Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын нэгдсэн чуулганаар /2020.10.22/. Хуралдаанаар х тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, санаачлагч Б.Баттөмөр гишүүн танилцууллаа.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа. Монгол Улсын банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг эрсдлээс хамгаалах зорилгоор банкны хяналт, шалгалтыг сайжруулж, олон улсын стандарт, зарчмыг үе шаттай нэвтрүүлэх чиглэлээр банкны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох шинэчлэлийн цогц бодлогыг төрөөс баримталж байгаа юм. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар банкны салбарын нийт 35.2 их наяд төгрөгийн активын 90 орчим хувийг олон нийтийн хөрөнгө бүрдүүлж байгаа бол 10 орчим хувийг банкны хувьцаа эзэмшигчид хамаарах өөрийн хөрөнгө бүрдүүлж байгааг тэрбээр төслийн танилцуулгынхаа үеэр дурдав. Гэтэл энэ 10 орчим хувь нь олон нийтийн хяналтаас харьцангуй ангид байдлаар банкны удирдлагыг дангаар хэрэгжүүлдэг, Монгол Улсын банкны салбарын сул, эмзэг тал болж байгааг онол практикын олон тооны судалгаа харуулдаг байна. Уг байдал нь банкны хувьцаа эзэмшлийг хэт төвлөрсөн байдлаар даамжирч, цаашлаад банкны төлбөрийн чадварт нөлөөлөн, төрөөс их хэмжээний зардлаар шийдэхүйц хямралд ч хүрэх эрсдэлтэй тул Улсын Их Хурлаас онцгой анхаарч, холбогдох бодлогын баримт бичгүүдийг гаргасан. Банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкны шийдвэрийг цөөн тооны этгээдээс хамааралгүй болгох, мэдээлэл нээлттэй байж зах зээлийн дохиоллын зарчмыг нэвтрүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.
Банкны тухай хуульд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүнд тавигдах шалгуурыг тодорхойлж аливаа этгээд хоёр банкинд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглосон зохицуулалтыг тусгасан боловч банкны хувьцаа эзэмшигчийн эзэмшиж болох хувьцааны хэмжээ болон банк үүсгэн байгуулах хэлбэрт шаардлага тогтоогоогүй байна. Банкны тухай хуульд банк нь зөвхөн хувьцаат компани хэлбэртэй байх тухай, аливаа этгээд банкны саналын эрхтэй хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглох тухай, банкны жижиг хувьцаа эзэмшигч, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн эрхийг нэхэмжлэлийн дараалалд өөрчлөлт оруулж хамгаалах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар банкинд өмчлөл, удирдлагын хэт төвлөрсөн байдал арилж, банкны үйл ажиллагаа нээлттэй, ил тод болж, зах зээлийн оролцогчдод мэдээлэл тэгш хүртээмжтэй болж хөрөнгийн зах зээлийн хөгжилд дэмжлэг болохоос гадна зах зээлээс банкыг үнэлэх хөшүүрэг болно гэж үзсэн гэлээ.
Эдийн засгийн байнгын хороо 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа уг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Энхбаяр, Н.Учрал, Н.Алтанхуяг, Г.Дамдинням, С.Амарсайхан, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа.
Төслийг хэлэлцэхийг дэмжиж Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ж.Ганбаатар, С.Амарсайхан нар үг хэлэв. Банкны салбарын шинэчлэлийн томоохон бүрэлдэхүүн хэсгийг хуулийн төсөл дэх зохицуулалтуудаар шийдвэрлэнэ гэдгийг хэлж байв. Үүний зэрэгцээ өрсөлдөөнийг нэмэгдүүлэх буюу гадны банкуудыг үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, банкуудад ангилалтай лиценз олгох замаар өрсөлдөөнийг бий болгох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай гэлээ. Санхүүгийн сектор, банкны системийг шинэчлэлийг 6-12 сарын хугацаанд хийх боломжтой гээд тодорхой жишээ дурдаж байлаа. Төслийн зохицуулалтад хариуцлагын асуудал оновчгүй, торгууль оноох байдлаар шийдвэрлэхээр тусгасан байгааг анхаарах ёстой гэдгийг гишүүд хэлж байлаа.
Ингээд гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 40 гишүүний 25 нь буюу 62.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ