Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүдийг томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.
Хууль зүйн байнгын хорооноос Нанжидын Хүдэрчулууныг нэр дэвшүүлж байгаа аж. Тогтоолын төслийг УИХ-н гишүүн О.Батнасан танилцууллаа.
ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав.
Тэрбээр 1981 онд Говь-Алтай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, халх. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1989-1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль, 2000-2004 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч-статистикч мэргэжлээр төгссөн. 2005-2007 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2009-2012 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
2004-2016 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч, 2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлтсийн дарга, 2017 оноос Санхүүгийн зохицуулах хорооны Мэдээлэл, технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа аж.
Эдийн засгийн байнгын хорооноос Түдэвийн Цэрэнбадралыг нэрийг дэвшүүлжээ.
Т.Цэрэнбадрал нь 1978 онд Дундговь аймагт төрсөн, 2000 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтан, 2002 онд СЭЗДС-ийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн. 2010 онд Либерти дээд сургуулийг төрийн удирдлагын магистр, 2014 онд Австралийн үндэсний их сургуулийн бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. 2001-2004 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, 2004-2007 онд Монгол Упсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 2008-2014 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газарт хянан шалгагч, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус зөвлөх, 2014-2016 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Олон нийтийн асуудал хариуцсан ажилтан, 2017-2019 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга, орлогч дарга, 2019 оны 09 дүгээр сараас “Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж иржээ.