2019.03.27

Ө.Энхтүвшин: Хаанаас, хэний "гар хөл" орж төслийг өөрчлөв?

Өчигдөр /2019.03.26/ УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэхүү төсөл нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 03 дугаар 25-ны өдөр хуралдан зөвлөмжийн дагуу өргөн баригдсан юм. Тус зөвлөмжөөр  “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан байна.


Төслийг өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үед "Эрүүдэн шүүсэн үйлдсэн гэж ХАНГАЛТТАЙ үндэслэлийг тогтоогдвол..ҮАБЗ-ийн шийдвэр гаргана" гэсэн зарчмын зөрүүтэй санал оруулж ирсэн нь гишүүдийг эргэлзэхэд хүргэсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин

"Хууль зүйн байнгын хороо ямар учиртай зүйл оруулаад ирэв ээ? Ийм хууль хэлэлцэх хэрэг байгаа юмуу гэтэл бөөрөнхийлөөд ороод ирсэн байна шүү дээ “ Эрүүдэн шүүсэн үйлдсэн гэж ХАНГАЛТТАЙ үндэслэлийг тогтоогдвол…”гэж...үүнийг хэзээ хэн тогтоох юм? Үүнийг ҮАБЗ тогтоох юмуу? эсвэл тэндээ шүүх байгуулах юмуу? Энэ чинь шүүхээр л тогтоолгоно ш дээ. Ер нь нэг л хамгаалсан санаа яваад байна л даа. Ингэчихлээр ҮАБЗ-ийн шийдвэр орж ирэхгүй шүү дээ. Өнөөдрийн байгаа шүүх л үүнийг хийнэ ш дээ. Өөрсдөө эрүүдэн шүүсэн хүмүүс эрүүдэн шүүсэн байна гэдэг шийдвэр гаргахгүй шүү дээ. Хаанаас, хэний гар хөл орж ирж төслийг ийм болгов" гэсэн байр суурийг илэрхийллээ. 

Ингээд санал хураалт болж гишүүд энэ зарчмын зөрүүтэй саналыг дэмжилгүй унагаасан юм.