Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Ч.Ундрам, Л.Мөнхбаатар, Э.Бат-Амгалан нар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2020.08.20/ УИХ-ын дарга Г.Занданшатар өргөн барилаа.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай
Төрөөс банк, түүний үйл ажиллагааны шаардлагыг тогтоож зохицуулах үндэслэл нь банкны удирдлагатай холбоотой эрсдлийг бууруулах бөгөөд 1991-2018 оны хугацаанд хууль тогтоогчоос баталсан Банкны тухай хуулиар банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад шалгуур тогтоон мөрдөж ирсэн билээ. Эдийн засгийн “төлөөллийн онол”-оор компанийн хувьцаа эзэмшигчийн өмчийн эрх ба удирдлага, хяналтын оролцооны тэнцвэртэй байдлыг тодорхойлж компанийн үйл ажиллаагааны үзүүлэлттэй харьцуулсан судалгааны үр дүнд тулгуурлан банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлөөс үүдэлтэйгээр банкны үйл ажиллагааны эрсдэл нэмэгддэг шууд хамаарал байгааг тогтоожээ. Өнгөрсөн хугацаанд чанаргүй актив, холбогдох этгээдтэй хийсэн ашиг сонирхолын зөрчилтэй хэлцлээс шалтгаалж банкны төлбөрийн чадвар алдагдаж татан буугдсан, өөрийн хөрөнгийн дутагдалтай банкууд нь дийлэнх тохиолдолд банкны хувьцаа эзэмшигчийн оролцоо, шийдвэр нөлөөлсөн байгаа нь банкны хувьцааны өмчлөл ба хяналтын тэнцвэрт нэг этгээдэд хэт төвлөрч, тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой байв. Иймд Банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкны шийдвэрийг цөөн тооны этгээдээс хамааралгүй болгох, мэдээлэл нээлттэй байж зах зээлийн дохиоллын зарчмыг нэвтрүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсрууллаа.
Банкны тухай хуульд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүнд тавигдах шалгуурыг тодорхойлж аливаа этгээд хоёр банкинд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглосон зохицуулалтыг тусгасан боловч банкны хувьцаа эзэмшигчийн эзэмшиж болох хувьцааны хэмжээ болон банк үүсгэн байгуулах хэлбэрт шаардлага тогтоогоогүй байна. Банкны тухай хуульд банк нь зөвхөн хувьцаат компани хэлбэртэй байх тухай, аливаа этгээд банкны саналын эрхтэй хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглох тухай, банкны жижиг хувьцаа эзэмшигч, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн эрхийг нэхэмжлэлийн дараалалд өөрчлөлт оруулж хамгаалах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа. Хуулийн төсөл батлагдсанаар банкинд өмчлөл, удирдлагын хэт төвлөрсөн байдал арилж, банкны үйл ажиллагаа нээлттэй, ил тод болж, зах зээлийн оролцогчдод мэдээлэл тэгш хүртээмжтэй болж хөрөнгийн зах зээлийн хөгжилд дэмжлэг болохоос гадна зах зээлээс банкийг үнэлэх хөшүүрэг болно гэж үзэж байна.
Хуулийн төслийг боловсруулахтай холбогдуулан төслийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон банкны салбарыг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөр, Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, зээлийн хүүг бууруулах стратеги зэрэг богино, дунд хугацааны бодлогын баримт бичгийг судлан банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах саналыг харгалзсан. Хуулийн төслийн саналыг Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын банкны холбоо, банкуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгээс боловсруулсан болно.
Төслийг боловсруулахдаа Европын холбооны гишүүн улсууд, скандинавын хойгийн улсууд, Өмнөд Солонгос, Тайланд, Индонез, Казахстан зэрэг улсуудын банкны хуулийн зохицуулалт, туршлагыг судлан эдгээр улсуудад банк үүсгэн байгуулахад тавигддаг “Хувьцаа компани”-ийн хэлбэр болон банкны хувьцаа эзэмшилийн хэмжээнд тавигддаг хязгаарлалтыг судласны зэрэгцээ олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол Улсад өгсөн зөвлөмж, банкны хяналт шалгалтын Базелийн хорооноос банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөд өгч байгаа ач холбогдол, зохистой засаглалын зарчмыг харгалзан үзсэн болно.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn