Ч.Сангидорж агсны нэрэмжит анхдугаар уралдаан амжилттай боллоо
2019.04.03

Ч.Сангидорж агсны нэрэмжит анхдугаар уралдаан амжилттай боллоо

Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн 80 насны ойд зориулсан “Өсвөрийн төгөлдөр хуурчдын анхдугаар наадам” Монгол Улсын Консерватор буюу хуучнаар Хөгжим бүжгийн коллежид болж гран при шагналын эзэд тодорлоо.

МУГЗ Ч.Сангидорж агсан “Ардын дууны 33 найруулга” бүтээл гаргасан нь хаан хөгжим гэгдэх төгөлдөр хуураар дамжуулан ардын дууны сайхан аялгууг дэлхий дахинд түгээх, сурталчлах боломж олгосноос гадна төгөлдөр хуур суралцагч хүүхэд залууст өв соёлоо дээдлэх, ардын дууныхаа сайхан аялгууг бишрэн монгол хүн болон төлөвших зэрэг хүмүүжил, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой өв болсон гэж үздэг.

Хоёр жилийн өмнө “Ардын дууны 33 найруулга” бүтээлийг БСШУСЯ наас дэмжин ерөнхий боловсролын сургуулиудад нэг нэг ширхгийг худалдан авч байсан юм. Өнөөдөр ардын урлаг өв соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа багш сурагчдыг БСШУСЯ-наас шагнаж урамшууллаа.

Энэхүү наадмыг Ч.Сангидорж агсны охин төгөлдөр хуурч С.Саянцэцэг зохион байгуулсан бөгөөд хоёроос дөрөвдүгээр ангийн сурагчид оролцсон юм. Тэд A, B, C гэсэн гурван хэсэгт хуваагдан шилдэгээ тодрууллаа.

Нэгдүгээр байранд А ангилалд 4а ангийн сурагч Г.Анар, В ангилалд 3а ангийн сурагч Т.Оюу, С ангилалд 2а ангийн сурагч Н.Саруул нар шалгарсан байна. Харин Гран При буюу тэргүүн байранд А ангилалд 4а ангийн сурагч О.Нандин, В ангилалд 3а ангийн сурагч Б.Сорхогтан, С ангилалд 2а ангийн сурагч З.Амин-Эрдэнэ нар шалгарсан юм.

Дээрх сурагчдыг БСШУСЯ-аас шагнасан бөгөөд шагналыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гардуулж үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ:

"Зөвхөн гран при шагналын эзэд биш ардын сайхан аялгуу дуугаа дэлхийн сонгодог хөгжимтэй хоршуулан энэ тайзан дээр тоглосон бүх хүүхэд ялагч юм шүү. Монгол Улсын Консерватор Хөгжим бүжгийн коллеж байхаас эхлээд энэ сургуулиас тэргүүний уран бүтээлч, соён гэгээрүүлэгчид төрөн гарч ирсэн. Хойч үе болох хүүхэд багачууд та бүхэн манай улсын сайн сайхан ирээдүй, лидерүүд байх болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна." гэлээ.

Энэхүү наадмыг зохион байгуулсан төгөлдөр хуурч С.Саянцэцэг өнөөдөр “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр энгэрээ мялаасан бөгөөд өсвөрийн төгөлдөр хуурчдын наадмаа хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулах юм байна.