Парламентад хэрэгтэй “ГОЗГОР”
2020.06.08

Парламентад хэрэгтэй “ГОЗГОР”

Ням-Осорын Учрал. Нэгэн үе дуучин, илтгэгч, зохиолч, доктор, сайн менежер гэх олон тодотголтой явсан залуу. Одоо бол “парламентын гозгор” гэх ганцхан тодотголтой үлдэж. Өнгөрсөн дөрвөн жил парламентад хэрхэн суусан үнэлэмжээрээ шаггүй улстөрч болохоо богино хугацаанд харуулснаараа тэр л дээ. Тэрбээр МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны ажилд оролцох болсноор улстөрд анх хөл тавьж байсан гэгддэг.

ХЭНТИЙГЭЭС СОНГИНОХАЙРХАН РУУ ЦӨЛӨГДӨЖ, ТОМЧУУДЫГ ЯЛАВ-

2016 онд Хэнтий аймгаас нэр дэвшихээр “Учралын эгшиг” нэртэй олон нийтийн ажил идэвхийлэн хийсэн билээ. Гэвч эцсийн мөчид Хэнтийн гурван мандатыг Б.Бат-Эрдэнэ, У.Хүрэлсүх, НАМЗХ-ны ерөнхийлөгч байсан Л.Оюун-Эрдэнэ нарт олгочихсон.

Тойроггүй хоцорсон Н.Учралыг нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг рүү Н.Алтанхуяг, Л.Эрдэнэчимэг зэрэг “томчууд”-тай өрсөлдүүлэхээр нам нь илгээж байв. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “МАН шинэ залуучуудаа үхлийн тойрогт илгээж золилоо” хэмээж байсан юм. Гэвч улстөрд гялгар, шинэ залуу Л.Эрдэнэчимэг, Н.Алтанхуяг нарыг төвөггүйхэн ялсан.

БАЯН АЙЛЫН БАНДГАР БАЦААН ГЭР ХОРООЛОЛД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ ГЭХ АСУУЛТАД ХАРИУЛТ ӨГСӨН 4 ЖИЛ-

Сонгуулийн үр дүнгээр “Баян айлын бандгар бацаан, брэнд өмссөн ганган хүү гэр хороололд юу хийж чадах вэ” гэх сонжоо бүхий шүүмжлэлүүдэд дарагдсан. Эл асуултуудад Н.Учрал гурван жилийн дотор л төлөвлөсөн ажлаа хийж хариулт өгсөн билээ. Түүний сонгогдсон Сонгинохайрхан дүүргийг Хан-Уул дүүрэгтэй харьцуулах аргагүй.

Тус дүүрэгт аймаг аймгаас хямралд өртөн нүүж ирсэн айлуудын бөөгнөрөл үүчихсэн. Тэнд цэвэрхэн орчин, битүү орон сууц, ногоон байгууламж, цэвэрхэн тохижилт гээд бүх зүйл орхигдсон. Хар массын гэгддэг “жинхэнэ амьдрал” буцалж, бужигнаж байдаг газар. Өнгөрсөн дөрвөн жилийнхээ тойргийнхоо сонгогчдын магтаал сайшаалыг хүртэж чадав.

ЗАЛУУ САЛХИЙГ ПАРЛАМЕНТАД ОРУУЛАВ

Түүнчлэн “залуу салхи”-ийг парламентад оруулж ирсэн. Ингэхдээ УИХ-д дархлагдсан гишүүдийн өмнөөс үг сөрчихдөг нэгэн. Үндэслэл гаргалгаатай яриа, тайлбар нь гишүүдийн амыг таглачихдаг. Нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг дээдэлдэг дотоод, гадаадын эрдэмтдээс үг сонсож ухаан суусан залуу үеийн төлөөлөл.

Өнгөрсөн дөрвөн жил тэрбээр бүтээлч хандаж, хөдөлмөрлөсөн гэж үнэлэгдээд буй. Залуучуудын хөгжлийг дэмжих хууль, Арбитрын хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиудын төслийг ахлан батлуулсан бол Багшийн хөгжлийг дэмжих хууль, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Франчайзын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Төсвийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан.

Мөн хамгийн онцлууштай нь тэтгэврийн реформ хийх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, “Хувийн тэтгэврийн хуулийн төсөл”-ийг боловсруулж өргөн бариад байгаа юм. Насаараа НДШ төлөөд эцэст нь үр шимийг нь хүртэж чадахгүй хорвоогоос буцах, үр хүүхдэдээ өвлүүлж чадахгүй байх байдлыг халахаар эл хуулийн төслийг оруулж ирсэн нь Монголын нийгэмд олн жил шийдэж чадахгүй гацсан шийдлүүдийн гэн билээ.

Эцэст нь тэр “парламентад ашиггүй гозгор” байсангүй. Төрд хэрэгтэй зайран гэдэг шиг парламентад хэрэгтэй “гозгор”-оор түүнийг нэрлэж байна.