Итгэлийн зээлийн хуулийг сонгуульд нөлөөлнө гээд хойшлуулсан
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнав.
Тус байнгын хороо бие даасан болон хамт өргөн мэдүүлсэн хууль зургаа, УИХ-ын тогтоол дөрвийг батлуулжээ. Тэдгээрээс иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах эрх зүйн орчин бүрдсэн, ЭМД-аараа хувийн эмнэлэгт үйлчлүүлэх боломжийг бий болгосон, тэтгэврийн хэмжээг нэмэх болон тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталснаас гадна Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон зэргийг Байнгын хорооны дарга Д.Оюунхорол онцлов.Мэдээллийн дараа сэтгүүлчид тус байнгын хорооны гишүүдээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Итгэлийн зээлийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцсэнгүй. Энэ хуулийг батлах шаардлагагүй болсон юм уу?
Д.Оюунхорол: -2016 онд гаргасан МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт барьцаа хөрөнгө шаардахгүй итгэлийн зээлийг олгох заалт орсон. Тэр үүднээс хуулийн төслийг өргөн барьж 27 гишүүн дэмжихээр гарын үсэг зураад байгаа. Олон улсын түвшинд орлого багатай, барьцаа хөрөнгөгүй иргэддээ зориулсан зээл гаргаж, ажилгүйдлийг бууруулан, ажлын байр нэмсэн туршлага бий. Тиймээс бид банкны шинэ үйлчилгээ бий болгож итгэлийн зээлийг олгох боломж бий. Намрын чуулганаар хэлэлцэх байсан ч итгэлийн зээл баталж, сонгогчдод нөлөөлөх гэж байна гэсэн шүүмжлэлээс болоод хойшлуулсан. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй ч дундуур нь хэлэлцээд баталж магадгүй.
-Хар тамхины хор уршиг нийгэмд аюул учруулах хэмжээнд хүрлээ. Үүнтэй тэмцэх хуулийг батлах чиглэлээр танай байнгын хороо, парламент дахь эмэгтэй гишүүд яагаад ажиллахгүй байгаа юм бэ?
Д.Сарангэрэл: -Хар тамхитай тэмцэх, хариуцлагыг чангатгахад манай байнгын хороо, НАМЭХ идэвхтэй ажиллаж байгаа. Бид энэ чиглэлээр төрийн болон ТББ-ыг оролцуулсан хэлэлцүүлгийг олон удаа хийсэн. Хуулийн төслийг ХЗДХЯ боловсруулж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
-УИХ-аас Тэтгэврийн шинэчлэлийг хийх ажлын хэсгийг байгуулж, Н.Учрал гишүүнээр ахлуулсан. Энэ ажилд ямар ахиц дэвшил гарч байна вэ?
Н.Учрал: -Мэдээлэл цуглуулж, анализ хийж ажиллалаа. Тодорхой шийдэлд хүрч байгаа. 1995 оноос хойш шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоогоор явж ирсний үр дүн ямар байдалд хүргэснийг бүгд харлаа. Үе үеийн засгийн газар тэтгэврийн шинэчлэл ярьдаг ч аргаа бараад төсвөөс татаас өгч, шимтгэл нэмэн, тэтгэврийн насыг хойшлуулдаг. Тиймээс ажлын хэсэг хаврын чуулганаар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг батлах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Удахгүй өргөн барина. Энэ хуулийн гол зорилго төрийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авахын зэрэгцээ хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авах бололцоог нээх юм. Мөн хувийн тэтгэврийн сангийн хуримтлалаар хөрөнгийн зах зээлд тоглох, бонд худалдан авах боломжийг бүрдүүлнэ.
-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хийсэн лабораторийн шинжилгээнүүд худлаа байсан талаар ярьж байна. Хэдэн лаборатори худлаа шинжилгээ хийсэн бэ?
Д.Сарангэрэл: -“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүн маш сайн байгаа. Урьдчилсан байдлаар 1.3 сая иргэн шинжилгээ, үйлчилгээнд хамрагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 22 лабораторийг шалгаруулж, ЭМДЕГ-тай гэрээ байгуулан шинжилгээ оношилгоо хийх эрх өгсөн юм билээ. Хөтөлбөрийн хүрээнд ЭМДЕГ, Элэг төвтэй хамтран лабораториудад явцын үнэлгээ хийсэн. Дараа нь 90 мянган хүний шинжилгээ хуурамч байна гэсэн яриа гарсан. Үүнийг ЭМДЕГ, Лабораторийн мэргэжлийн зөвлөл шалгаад ташаа мэдээлэл болохыг тогтоосон.