Нэр дэвшигч Б.Баярсайханыг Алдархаанчууд хүндэтгэн угтан авлаа
2020.06.08

Нэр дэвшигч Б.Баярсайханыг Алдархаанчууд хүндэтгэн угтан авлаа

УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрог буюу Завхан аймагт нэр дэвшигч Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нар өнөөдөр Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал сумын иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Уулзалтаар МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцуулж, тус сумдад хийхээр төлөвлөгдсөн ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм. Иргэд сонгогчдын зүгээс мал аж ахуйн салбарт чиглэсэн төсөл хөтөлбөр болон төрийн албан хаагчийн цалин тэтгэвэр тэтгэмж, боловсрол, соёлын салбарын бүтээн байгуулалтын талаар асуулт асууж, санал бодлоо солилцлоо.

Монгол Улсын анхны нэгдэл буюу ууган сум Алдархаан нь нэр дэвшигч Баярсайханы өвөг дээдэс, ээжийнх нь төрж, өссөн нутаг юм. Нутгийн зон олон нь нэр дэвшигчээ халуун дотноор хүлээн авч, өндөр боловсролтой, төрийн албанд ажиллаж байсан, нэр, гар цэвэр хүмүүс УИХ-ын сонгуульд нэр дэвшин, уугуул нутагтаа хур дагуулан ирсэнд ихэд билэгшээн угтаж, морин хуур бэлэглэлээ.

Я.Гармаа Б.Баярсайханы ээж

МАН-ын мөрийн хөтөлбөрт Утаагүй сум суурин хөтөлбөр, Жишиг сумдыг байгуулах талаар томоохон зорилт орсон бөгөөд Алдархаан сум нь Монгол Улсын хамгийн анх байгуулагдсан сум учраас жишиг сумдын анхны жишиг болгон хөгжүүлэх болно гэж нэр дэвшигчид хэллээ. Цаашлаад орон нутагт боловсрол, соёлын салбарыг хөгжүүлэн, хүний нөөцийг бэлтгэх, хүүхдийн сурч амьдрах орчныг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын тэжээлийн үйлдвэр байгуулах, байгалийн үзэсгэлэнт тогтоцод тулгуурлан аялал жуулчлалын цогцолбор байгуулах зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг танилцуулсан юм.

Алдархаан, Эрдэнэмандал, Завханмандал сумдад хийсэн уулзалтын үеэр иргэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн 3 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудын үр дүнд талархалтай хандаж байгаагаа илэрхийлж байлаа. Олон жил их хэмжээний хөрөнгө зарцуулсан ч өнгөрсөн өвлийг хүртэл шийдэгдээгүй байсан Улаанбаатарын утааг нэг өвлийн дотор шийдэж болдог гэдгийг харуулсан, цалин, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлсэн, бүтээн байгуулалтуудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн, томоохон төслүүдийг үргэлжлүүлэх буюу заримыг нь шинээр эхлүүлсэн зэрэр олон ажлын үр дүнг хэлж байлаа. Харин энэ удаагийн сонгуульд У.Хүрэлсүхийн багийн шударга, ёс зүйтэй, сэтгэлтэй залуусыг багаар нь дэмжиж, одоо хэрэгжүүлж буй ажлуудаа үргэлжлүүлэх боломж олгох болно гэдгээ илэрхийллээ.

Эрдэнэхайрхан сумын иргэн

Эрдэнэхайрхан сум нь Мухарын элс, Хар нуур, Бор хярын элс, Сэнжит цохио Их хайрхан, Нарийн голын эх, Их бага авгашууд зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд ихтэй учраас аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэх, мөн Сартуул үүлдрийн хониороо уг сум алдартай учраас эрчимжсэн мал аж ахуйг уг үүлдрийн хонин сүрэг дээр тулгуурлан хөгжүүлэх боломжтой зэргийг ярилцлаа. Харин Завханмандал сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьсан бөгөөд энэ зорилтын хүрээнд Монгол Улс төр анхаарал хандуулж, төсвийн дэмжлэг үзүүлэх, бодлогын чиглэлээр хангах зэргээр тусалж дэмжихийг хүсэж байлаа.

Иргэд сонгогчид сүүлийн 10 гаруй жил хөгжлийн цуурай сонсогдоод өнгөрдөг байсан бол энэ засгийн газар бодит биелэл болгож өгснийг онцоллоо. Цаашид сум орон нутагтаа ч төрийн үйлчилгээг жигд авдаг, ажлын байраар хангагддаг, боловсрол, соёлын үйлчилгээг хангалттай авч чадах тийм нийгмийг хүсэж байна. Төрийн эрх барих дээд байгууллагад Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нар шиг чин сэтгэлтэй, хариуцлагатай, ёс зүйтэй хүмүүсийг заавал сонгох ёстой гэдэгтэй нутгийн иргэд санал нэгдэж байлаа.