Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Өчигдөр /2019.03.26/ УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 03 дугаар 25-ны өдөр хуралдан зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан байна.
Учир нь “Үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдал, нийгэм-төрийн аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдалтай холбоотой үүссэн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүх, прокурорын байгууллага, авлигатай тэмцэх байгууллага, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг эрүүгийн хэрэг мөрдөн шалгадаг, түүнийг хянадаг, шүүн шийдвэрлэдэг шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага нь улс төр-эдийн засгийн бүлэглэлд харьяалагдсан, тэдний хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг хуйвалдааны тогтолцоо бүрджээ.
Хууль хяналт, шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өөрийг нь санал болгосон, томилсон албан тушаалтандаа үйлчилдэг, улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, улстөрчдөд үйлчилдэг бол уг байгууллагын гүйцэтгэх албан тушаалтнууд нь мэргэжлийн чадавхигүй, хууль дээдлэх биш, “дээрээс” ирсэн зааврыг биелүүлдэг, илэрхий гэмт хэргийг шийдвэрлэхгүй удаашруулж, саармагжуулах үйл ажиллагааг биелүүлэгч болжээ.
Хууль шүүхийн байгууллагын албан тушаалтнуудын ёс зүйгүй байдал хэрээс хэтэрч, хууль, шүүхийн байгууллагад итгэх ард түмний итгэлийг байхгүй болгож, улмаар Монгол төрийг нэр хүндгүй, улс орноо удирдах чадавхигүй болгож байна.
Төрийн албаны тухай хууль тогтоомжид хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа, хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаа албан хаагчийг ажлаас чөлөөлдөг, хариуцлага тооцдог тогтолцоо байгаа.
Гэтэл сүүлийн үед яригдаж байгаа хэргүүдийг илрүүлж, буруутай этгээдэд хариуцлага ногдуулж чадахгүй байгаа хууль шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өнөөдөр хараат бус байдал гэсэн хуулийн хамгаалалт дор хариуцлагаас нуугдаж байгаа нь цаашид Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах түвшинд хүрчээ” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дүгнэсэн байна.
Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдэлийг арилгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж өргөн мэдүүлснийг Ерөнхийлөгч танилцуулгадаа дурдав.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 хэсэгт “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан” гэсэн агуулгатай 17.1.8 дахь заалтыг, мөн хуулийн 17 дугаар зүйлд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг Ажлын алба нь Шүүхийн ерөнхий зөвлөлд нэн даруй хүргүүлнэ” гэсэн агуулгатай 17.4 дэх хэсгийг, 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “Түүнчлэн энэ тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан бол заавал хэлэлцэнэ” гэсэн агуулгатай 2 дахь өгүүлбэрийг тус тус нэмэхээр тусгажээ.
Мөн Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд уг хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэгт “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан” гэсэн агуулгатай 46.6.4 дэх заалтыг, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай санал, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг Улсын Их Хуралд оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байна.
Түүнчлэн эдгээр хуулийн төслүүдийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.
Мөн уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Эрдэнэ, Т.Аюурсайхан, С.Чинзориг, Ж.Батзандан, Д.Хаянхярваа, Х.Болорчулуун, Д.Лүндээжанцан, Ц.Цогзолмаа, Х.Нямбаатар, М.Билэгт, Ө.Энхтүвшин, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж нар Монгол Улсын Ерөнхийлөгч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.
Харин энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат эдгээр хуулийн төсөл нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж буй учраас Ардчилсан намаас мэдэгдэл гаргасныг дуулгаад хуралдааныг орхиж буйгаа мэдэгдсэн юм.
Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ш.Раднаасэд, Ж.Батзандан, Д.Оюунхорол, Н.Оюундарь, Ц.Нямдорж нар үг хэлж байр сууриа илэрхийлэв.
Үг хэлсэн гишүүд шударга ёсыг сахиж, хүний эрхийг дээдлэх тангараг өргөсөн хууль, шүүхийн байгууллагын ажилтнууд өргөсөн тангарагаа умартаж, улс төр, бизнесийн нөлөөнд автдаг, хүнийг эрүүдэн шүүж хэрэг тулган хүлээлгэдэг, томилсон болон томилгоонд нь оролцсон албан тушаалтнуудынхаа талд үйлчилдэг, олон нийтэд илэрхий хэргүүдийг түргэн шуурхай, шударгаар шийдэхгүй дарагдуулдаг, хамгаалж хаацайлдаг байдлыг таслан зогсоох үүднээс уг хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлж байгааг дэмжиж буйгаа илэрхийлж байв. Түүнчлэн асуудалд нухацтай хандаж, Үндсэн хуулийн зөрчилд орохгүйгээр асуудлыг хийгүй, алдаа мадаггүй шийдэх нь чухал болохыг онцолж байлаа.
Ингээд Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 45 нь буюу 81.8 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Эцэст нь “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, МАН-ын бүлгийн саналаар Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Л.Оюун-Эрдэнийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, Д.Цогтбаатар нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Д.Оюунхоролыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав.
Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжиж, батлагдсанаар чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.