2020.01.31

О.Баасанхүү: Ломбард болон банкнуудын асуудлыг шийдмээр байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. 

Орон тооны гишүүнд нэр дэвшиж байгаа алба хаагчидаас УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Орж ирж байгаа хүмүүсийг танихгүй болохоор сайн муугийн тухай ярихад хэцүү. Бодвол танай нам гайгүй хүн гэж бодоод намын бодлого бүлгээрээ дамжуулан оруулж ирсэн байх төрийн ажлыг нэр төртэй хийгээрэй гэж хэлмээр байна. 

ЖДҮ гэж гурван хувийн хүүтэй гоё зээл байсныг гишүүд авчихсан. Санхүүгийн зохицуулах хорооноос юу хүсээд байгаа вэ гэхээр өдрийн зээлийг болиулмаар байна. Өдрийн зээл гэдэг нэрээс болоод өдөрт 40 хувийн хүүтэй аваад ядарсан хүмүүс дээр мөнгө угаалт явагдаад байна. 500 мянган төгрөг зээлээд 5 сая болгоод нэхэмжилж байна. Мөн ломбардуудаа цэгцэлмээр байна. Мөнгө хүүлнэ гэдэг зөв зүйл биш шүү.

Жижиг зах зээлтэй жижиг оронд мөнгө хүүлэлт хэрээс хэтэрчихсэн тэр байдал нь саарал жагсаалт руу хөтөлдөг. Тийм учраас санхүүгийн зохицуулах хорооны даргыг Монгол банкны захиралтай ажил хийж чадахгүй байгаа гээд чөлөөлсөн. Та нар энэ дээр сайжруулахаар ажиллах хэрэгтэй.  Ломбард, банкнуудын асуудлыг шийдмээр байна.