"Х.Нямбаатарыг бид сайн хуульчийнх нь хувьд НЭР ДЭВШҮҮЛСЭН"
2020.06.08

"Х.Нямбаатарыг бид сайн хуульчийнх нь хувьд НЭР ДЭВШҮҮЛСЭН"

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр (2020.06.08) Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчидтойгоо уулзаж, УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшигч Х.Нямбаатар, Б.Жаргалмаа нартай ХҮЧЭЭ НЭГТГЭЖ, багаар нь дэмжихийг уриаллаа.

Тэрбээр нэр дэвшигч Х.Нямбаатарын талаар хэлэхдээ “Эрхэм дүү гишүүнд би баярлаж байгаа. 30 хэмийн хүйтэнд тэмцэл өрнүүлж, та бүхэнд үгээ хэлж байсныг санаж байгаа байх. Тэр олигархуудтай, нам дамжсан бүлэглэлтэй хуульч хүнийхээ хувьд тэмцэж байгаа. Энэ залуугийн зүрхэнд эх орноо гэсэн сэтгэл байдаг юм байна гэж би өнгөрсөн гурван жилийн хугацаанд олж харсан. Ямар ч байсан дайсны пронтод, тагнуулд хамт явахад нөхрөө орхилгүй чирээд л явах эр байна гэж бодож байгаа.

Ирэх дөрвөн жил улс төрийн шударга ёсны төлөөх хатуу ширүүн тэмцэлд Ерөнхий сайддаа нөмөр нөөлөг болж, намайг мөрөлж, ард түмнийхээ итгэл найдварыг хангаж, эх орноосоо урвахгүй, итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй, энэ хэцүү ширүүн тэмцлийн төлөө бидэнтэй хамт зогсож чадах миний багийн нөхөр гэж бодож нэрийг нь дэвшүүлж байгаа.

Хуулийн багш байсан хүн. Монголын парламент гэдэг бол морь уралддаг газар биш, мисс шалгаруулдаг газар ч биш. Энд төрийн бодлого тодорхойлогддог газар. Улс орноо удирддаг газар. Тиймээс би сайн хуульчийнх нь хувьд, хууль зүйн шинжлэх ухааны багшийнх нь хувьд, олон хуулийн төсөл дээр өдөр шөнөгүй, нойр хоолгүй өнгөрсөн гурван жил ажилласан, Хууль зүйн байнгын хороог маш сайн толгойлж ажилласан, эх оронд хэрэгтэй маш олон хууль дээр сэтгэл гаргаж ажилласан, шүүхийн хуулийг шинэчлэхийн төлөө зүтгэсэн энэ олон ололт амжилтыг нь үнэлж, энэ удаа нэрийг нь дэвшүүлсэн. Эрхэм дүүд амжилт хүсье” гэлээ.

undefined