны тусгай алба, хэлтсүүд янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүсээр дүүрч, дэлгүүрийн лангуу хоосрон улс орон тэр аяараа модоо барих нь тэр.Мөрдөх товчооны ажилтнуудын цалин хөлсийг өгөх хэрэгтэй боллоо. Амин нэг арга бодож олов. Энэ нь түүнд үлдсэн эцсийн арга болох эх орон нэгтнүүдийнхээ цусыг дахин урсгах явдал байв. Тэгэхдээ зөвхөн ашиг хонжоогоо бодож, хүнийг цааш харуулахыг алуурчдадаа зөвлөжээ.Нас барсан төрөл төрөгсдийнхөө шарилыг авахын тулд эцсийн сохор зоосоо ч хайрладаггүй угандачуудын зан үйлийн уламжлалыг Амин тооцоолсон аж. Мал хариулж яваад осолдсон юм уу, Нил мөрөнд живж үхсэн хүмүүсийн цогцсыг эрж олсныхоо төлөө мөнгө авдаг “цогцос эрэгчид” угандын олонхи омгуудад байдгийг ч Амин бас бодолцож үзсэн нь мэдээж.Улмаар улсын мөрдөх товчооныхон тэр аяараа албан ёсны алуурчид, “цогцос эрэгчид” болж хувирах нь тэр.Импортын машин хөлөглөсөн тэдгээр алуурчид Кампалагийн гудамжаар өөд уруугүй сүлжилдэн өнгөтэй өөдтэй харагдсан бүхнийг баруун зүүнгүй баривчилж эхлэв. Ерөнхийлөгчийн ордонтой залгаа штабдаа тэднийг аваачин хайр найргүй яргалан хядна.
Товчооны гурван давхар байшингийн хонгил хүүрээр дүүрч, таны төрөл садны хүн манайд баривчлагдсаныхаа дараа гэнэт алга болсон, харамсалтай нь цогцос нь олдлоо гэсэн хуурамч мэдээллийг гашуудан эмгэнэж байгаа эцэг, эх, төрөл төрөгсдөд нь илгээдэг аж.Нэг цогцсыг олсны хөлс нэг зуун тавин фунт, хэрэв мөнгөгүй бол аль үнэтэй цэнэтэй бүхнээ улсад өгөх ёстой гэж Амин тушаажээ.Шарил авахаар ирсэн эцэг, эх, өвгөд, эмгэд, хүүхэд багачуудаас мөнгө, алт, эрдэнэсийг нь салгаж авангуут тэднийг Кампала хотын захын зэлүүд ойд аваачаад бөөнөөр нь хоморголон хядчихдаг болов. Дов толгод, гуу жалга, бут, хаана л бол хаана үжирч муудсан хүүр.Эзэнгүй цогцсуудыг Виктория нууранд хаячихдаг тул мянга мянган цогцос урсгалд туугдан Оуэний хүрхрээний усан цахилгаан станцын усны шүүлтүүрийг бөглөчихдөг байсан юмсанж.Мөрдөх товчооны байшинд буун дуу тасрахгүй болохоор нь зэргэлдээ байсан Францын элчин сайдын яамныхан унтаж амрах аргагүй боллоо гэж Аминд гомдол мэдүүлэв.Улсын мөрдөх товчооны дарга болохоосоо өмнө нэхмэлийн фабрикийн манаачаар ажиллаж байсан хүнийг эрүүдэн тамлах аргаар зард гарсан, дэслэгч Айзек Малиамунгутай ерөнхийлөгч Амин уулзаж, тамлан зовоох аргаа улам нарийсгах, тэгэхдээ “цэвэрхэн” хийх талаар зөвлөгөө өгөв. Энэ нь баривчлагдагсдыг нэг нэгээр нь камерт хорьж, нэгийг нь нөгөөгөөр нь хөнөөлгөх арга юм.Баривчлагдагсдын нэгэнд нь очоод зургаан килограмм жинтэй төмрийн дархны алхаар нөгөөгийнхөө толгойг цохиж албал чамайг чөлөөлнө гэх жишээтэй. Хэрэв зөвшөөрвөл үүнийхээ “шанг” дараа нь өөрөө хүртэх жишээтэй. Энэхүү нууц ажиллагаанд хүчирхийллийн амтанд орсон ерөнхийлөгч биеэр оролцож байсан удаатай.1974 оны гуравдугаар сард мусульманчуудын баярын дараахан ерөнхийлөгч Амин дотоод хэрэгт нь оролцсон гэдгээр шалтаглан дөрвөн эхнэрийнхээ гурваас нь салж, ордноосоо хөөжээ.
Гурван сарын дараа тэдний нэг, залуу бүсгүй Кай Амин Кампала дахь өөрийн байрандаа үр хөндүүлэх гэж байгаад цус алдаж нас барав. Уур хилэнгээ барьж ядсан Амин цогцос хадгалах өрөөнд орж, эхнэрийнхээ цогцыг харж зогссоноо цаашид хэрхэхийг мэс засалчдад тушаагаад гарч одов.Амин цагийн дараа бага эхнэр Сара, зургаан настай хүү Амегу Амин, отгон хүү Кай нарыг дагуулсаар цогцос хадгалах өрөөнд орж ирээд, “Кай бол хорон санаат эмэгтэй байсан. Тийм хүн эцэстээ юу болдгийг харцгаа” гэжээ. Кай бүсгүйн биеийг эвдэж мэс заслын ширээн дээр тавьжээ.Гар, хөл, толгойг нь огтолж салгасан байв. Толгойг нь цээжин дээр нь уруугаа харуулан тавьж, хоёр хөлийг нь мөрөнд нь наалдуулан, хөл таазны нь оронд хоёр гарыг нь тавьсан байсныг тэд хараад нүүр буруулцгаав.1976 оны зургадугаар сарын 28-нд “Эйр франс” компанийн онгоцыг палестины алан хядагчид барьцаалан Энтеббегийн нисэх онгоцны буудалд газардуулав.Онгоц Парижийг зүглэн нисэв. Онгоц замдаа Афинд газардсаны дараа Уганда руу нисэхийг алан хядагчид шаардав. Онгоцонд гурван зуу гаруй зорчигч байжээ.Гитлерийг шүтэн бишрэгчдэд барьцаалагдсан тэдгээр зорчигчдод амьд үлдэх найдлага бүрмөсөн тасарч байгааг Африкийн энэ аймшигт орны нийслэлд ойртон ирэхдээ тэд ухаарчээ. Энэ мөчөөс эхлэн Уганда бүх дэлхийн анхаарлыг татаж эхлэв.Харин Амин энэ бохир ажиллагааг анхааралтай харж байв. Хэрэв Израиль болон Европын шоронгуудад хоригдож буй палестины 53 хоригдлыг яаралтай суллахгүй бол бүх зорчигч 48 цагийн дараа үхнэ гэж Амины оролцоотойгоор бэлтгэсэн алан хядагчдын мэдэгдэлд дурджээ.Хэлэлцээ удтал үргэлжилсний эцэст тулган шаардсан хугацааг долдугаар сарын 4 хүртэл хойшлуулж, европ гаралтай иргэдээс бусдыг нь чөлөөлөв. Барьцаанд үлдэгдсдийг буудлын том танхимд оруулж, буу зэвсэгтэй алан хядагчид хатуу чанд харгалзав.Тулган шаардах хугацаа дуусахаас хоёр өдрийн өмнө Британи Израилийн гэсэн хоёр харьяалалтай Лондоны иргэн Дора Блош хэмээх ахимаг насны эмэгтэйн бие тавгүйтэн ухаан алдахад онгоцны буудлаас 32 км-ийн зайтай байгаа Кампала хотын эмнэлэгт хүргэжээ.Энэ түгшүүрт өдрүүдэд ерөнхийлөгч Амин, алан хядагчдын аль алиныг телевизээр байнга харуулж байлаа. Энэ үед урьд нь Угандагийн нисэх онгоцны буудлын барилгыг барьж байсан инженерүүд архиваас зураг төслөө гаргаж, барьцааны хүмүүс буудлын чухам аль хэсэгт нь хоригдож байгааг тэр дор нь мэдэж авчээ.Олон улсын тусгай албаны нэгдсэн хүч дорнод Африкийн эргийн дагуу нууцаар байрлаж амжив. Долдугаар сарын 3-ны шөнө дунд өнгөрсөн хойно дотроо аврах албаны хүмүүсийг суулгасан Израилийн агаарын цэргийн хүчний нисэх онгоц Виктория нуурын дээгүүр гэнэт нисэн гарч ирлээ. Барьцааны хүмүүсийн байгаа буудлын хананы дэргэд онгоц газардав.Израилийн аврах албаныхан цаг хүрэхгүй хугацаанд барьцааны хүмүүсийг бүгдийг нь аварч, Иди Амины армийн 20 цэрэг, алан хядагчдын долоон хүүрийг орхин, амь үрэгдсэн хоёр хүнийхээ шарилыг аван агаарт хөөрчээ.Харин айж түгшсэн Дора Блош Кампалагийн эмнэлэгт үлджээ. Амин түүнд хамаг уур хилэнгээ гаргахаар шийдэв.
Аврах үйл ажиллагаа болоод 16 цаг өнгөрсөн хойно хатагтай Блоштой уулзахыг Британийн тусгай, бүрэн эрхт төлөөлөгч Питер Чандлид зөвшөөрөв. Питер Чандли эмнэлэгт очиж, айж сандарсан авгайг тайтгаруулаад идэш уушны юм олж ирэхээр түүнийг түр орхин гарав.Тусгай, бүрэн эрхт төлөөлөгч эмнэлгээс түр гарах зай сиймхийг ашиглан Улсын мөрдөх товчооны хоёр төлөөлөгч хатагтай Блошийн палатад орж буу тулган гуравдугаар давхрын шатаар түүнийг бууны амаар нудчин буулгав. Хагас цагийн дараа суманд сийчүүлсэн түүний цогцсыг Кампала хотын захын элсэрхэг газар хаяжээ.Британийн төлөөлөгч эмнэлэгт эргэн ирэхэд нь хатагтай Блош нэг өдрийн өмнө эмнэлгээс гарч, Энтеббе рүү агаарын дайралт хийхээс өмнө нисэх онгоцны буудалд хамгаалалттай хүргүүлсэн гэж Амин түүнд мэдээлжээ.1979 оны дөрөвдүгээр сард ерөнхийлөгч Амин өөрийн цуст яргаллаас олон түмний анхаарлыг хөндийрүүлэх зорилгоор өмнө зүгээс, хөрш зэргэлдээ Танзаниас Угандагийн хил зөрчин халдлага хийх гэж байгаа тухай домог зохиов.Тэрбээр олон түмнийг үүнд итгүүлэхийн тулд халдан түрэмгийлэгчдийн довтолгоог няцааж байгаа нэрийдлээр тодорхой тооны цэрэг илгээж, Танзанийн хилийг зөрчихийг тушаав.
Танзанийн Ерөнхийлөгч Жулиус Нирере энэхүү өдөөн хатгалыг тэвчсэнгүй.Танзанийн армийн дайчид тэдэнд хариу цохилт өгч, давшилтаа үргэлжлүүлэн угандагийн нутагт цөмрөн оржээ. Кампалад ойртон айсуй Танзанийн дайчдыг угандачууд халуун дотно тэврэн угтацгаав.Иди Амин арга мухардахдаа, Оуэний хүрхрээний ойролцоох Жинжа хотыг хамгаалан эцсээ хүртэл тулалдахыг өөрт нь итгэлтэй гэгддэг цэргийн анги нэгтгэлүүдэд тушаав.Гэвч нэг ч цэрэг ерөнхийлөгчийнхөө тушаалыг биелүүлсэнгүй.
Иди Амин өөрийн үнэнч холбоотон гэгддэг Каддафийн талынхны хамгаалалтад хувийнхаа нисэх онгоцоор Ливид зугтан гарав.Угандагийн аймшигт дарангуйлагч агсан тэрбээр таван жилийн дараа мусульман захирагчдын нэр нөлөө бүхий зочин гэсэн нэрээр Саудын Арабын тансаг зочид буудалд шилжин суурьшиж, элбэг дэлбэг, тав тухтай амьдарч байсан гэдэг!Ерөнхий сайд Мильтон Оботе Кампала хотдоо эргэн ирж, засгийн газрыг дахин толгойлов. Энэ үеэс эхлэн Оуэний хүрхрээний далангийн генератор дахин гацахаа болив. Виктория нуурын матрууд ойролцоо намаг дахь шувуудын өндгөөр хооллодог болсон түүх ийм буюу.