Абдулла хааны олигархийн засаглал давтагдашгүй
2011.01.03

Абдулла хааны олигархийн засаглал давтагдашгүй

Абдулла хаан тархай бутархай байсан арабуудыг нэгтгэн өөрийн улсыг байгуулж, дэлхийд давтагдашгүй олигархийн засаглалыг бий болгосон нь онцлог юм.


Олигархийн засаглалтай улс өнөөдөр дэлхий дээр ердөө хоёрхон буй. Албан ёсоор "Олигархийн засаглалтай" хэмээн нэрлэгддэг тэдгээр улсууд нь Саудын Араб, БНАСАУ. Тус хоёр улсын нийтлэг шинж эрх баригчид нь үе дамжин төрийн тэргүүн болдогт оршино.Гэхдээ нийгэм болоод улс төрийн тогтолцооны хувьд эрс тэс ялгаатай. Умард Солонгос улс социалист засаглалтай бөгөөд нийгэм нь тийм ч нээлттэй бус. Хэний ч өөдөөс гар зангидсан хариу өгч хөмсгөө атируулж байдаг догшин байрын Засгийн газартай бөгөөд энэ нь ч тус улсын хувьд давуу тал болсон гэлтэй. Ким овогтынхон Пхеньяныг хоёр үеийн турш удирдан жолоодож, өөрсдийгөө хүчирхэгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийж, "Социалист, дарангуйлагч" гэх мэтээр элдвээр дуудуулдаг нь нууц биш.

Солонгосын дайны дараа Солонгосын хойг хоёр хэсэгт хуваагдаж, умардынхан Оросын талыг баримталсан социалист улс болов. Харин өмнөдийнхөн Америкийн талыг барьж, ардчилсан улс болсон. Анх Умард Солонгосын хөгжил бүх талаараа өмнөдийнхөөс илүү байсан гэдэг. 1960-аад оны үеийн Сөүлийн лидерүүд Умардыг гүйцэх бодлого хэрэгжүүлснээр хөгжлөөрөө даван гарчээ. Харин Умард Солонгос зүгээр суулгүй зэр зэвсгийн хүчээ зузаатгах бодлого баримталж байсан нь тус улсыг шүүмжлэлийн бай болголоо. Цөмийн хөтөлбөр сүүлийн хэдэн жилийн турш Пхеньяны чихнээс хонх зүүж, дэлхий нийтийн аюулгүй байдалд заналхийлэгч гэх мэтээр янз бүрээр хэлүүлж буй. Тус улсын Засгийн газар цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд бүхий л боломж бололцоогоо дайчилсны хүчинд батлан хамгаалах салбараа хүчирхэгжүүлж, дээр хэлсэнчлэн хэний ч өөдөөс гар зангидаж чадахаар болсон нь тэдний олз гэлтэй.

Энэ нь их гүрнүүдийн дээрэнгүй үзлийн эсрэг тавих найдвартай хамгаалалт гэж ажиглагчид үздэг. Гэвч хүний эрхийн асуудал хавчигдмал байдаг нь нийгмийн болон хүн ардын амьдралын түвшин доройтох зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгосон байна.Аливаа улсад цэргийн эрх,нэг хүний дарангуйлал тогтох болон түүний удмынхан үе дамжин төр барих, эсвэл аль нэг улс төрийн хүчин дангаар засаглал тогтоохыг олигархийн засаглал гэж үздэг.Ийм засаглал тухайн улсыг дээш нь гаргах тохиолдол байдаг ч улам дордуулсан тал олон бий. Бирмийн цэргийн эрх баригчид муу олигархи засаглалын тоонд багтжээ.

Генерал He Вин 1962 онд улс орныхоо эрх мэдлийг гартаа оруулснаар өнөөгийн хатуу чанга дэглэмтэй Бирм улс бий болсон юм. Аливаа олигархийн засаглалтай оронд улс төрийн тэмцэл арай намжмал байгаа нь ажиглагддаг ч Бирмийн хувьд харин ч дотоодын эцэс төгсгөлгүй хямралыг бий болгожээ. Цэргийн дарангуйлагчид улс төрийн зөрчлийг хүчээр дардаг ч үндэстэн хоорондын буюу үймээн самууныг хэрхэн намжаахад толгойгоо гашилгаж сууна.

Манай оронд ардчилсан хувьсгал эхэлсэнтэй зэрэгцэн 1989 онд Бирмд ардчиллын төлөө хөдөлгөөн идэвхжиж, олон зуун мянган хүн оролцсон жагсаал цуглаан зохион байгуулагджээ. Гэвч энэ нь цуст аллагаар дууссан бөгөөд цэргийнхэн улсдаа Мьянмар хэмээх нэрийг өгсөн ч олон улс зөвшөөрсөнгүй. Харин ч дэлхий нийт ардчилсан замаар замнахыг Рангүүнээс шаардаж байв. Олон улсын байгууллагууд Рангүүнд хатуу анхааруулга хүргүүлж,НҮБ хориг арга хэмжээ авч,хэд хэдэн удаа чангатгасан байх юм.

Шинэ Мьянмарын олигархиудын засаглалын эрх мэдэл хэрээс хэтэрч ардчилсан нийгмийг дээдлэгчдийг нухчин дарсан бөгөөд эрх чөлөөний төлөө тэмцэгч Ан Сан Суу Кий хохирогчдын гол төлөөлөл болсон билээ. Олигархиудаас дажгүй сайн нэртэй яваа нь Саудын Араб улс юм. Тус улс Арабын ертөнцдөө хамгийн том газар нутагтай нь бөгөөд хамгийн хүчирхэг нь. Нэг үгээр Араб дотроо их гүрэн гэж болно.

Хаан Абдуллын гэр бүл үе залгамжлан тус улсыг удирдаж байгаа. Абдулла хаан тархай бутархай байсан арабуудыг нэгтгэн өөрийн улсыг байгуулж, дэлхийд давтагдашгүй олигархийн засаглалыг бий болгосон нь онцлог юм. Риядын хаад үеийн үед барууны талыг баримталж ирсэн нь Умард Солонгосоос ялгарах гол давуу тал бөгөөд сайн нэр зүүх нэг шалтаг нь болжээ. Газрын тос, алтаар хөлжсөн тус улсын хамгийн баян хүн нь хаан Абдулла бөгөөд хөрөнгө чинээ нь 20 тэрбум ам долларт хүрдэг аж. Хэрэв тус улсыг хааны гэр бүлийнхэн удирдаж, нөөц баялгаа өөрсдийн мэдэлд авч, зөв бодлогоор хөгжүүлээгүй бол Саудын Араб өнөөдрийн түвшинд хүрэхгүй байх байжээ. Олигархийн засаглал үр өгөөжөө өгсөн цорын ганц улсаар Саудын Арабыг нэрлэхэд хилсдэхгүй гэж шинжээчид онцолжээ. Могул, магнат, олигархи гэх зэргээр нэрлэгддэг бизнесийнхэн буюу тэрбумтнууд ч улс төрд оролцох нь цөөнгүй байх болов.

ОХУ-ын олигархи бизнесменүүд улс төрд орох нь элбэг үзэгдэл. Тэд аль нэг яамны буюу өөрсдийн эрхэлж буй бизнестэй холбоотой салбарт сайд болон суух бөгөөд улсынхаа гадаад болон дотоод худалдааг дээд цэгт нь тултал хөгжүүлж, дэлхийд ноёрхлоо тогтоож чадсан улс. Оросын олигархиуд Засгийн газар,Төрийн думын шийдвэртээ ч нөлөө үзүүлж чаддаг юм.Харин сүүлийн үед тус улсын Засгийн, газар тэр тусмаа Ерөнхий сайд И.Путин олигархи улстөрчдийн эсрэг тэмцэл өрнүүлж эхэлсэн гэж болно.

М.Ходорковский тэргүүтэй хэд хэдэн олигархи бизнесменүүд улс горчид хууль бус үйл ажиллагаа болон татвараас зайлсхийсэн гэх үндэслэлээр буруу шаагдаж, баривчлагдаж өнөөдөр ч гэсэн энэ хэрэг шүүхийн шатанд үргэлжилсээр байгаа юм. Зарим албаны хүмүүсийн мэдээлж буйгаар И.Путин Ерөнхийлөгч байхдаа Засгийн газрын олигархи гишүүдийн нэр нөлөө өсөж буйд санаа зовж, өөрөөс нь илүү гарах вий гэсэндээ хөлийг нь тушсан аж. М.Ходорковскийг сөрөг хүчний коммунист нам болон Яблоко намыг дэмжсэнд нь өширхөж, ийнхүү зохиомол хэрэг тулгасныг өнгөрсөн долоо хоногт байгуулагдсан ард түмний эрх чөлөө намын үүсгэн байгуулагчдын нэг Михайл Касьянин баталдаг аж.

Оросын Засгийн газар улс төрд идэвхийлэн оролцож буй олигархи бизнесменүүдийнхээ эсрэг тэмцэж эхэлсэн бол АНУ-д олигархиуд нь төр засгийнхаа эсрэг тэмцэж эхэллээ. АНУ- ын сенатын завсрын сонгууль өнгөрсөн сард болсон бөгөөд энэ үеэр улс төрийн манлайд гарахын төлөөх тэмцэл нэлээд ширүүссэн.Б.Обамагийн Засгийн газар өмнөx Ерөнхийлөгч асан Ж.Бушийн гадаадад явуулж байсан дайныг үргэлжлүүлсэн бөгөөд тус улсын эдийн засаг доройтсон нь Б.Обамагийн алсыг хараагүй бодлогын үр дүн гэж эдийн засагчид тайлбарладаг. Тиймээс тус улсын тэр бумтнууд Б.Обамагийн эсрэг нэгдэж эхэлсэн юм. Үүний хүчинд Бүгд найрамдах намынхан өнгөрсөн завсрын сонгуульд ялалт байгуулав. Харин Б.Обамаг дэмжсэн тэрбумтнуудын бүлэглэл байсан ч тэдний хамгаалалт тус болсонгүй.

АНУ-ын төдийгүй дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг үл хөдлөхийн могул буюу бидний хэлж заншсанаар энэ салбарынхаа олигархи Дональд Трамп 2012 онд Ерөнхийлөгчид өрсөлдөхөө амласан. Тэрбээр эдийн засгийн асуудлаар дөрөө хийж, улс төрд орсноор эрх мэдлээ улам нэмэхийг зорьж байгаа аж. АНУ-ыг Хятадын бараанаас чөлөөлж, хүчирхэг эдийн засагтай гүрэн болгох нь Ерөнхийлөгч болохын зорилго хэмээн тэрбээр хэлж байсан билээ. Нэг ёсондоо АНУ хоёр жилийн дараа олигархи Ерөнхийлөгчтэй болж, тэрбумтнуудын сэтгэлгээгээр улс төр явагдах бололтой. Оросын Засгийн газар улс төрд идэвхийлэн оролцож буй олигархи бизнесменүүдийнхээ эсрэг тэмцэж эхэлсэн бол АНУ-д олигархиуд нь төр засгийнхаа эсрэг тэмцэж эхэллээ.


Эх сурвалж: Улстөрийн тойм

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.