Шинэбаяр хэмээх шинэ үзэгдэл
ДОРНОДЧУУДАД БЭЛЭГЛЭСЭН ЗАЙСАН ТОЛГОЙ
2010 онд хэвлэл мэдээлэл болоод олон нийтийн анхаарлын төвд байсан улстөрч бол УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр. МАН-ын удирдлагын зүгээс түүнийг нухчин дарах гэсэн оролдлого хийх тусам тэдгээр нь эерэг энерги болж олон нийтийн анхаарлыг татаж байв. МАН-ын удирдлага асар их зардал гарган Ц.Шинэбаярыг рекламдсанаа сая л ухаарч, тактикаа өөрчлөн аргадах, гуйх аргад шилжээд байгаа билээ.
"Жин явж байна, жингэр хуцаж л байг" гээд зөнд нь хаячих гэхээр одоогоор арван мянган гишүүд дэмжигчийг нь "булаагаад" байгаа энэ нөхөртэй 2011 онд ч гэсэн тулж ажиллах биз. 2010 онд тодрон гялалзсан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярынд өнжихөөр шинэ оны эхний өдөр очлоо.
Тэднийх УИХ-гишүүн Р.Гончигдорж, Д.Одхүү, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга нарын амьдардаг "Андууд" хотхонтой хаяа нийлэн харагдах хоёр давхар хауст амьдардаг юм байна.
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр гэргий Ж.Сайнтуяа хоёр угтлаа. Дөрвөн хүүхэд нь АНУ, Хятад, Англи улсад сурч байгаа учир ийнхүү хоёулаа байгаа аж. Эднийх 300 метр квадрат байртай. Илүү дутуу чамирхал, уран зураг, хивс энэ тэр алга. Цонхон дээгүүрээ өнгө өнгийн цэцэг тарьсан байх агаад помидор, хадтай төстэй жимс ургасан харагдах нь сонин. Нэг давхартаа зочдын өрөө, гал тогоо, хоёр давхартаа ажлын өрөө, унтлагын өрөө, дороо саун, гарааштай.
Ц.Шинэбаяр хотын төвд бас байртай. Гэр нь Дорнод аймагт байгаа гэж байна. УИХ-ын гишүүн болж анхны нүүдлээ хийсэн гэнэ. Улс төрөөс өмнө өөрийнхөө амьдралыг төвхнүүлчихсэн нэгэн аж. Тийм ч учраас "Энэ улс төр чинь амьдрал юм уу. УИХ-ын гишүүн биш боллоо гээд гудамжинд гарах уу" гээд байдаг бололтой. "Бодит байдлаас доогуур хуримтлал байх ёсгүй" гэж гэрийн эзэд ярина. Тэгэхээр үнэтэй эдлэл хэрэглэх, гоёж гангалахаас илүү хурааж хуримтлуулахыг илүүд үздэг байна.
Хаашаа л харсан өндөр байшин, утаа униар, замын бөглөрөл тал нутгийн хоёрт тээртэй, түвэгтэй санагддаг байж. Өндөр уул нь нүдэнд тулаад нэг хэсэг идээшихгүй байсан ч өдгөө дасаад байгаа гэнэ. Нутгийнхаа сүү цагаан идээ, жимс ногоог өглөө болгон хэрэглэж уул усандаа цайныхаа дээжийг өргөх нутаг амьтай улс юм.
Энэ хоёр өглөө эрт зургаан цагт Зайсан толгой дээр гарч шинэ оны нар хараад иржээ. Утаа униаргүй дүүрэн нар мандсанд гэрийн эзэн ихэд бэлгэшээж байгаа аж. Тэрээр Зайсан толгойг Дорнод аймгийн нутаг дэвсгэр гэж үздэг юм байна. Ингэж үзэх болсон шалтгаан нь наймдугаар богд Жавзандамба 1890 оны үед Сэцэнхан аймгийн Ачит бээсийн хошууны Засаг ноён буюу одоогийн Дорнод аймгийнханд Зайсан толгойг бэлэглэсэн гэнэ. Тийм учраас Дорнод аймгийнхан Зайсан толгойг өөрийн нутаг хэмээн эргэж тойрч, шүтэж явдаг бололтой.
ҮХЭР ОГДОЙН АНЧИН
Ц.Шинэбаярын бага нас Онон, Улз голын завсар байрлах Баян-Уул сумын Эрээн хороонд өнгөрчээ. Эхээс арван гурвуулаа. Аав ээж нь мал маллаж, ан гөрөө хийдэг хүмүүс байсан гэнэ. Тийм ч учраас Ц.Шинэбаяр найман настайгаасаа эхлээд ан хийдэг байж. Нэгдүгээр анги төгсөх жил нь зурам, үхэр огдойн арьс бэлдэх даалгавар ирсэн байна. Тэрээр даалгавраа давуулан биелүүлж илүү гарсан арьсаа ном дэвтрээр сольсон гэнэ.
Үхэр огдойгоос эхэлсэн ан гөрөө нь тарвага болон өргөжсөн аж. Мань эр сум аймгийн ангийн төлөвлөгөөг олон жил биелүүлжээ. Өдөрт голдуу хавхаар 30-40 тарвага агнаж 250-400 арьс бэлддэг байсан гэнэ. Ц.Шинэбаяр "1990 оноос хойш нэг ч тарвага агнаагүй. Би ан гөрөөг зугаацах, цэнгэх гэж хийдэггүй байсан. Амьжиргаандаа нэмэр болгох гэж ан хийдэг байлаа. Соц нийгмийн үед наймдугаар сард амралтаа аваад ан хийж 2000 төгрөг олдог байсан. Тэр чинь их мөнгө байлаа" гэв. Мөн тав, зургадугаар ангид байхдаа л албан байгууллагуудын түлээ хөрөөдөөд 40-50 төгрөг олчихдог байж.
Түүнд одоо аавынх нь калибр, хавх хоёр хадгалагдаж байдаг гэнэ. Поотуу хэмээх хятад хар хавхаа өмтэй гэж ярив. Өдөрт гурван тарвага орчихдог, ямар ч үед хоосон бууж үзээгүй хавх гэнэ. Эднийх сумын төв дээр хоёр үнээтэй байж. Нэг удаагийн саалтад нэг үнээ л арван литр сүү өгдөг учраас арван хүүхэд 20 литр таргийг өглөөнөөс орой болтол уудаг байсан гэнэ. Ц.Шинэбаяр "Тэр хоёр үнээ байгаагүй бол бидний амьдрал ямар ч байх байсан юм билээ" гэж байв.
Зунжин хөл нүцгэн гүйж, сургууль цуглах үеэр гуталтай золгодог хүүхдүүд байж. Аав нь дөрөв, ээж нь долдугаар ангийн боловсролтой. Ээж нь сумын ойдоо бэлэг барих үүднээс Шинэбаярыг наймдугаар ангийн сурагч байхад оройгоор долдугаар анги төгсч байж. Ээжийнхээ хичээлийг давтуулах, туслах үүргээ хүү нь сайн биелүүлсэн учраас онц дүнтэй төгссөн гэнэ.
Харин аав нь "Та хичээл номдоо шамдахгүй бол над шиг хүн болно" гэж өөрөөрөө жишээ татдаг хүн байжээ. Хүүхдүүд нь амьдралын төлөө зүтгэх зан чанарыг нягтлан бодогч ааваасаа авсан болов уу. Тийм ч учраас Ц.Шинэбаяр баяр ёслолд тийм ч дуртай биш. Шинэ жилээр л гэхэд МАХН-ын түр штаб дээрээ шампанск буудуулаад өнгөрчээ. 30 гаруй байгууллага шинэ жилдээ урьсан ч цагийн гарз, үргүй зардал гээд очсонгүй.
Ц.Шинэбаяр: С.БАТБОЛД ЮУНДАА БАЯРЛААД БАЙГАА ЮМ БЭ
Дорнод аймгийн Чойбалсан суманд арван жилийн сургуулиа төгсөөд ТИС-д суралцахаар иржээ. Суралцах хугацаандаа бүх нийтийн үйлс намрын тариа хураалт дээр Багшийн дээдийн оюутан Ж.Сайнтуяатай танилцаж гэр бүл болжээ. Ц.Шинэбаяр сургуулиа төгсөөд нутагтаа очиж Дорнод аймгийн цахилгаан станц, Ж.Сайнтуяа худалдаа бэлтгэлийн трестэд эдийн засагчаар ажилласан гэнэ.
Анхны цалин, анхны хүүхэд, анхны шагнал, анхны бизнес гээд алдаа багатай амьдралын түүхтэй хүн юм. Түүний амьдрал алдсан гэхээсээ оносон нь илүү юм. Ц.Шинэбаярын том охин 1996 онд Англи улсад сургуульд явах болсон байна. Төлбөр нь 4500 ам.доллар. Охиныхоо төлбөрийг олох гэж Ц.Шинэбаяр, Ж.Сайнтуяа хоёр нэлээд сандарсан гэнэ. Энэ үеэс эхлэн хувийн бизнест хүч үзэхээр шийдэн нарийн боов, ундаа, зайрмаг хийж эхэлжээ.
Дорнод аймгийн хүнсний үйлдвэр зах зээлийн эхний шуургад сөхөрсөн учраас тэр орон зай дээр ажилласан байна. 50 мянган хүн амтай Чойбалсан хотыг хангах хүнсний үйлдвэрлэлд өдөр нь ажилчид, шөнө нь Ц.Шинэбаяр эхнэрийн хамтаар ажилладаг байж. Төд удалгүй хүнсний бизнест бусад хүмүүс орж ирсэн учраас өөр зүйл эрхлээд явжээ. Дорнод аймгийн маш олон бизнесийн эхлэлийг тавиад цааш явсан байдаг юм.
Дараа нь шатахуун түгээх станц, дэлгүүр, гурил, уул уурхайн салбар руу орж алдарт Адуунчулууны нүүрсний уурхайг бэлэн мөнгөөр авчээ. Түүний нэрийн хуудас болсон Адуунчулууны уурхай Дорнод аймгийг 500-600 жил нүүрсээр хангах хүчин чадалтай юм билээ. Өдгөө гэргий нь фермерийн чиглэлийн бизнес эрхэлж байгаа 850 кг татдаг бухаараа гайхагддаг гэнэ.
Эднийх Дорнод аймагтаа дэлхийн жишигт хүрсэн үнээний фермтэй. Германы Карл хаан "Үнээний сүү биднийг хүчирхэг болгоно" гэсэн үгийг жишээ болгодог учраас нийтээрээ сүү хэрэглэхийг уриалдаг байна. Залуус сульдаатай, сүр хүчгүй байгаа нь сүү бага хэрэглэснээс үүдэлтэй гэж үздэг аж.
Ц.Шинэбаярын гэрийн хоёр давхарт номын сан бүхий ажлын өрөө байна. Энэ өрөөний хананд Монгол ард улсын ардын гэгээрүүлэх яамнаас 1914,1926 онуудад хэвлүүлсэн газрын зураг харагдана. Монгол Улсын газрын зурагт Давс уул, Байгал нуурыг харахад харамсах сэтгэл төрнө. Ц.Шинэбаяр гишүүнтэй ажлынх нь өрөөнд ярилцав.
-МАХН-ынтүрштабыншинэжилийнбаяртН.Энхбаярирэвүү. Хамгийнсүүлдхэзээуулзсанбэ?
-Зарим нэг тоолдог хүмүүс УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Н.Энхбаяртай долоон удаа уулзсан гэдэг юм билээ. Миний хувьд Н.Энхбаяртай хоёр удаа уулзсан. Саяын шинэ жилээр Н.Энхбаяр гадаадад байгаа дуулдсан шүү. Миний хувьд шинэ жилд гэхээсээ наадамд л ач холбогдол өгдөг.
-Шинэ жилийг үргүй зардал гэж үздэг хэрэг үү?
-Өнөө маргаашаа яая гэж байгаа иргэд маш их зардлаар шинэ жилийг тэмдэглэх нь буруу. Ерөнхий сайд С.Батболд сүүлийн хагас сар энд тэндхийн шинэ жил хэслээ. Юундаа баярлаад байгаа юм бэ. Шинэ жилийн баяраар өдөр болгон 7-8 хүн хөлдөөд нас барж байна. Энэ хүмүүс хөлдөж нас барахын тулд шинэ жилийн баяр тэмдэглэж байгаа хэрэг үү. Тун удахгүй хөгшин залуугүй Валентины баяр, Мартын-8, цэрэгт явсан яваагүй бүгд цэргийн баяр тэмдэглэнэ.
-Шинэ жилээр ямар олон хүн хөлдөж нас барав аа. Энэ аймаар зардал юм даа?
-Соц нийгэмд нэг хүн хөлдөөд үхэхэд Улс төрийн товчоо хуралддаг байлаа. Шөнө болгон хүн хөлдөж байхад Ерөнхий сайд С.Батболд ямар ч арга хэмжээ авахгүй байна. Энэ жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бид хоёр л олон шинэ жилийн баяр хэсээгүй болов уу. Зайсан толгой дээр гараад байж байтал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос "Та чадна" гэсэн сайхан үгтэй мессеж ирсэн. Улсын тэргүүн маань архины талаар маш сайхан санаачилга гаргалаа.
-Таныг дорнодчууд чулуу шидэх нь холгүй угтсан гэж сонссон. Энэ үнэн үү?
-МАН-ын удирдлагаас хийж байгаа арга ядсан ажил. Дорнодчууд урьдынхаасаа илүү элгэмсэг, дотно хүлээж авсан. Өдөр болгон захиа бичиж, утсаар ярьж байна. 10 мянга гаруй дэмжигчдийн тоо нэмэгдсээр байгаа. Цаашид хэдэн арван мянгаараа нэмэгдэнэ.
-Та энэ жил "Эгэлбаатар" болсон байх шүү?
-Тэр арга хэмжээнд их сайхан хүмүүс ирсэн. Ховд аймгийн нутагт 20 мянган чацарганын мод тарьсан хүн байна. Энэ хүн гайхалтай шүү. Манай аймаг арай гэж 5000 чацарганын модтой. Дашбалбар, Баян-Уул сумын айл бүхэн ногооны зоорьтой нь бахдам. Говьд баянбүрд байгуулчихсан хүн ч байна. Аж ахуйч хүмүүсийг магтан дуулахын оронд залхуу ядуусыг өрөвдөн хайрлаад байгааг ойлгодоггүй гэж ярилаа.
ХЭМНЭХБАСДАХИНХЭМНЭХХЭРЭГТЭЙ
Ц.Шинэбаяр хэмнэх гэдгийг ярих дуртай. Ерөөсөө л ажлын төлөө төрчихсөн хүн гэлтэй. Уншиж байгаа номнууд нь хүртэл фермийн мал аж ахуй хөгжүүлэх, сарны хэмнэлд ногоо тарих гэх мэтийн гарын авлагууд байх жишээтэй. Эднийд ирсэн зочид сугалаа сугалах юм. Сугалтал арван ам.доллар, зурагчин маань шоколадны нобар таарав. Ингээд Ц.Шинэбаяр ээжийндээ очихоор боллоо.
Мань эр "Chevrolet" хэмээх суудлын жижиг машин унадаг аж. Хамгийн бага шатахуун хэрэглэдэг унаа гэнэ. УИХ-ын гишүүд том том жийп унаад байгааг Ц.Шинэбаяр "Зүгээр олсон мөнгийг ингэж үрж ядах хэрэг байна уу" хэмээн тайлбарласан юм. Тэрээр "Би том машин уная гэвэл чадна шүү дээ. Том машинаараа өрсөлдвөл надад 20-30 камаз байна" гэлээ. Тэрээр хэмнэсэн бензинийхээ мөнгөөр ном авч Дорнод аймгийн хүүхдүүдэд бэлэглэчихдэг байна.
24 дүгээр сургуулийн урд байрлах байрны найман давхарт ээж нь байдаг аж. Мөн л хивс энэ тэрээр гэрээ чимсэнгүй. Ц.Шинэбаярын ээж Батаа ач нараа бараадан хотод өвөлжөөд зундаа нутагтаа очдог гэнэ. Хүү нь "Өглөөний нар хараад ирлээ" гэхэд Батаа гуай "Нар үзээгүй биш. Юуг нь хардаг юм" гэж байна.
Өглөө болгон нар хардаг хүнд нар үзэх гэж давхидаг хотынхон гайхмаар байдаг бололтой. Арван гурван хүүхэд төрүүлж, 80 гаруй ач зээтэй болсон Батаа гуай залуудаа туслах тогооч, үйлчлэгч гээд олон ажил хийж явжээ. Мөн нөхөр, хүү хоёрынхоо агнасан тарвагыг өвчдөг байж.
Батаа гуай ач зээ нартаа ном бэлэглэдэг. Шилдэг сурагч тодруулж хамгийн том бэлэг өгнө. Эднийд хамаатан садных нь хоёр оюутан сурч байгаа гэнэ. Ц.Шинэбаяр ээжийндээ ирэх дуртай бөгөөд нэг удаа лифт гацаад хоёр цаг шахам болжээ. Бусад хүмүүс хаалга үүд нүдээд сүйд болж байхад мань эр утсаараа ажлаа амжуулж байсан аж.
Ээжийндээ нэг их удалгүй МАХН-ын түр штаб дээр очиж жижүүрийн ажилтай танилцахаар гарлаа. Штаб дээр нь 14 настай охиноо бусдын гарт алдсан Гончиг хүлээж байв. Ц.Шинэбаяр 2010 он үнэнийг олсон, олон нийтэд ухаарал хайрласан жил болсон гэж үзэж байгаа гэнэ. Мөн МАХН-аас авлигач ноёд МАН болж салан тусгаарласан нь хар цагааны ялгарал аж.
Тэрээр долоон сарын 1-ний хэрэг явдал МАХН-ыг устгах төлөвлөгөөний илрэл гэж үздэг аж. Тийм ч учраас намын архивыг шатааж, Д.Сүхбаатарын хөшөөг зайлуулж байгаа аж. Түүхийн хуудаснаас МАХН-ыг арчих машин эрчимтэй ажиллаж байгааг ард түмэнд дуулгаж байв.
Ц.Шинэбаяр хэмээх энэ эр МАН-ын эсрэг зогсож байгаагаа "Юуны эр зориг байх вэ. Би "Үндсэн хууль"-аар олгогдсон үзэл бодолдоо үнэнч яваа нэгэн. МАН-ын зүгээс элдэв шахалт, дарамт явуулж байгаа нь ардчиллыг нухчин дарж байгаагийн илрэл" гэж байна. Үе үеийн "удирдаачийнхаа" дохиураар хөдөлдөг улс төрийн хүчинд тэсрэлт хийж "Шинэ үзэгдэл" болтлоо гайхагдсан энэ эрийн амьдрал хийх бүтээхийн хүслэнгээр дүүрэн.
Аглаг ойн модчин байгаад АНУ-ын Ерөнхийлөгч болсон Авраам Линкольн гэдэг шиг тал нутагт огдой урхидаж явсан Ц.Шинэбаяр хүү УИХ-ын гишүүн болоод зогсохгүй улс төрийн гурав дахь хүчний тэргүүн болоход ямхын зайд байгаа билээ.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ, ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.ЦЭРЭННАДМИД