С.Эрдэнэ: Хүн хэдэн мянган ч удаа дурлаж болно
2011.05.23

С.Эрдэнэ: Хүн хэдэн мянган ч удаа дурлаж болно

УИХ-ын гишүүн С.Эрдэнийг нэг  их ширүүн, хүмүүсийг дарамталсан, хэнээс ч жийрхэлгүй элдвийг хэлж явдаг нөхөр хэмээн олон нийт төсөөлдөг.Үнэндээ тэр хэн юм болүүний дотоод сэтгэл рүү өнгийж үзэхийг бага боловч хичээлээ. Улс төрөөс ангид зүйл ярьсныхаа дараа тэрбээр "Хааяа ч гэсэн ийм энгийн зүйл ярихаар хүн гэдгээ мэдрэх юм"' хэмээн учирласан.

-Таны ширээн дээр гэр бүлийнхний тань зураг байна. Нэлээд өнөр айл юм аа даа?

-Манайх зургаан хүүхэдтэй. Бүгд өсөж тусдаа амьдрах болсон, бага хүүтэйгээ л үлдлээ дээ. Ач, зээгийнхээ тоог бүр алдсан. (хэсэг бодов) Зургаан ач, зээтэй юм байна. Гэрийн ажилд хүнээс дутахгүй. Хоол гайгүй хийдэг. Зарим хүн намайг хар ажилд сайн гэхээр итгэдэггүй юм. Өвөө маань барилгын инженер байсан.Тиймээс энэ чиглэлийн ажлыг сайн хийчихнэ. Өрлөг, шавар, зуурмагийн марк, чанар гээд л сайн мэднэ. Цэргийн сургуульд байхдаа угсармал барилгын ангид дадлага хийж байлаа. Ер нь бидний үед гэрийн ажилд муу хун байгаагүй дээ. Дүү нараа асарна, ээж, аавдаа хоол ундыг нь хийж өгнө.Тоглож байгаад цай хоолоо хийхээ мартаад "жавтий" хүртэх үе ч байлаа. Зав багатай болохоор 1-2 сардаа нэг удаа л ач, зээ нартайгаа цугладаг.

-10 жилийн нэг ангийн хүүхдүүд УИХ-д гишүүн болсон байх нь бий.Танай ангиас байгаа юм биш биз?

-Байхгүй ээ. Би 10 жилд гурван сургуульд сурсан. 15 дугаар сургуульд наймдугаар ангиа дүүргэсэн. Найман жилийн сургууль байлаа л даа.Тэгээд 52 дугаар сургуульд ес, 10 дугаар ангиа төгсдөг байсан юм. Бид тэнд есдүгээр ангидаа сурчхаад дараа намар нь очтол 18 дугаар сургууль шинэ байранд орж, хуучинд нь 75 дугаар сургуулийг байгуулсан байсан. Энд тэндхийн сургуулийн сүүлийн бүлгүүдийг таслаад анги болгосон. Манайх 9-ийн "ж" бүлэг байсан.Тэгээд ангиараа 75 дугаар сургууль руу шилжээд 10-ын "а" болж төгссөн дөө.1981 онд анхны төгсөлт нь болж байлаа. Манай ангийнхан янз бүрийн л ажил хийгээд, сайн сайхан яваа. Жилд 2-3 удаа уулздаг юм. Ангийн хамт олон элэг бүтэн яваад би их баярладаг.

-Таны амьдралдаа мөрддөг зарчим юу вэ?

-Ямар ч юманд ноён нуруугаа алдахгүй явахыг хичээдэг.

-С.Эрдэнэ гэдэг улстөрчийг ширүүн, зоримгоор төсөөлдөг. Хувь хун нь энэ төсөөллөөс хэр өөр вэ?

-Намайг харин тэгж ойлгодог шиг байгаа юм.Тэгж харагддаг байж болно. Гэхдээ би болж өгвөл хүнд туслахсан, гомдоочихгүй юмсан гэж хичээдэг. Ялангуяа намайг түшиж тулдаг хүмүүсийг орхихгүй, амьдрал ахуйг нь өөд татахсан гэж боддог. Хүн хүнээ хайрлаж байж л амьдрал сайхан байна шүү дээ.Түүнээс би мундагтаа өдий зэрэгт хүрчихсэн мэт хандаж, нөхдөө гомдоовол өөдлөхгүй.

-Та хэр нээлттэй хүн бэ?

-Би өөрийгөө дэндүү нээлттэй хүн гэж боддог шүү. Санасан, бодсоноо шууд хэлчихдэг. Аливааг дотроо хадгалах дургүй. Буруу, зөв байсан ч илэрхийлчих нь амар.Тийм болохоор нэг их бухимдаад байдаггүй.Тухайн үедээ тэсэрч, үгээ хэлнэ. Заримдаа эмоцтой чанга дуугарна, зүгээр хэлээд өнгөрөх үе ч гарна. Ямар ч хэлбэрээр илэрхийлсэн дараа нь надад амар.

-Эмэгтэй хунд асуудал гарвал уйлаад, найзууддаа яриад тайвширчихдаг. Гэтэл эрэгтэй хүн уйлах. тэр бүр хүнд сэтгэлээ нээгээд байх хэцүү.Танд сэтгэлээ нээж ярьдаг найз байна уу?

-Эхнэртэйгээ жаргал. зовлонгоо хуваалцаж, бүхнээ ярилцана. Найз нартайгаа ярина. Мэдээж бүх юмаа хүн бүрт дэлгэх нь утгагүй. Саналаа хуваалцаж ярилцах найзууд бий нь бий.

-Амьдралынхаа эрч хүчийг та юунаас авдагвэ?

-Хүн нэг л амьдардаг.Түүнийгээ утга учиртай өнгөрүүлэх хэрэгтэй. Энэ хугацаандаа хүссэн, бодсоноороо амьдарч, зорилгодоо хүрэхийн төлөө тэмцэх учиртай. Би өөрийгөө ингэж зоригжуулдаг. Мэдээж гэр бүл, найз нөхдийн минь дэмжлэг их эрч хүч өгдөг.

-Та амьдралдаа алдаж байсан уу?

-Олон алдсан даа. Нийгмийн идэвх бага хүн л бага алддаг байх. Аливаад идэвхтэй хүн онох, алдах нь их.

-Хайр гэж таныхаар юу вэ?

-Тэр хүнд өөрт байгаа гэрэл гэгээтэй бүхнээ зориулж, хайр энэрлийг нь хүртэж чаддаг байхыг л хайр гэж ойлгодог. Зарим хүн хайр, дурлалыг холиод байдаг. Хүн өдөрт хэдэн зуу, мянга ч дурлаж болно. Сайхны өмнө харц буруугүй гэдэг биз дээ. Сайхан хувцасласан, бие хаа сайтай залууг ямар ч эмэгтэй сонирхож хардаг. Сайхан биетэй, царайлаг, биеэ гоё авч явж буй бүсгүйг эрчүүд хардаг.

-Та ч бас харна биз?

-Би юу гэж сайхан зүйлээс нүдээ нуух вэ, харна. Гэхдээ сайхныг харж, сайханд нь дурласнаараа буруутан болж болохгүй. Аливаа зүйл хэмжээтэй байх ёстой. Хайр бол өөр. Хайранд сэв суулгаж болохгүй. Гэвч алдаа, оноогүй амьдрал байхгүй юм даа.

-Цагаан сараар гишүүд дуулаад л, дүрсжүүлж цацдаг болж.Та дуу, шүлэг хэр сонирхдог вэ?

-Хаана ч мэддэг тав, арван дуунаасаа дуулчихна. Сүүлийн үед ажилдаа дарагдаад дуулах нь багасаад байна. Ажил, хариуцлага хүнийг юм юмнаас холдуулдаг юм байна. Би нэг дууны шүлэг бичсэн. Нийтэд дэлгэрээгүй ч энэ дуугаа дүрсжүүлсэн. За даа, бараг хоёр хувь л бий байх, хадгалдаг юм.

-Дууны нэр, дуучныг нь тодруулж болох уу?

-Миний шүлэгт 'Хурд"-ын Отгонбаяр ая хийсэн. "Хурд" хамтлаг дуулсан "Харуусал" гээд дуу бий.Уг хамтлагийн цомогт орсон. "Харуусал" шүлгийг би амьдралынхаа нэгэн хэсэгт зориулж, 1992 онд бичсэн юм.

-Дуртай мөртүүдээсээ манай уншигчдад хэлж өгөөч?

-Бид өвөг дээдсийнхээ баатарлаг, бүтээлч чанар, соёл, өв уламжлалаараа бахархаж өссөн. Гэтэл одоо гадныхныг тахин шүтэх, дууриах дуртай болчхож. Үндэсний хэл, соёлоо хоёрдугаарт тавьж байна. Яриандаа хэдэн гадаад үг хэрэглэдэг бол өөрийгөө боловсролтой гэж ойлгоно. Энэ буруу. Хэл бол ердөө л хэрэглээ. Үнэхээр мэдлэгтэй, чадвартай хүн өөр. Наад зах нь түүх, хэл соёлоо мэддэг, ээж, аавыгаа хүндэлдэг байх ёстой.Үндэсний соёл, бахархлаараа хүмүүжихэд шүлэг, яруу найраг, урлаг их нөлөөтэй байсан. Сүүлийн үед манай урлаг зогсонги болжээ. Хүүхдүүд телевизээр алаан хядаантай кино их үзэж байна.Түүхээ мэдэхгүй атлаа солонгос киноны баатруудыг сайн мэддэг. Гэтэл манай ард түмний түүх, соёл тэднийхээс агуу. Цэцэрлэгээс нь эхлээд хүүхдүүдэд түүх, соёлоо өвлүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Би багаасаа Д.Нацагдоржийн олон сайхан шүлгийг цээжилж өссөн. Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулууд Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд Өтнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд... Дөрөвхөн мөрөөр Монгол орноо зурчхаж байгаа юм. Үндэсний бахархал, соёлоо хэдхэн мөрөнд багтааж хүмүүст хүргэсэн. Шүлэг, яруу найргийн хүч чадал үүнд л оршдог гэж боддог.

-Энэ бодлоо та хүүхдүүддээ төлөвшүүлж чадсан уу?

-Байнга хэлдэг. Бүр хэтрүүлчихсэн байж ч магад. Манай дунд хүү үндэсний бахархлаараа амьсгалсан залуу бий. "Эсгий туургатан" төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг. Үүх түүх, монгол бичигтээ их анхаарч, залуусаа уриалж, сургалт зохион байгуулдаг. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч гэсэн хэн нэгний захиалгаар асуудалд хандах биш, шударга үнэний талд зогсож, аль болох гэгээлэг мэдээлэл цацаж байгаасай гэж хүсдэг юм.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.