Эрүүдэн шүүж буй бичлэгийг чуулганы хуралдаанаар үзэхээр болов
2019.03.27

Эрүүдэн шүүж буй бичлэгийг чуулганы хуралдаанаар үзэхээр болов

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж зарчмын зөрүүтэй саналаар санал хураалаа. Уг хуулийн төслийн гол агуулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс АТГ, шүүх, прокурорын дарга нарыг санал болгож, чөлөөлдөг болоход оршиж буй.

Хуралдааны өмнө нэр бүхий гишүүдийн гаргасан С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүж буй бичлэгийг УИХ-ын чуулганаас өмнө байнгын хороон дээр гишүүдэд үзүүлье гэдэг горимын саналаар санал хураалт явуулахад 83.3 хувь татгалзав. Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг байнгын хороон дээр бус УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдэд үзүүлэхээр болов.

Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх гэж байна. Мөн тус хуралдаанаар эрүүдэн шүүсэнтэй холбоотой бичлэгийг хаалттайгаар УИХ-ын гишүүдэд үзүүлнэ.

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулахаар боллоо.