М.Энхболд: 2010 он амаргүй жил байлаа
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд “Өнөөдөр” -ийн алдартан болсон билээ.
-Та манай шалгаруулалтын 10 жилийн түүхэнд 10 дараалан шалгарсанд баяр хүргэе.
-"Есөн алдартан"-ы нэгээр шалгарсандаа их баяртай байна. Би төрийн хариуцлагатай алба хашдаг хүн. Хашсан албандаа, оногдсон үүрэгтээ эзэн байж чадахыг хичээдэг. Үүнийг маань Монголын ард түмэн, "Өнөөдөр"-ийн уншигчид үнэлдэг юм байна. Танай сонины уншигчид, хамт олон, удирдлагад, энэхүү арга хэмжээг анх санаачилсан хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. 2002 онд "Өнөөдөр" сонин энэ арга хэмжээг анх зохион байгуулах үед шинэ жил, Цагаан сараар Оны алдартнуудыг шалгаруулах олон арга хэмжээ болдог байлаа. Тэр дундаас "Өнөөдөр" сонины Алдартан шалгаруулах арга хэмжээ олны талархалд багтаж үлдэж чаджээ. Арван жилийн өмнө есөн хүн шалгаруулж байсан, одоо ч есийг шалгаруулж байна. Шалгаруулах арга нь ч 10 жилийн турш өөрчлөгдсөнгүй. Тэгсэн хэрнээ энэ арга хэмжээ хүмүүсийн анхаарлын төвд байсаар л байна. Энэ бол танай шалгаруулалтын чанар чансаа, нэр хүндийг илэрхийлж байгаа хэрэг.
-Улсын онцгой комиссыг толгойлно гэдэг амаргүй ажил биз?
-Юу шийдэх ёстой вэ гэдгээ зөв тодорхойлж, гаргасан шийдвэрээ хэрхэн хэрэгжүүлэх талаар шуурхай, хариуцлагатай хандах хэрэгтэй байдаг. Улсын онцгой комиссын шийдвэр зүгээр нэг даалгавар биш. Заавал хэрэгжиж байж тухайн хүндрэл бэрхшээлийг давах учраас ихээхэн хөдөлмөр, цаг хугацаа, хариуцлага шаарддаг.
Бар жилд Монголд эдийн засаг өсөж, том том хөтөлбөр, төслүүд хэрэгжиж эхэлсэн амжилт байгаа боловч олон арван мянган мал хорогдож, олон мянган айл амьжиргааны эх үүсвэрээсээ салсан амаргүй жил байлаа. Ард түмний нуруун дээр ирсэн энэ ачаанаас үүрэлцэх нь төрийн үүрэг. Төр энэ үүргээ зохих хэмжээнд гүйцэтгэсэн. Нөгөө талаар бар жилд бизнесийн орчныг шинэчлэх талаар Засгийн газар тодорхой зорилт дэвшүүлсэн.Миний хувьд эрхэлдэг салбарынхаа хүрээнд хоёр асуудлыг гол болгож ажиллалаа. Нэгд, хүнд суртал үүсгэж, чирэгдэл учруулдаг 101 зөвшөөрлийг хүчингүй болгож, 10 зөвшөөрөл олгох журмыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шилжүүллээ. Хоёрт, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулсан. Энэ бүхэн бизнес эрхлэгчдэд их тус болсон байх аа.