С.Эрдэнэ: Хуулийн байгууллагынхан үйл ажиллагааны алдаа гаргасан
2012.04.17

С.Эрдэнэ: Хуулийн байгууллагынхан үйл ажиллагааны алдаа гаргасан

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

МАХН-ын даргаН.Энхбаярыг баривчлахад цагдаагийнхны гаргасан үйлдлийн талаар ямар бодолтой байгааг нь УИХ-ын зарим гишүүнээс сонирхсон юм.

-МАХН-ындаргаН.Энхбаярыг баривчилсан үйл явцыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Шүүхийн шийдвэр гарсан бол гүйцэтгэх нь зүй ёсны асуудал. Харин иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, улс орны хэмжээнд үл ойлголцлыг бий болгож шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх явцдаа хуулийн байгууллагынхан алдаа гаргасан. Энэ бүхэнд хэн буруутай этгээд нь хариуцлага хүлээх ёстой. Иргэдийн өмч хөрөнгөнд хэн ч халдах эрхгүй. Хэн дуртай этгээд нь ямар нэг хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс нөгөө хуулиа зөрчөөд байж болохгүй. Төрийн тусгай алба болон хууль, хүчний байгууллагынхан уялдаа холбоо муутай ажилдагаа тухайн үед болсон үйл явдлаар баталсан. Тухайлбал, тухайн хүнийг баривчлах үйл явцыг төрийн тусгай хамгаалалтынханд мэдэгдээгүй байснаас болоод асуудал үүссэн. Мөн хүний эрхийг дээдлэх үндсэн зарчмыг нэлээд гажуудуулсан. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан хэрэг нь алдаа.

-МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал болон зарим хүнийг "Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад гаргах хөдөлгөөн" өрнүүлсэн гээд цагдаагийн байгууллагынхан байцаалт авч байгаа гэсэн. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Хууль хүчний байгууллагаас тухайн хүмүүсийг тодорхой хууль, журам зөрчсөн гэж үзэж байгаа бол асууж тодруулах нь тэдний эрхийн асуудал. Ер нь ямар ч үйл ажиллагааг хуулийн хүрээнд л явуулах ёстой. Тиймээс энэ асуудалд хөндлөнгөөс дүгнэлт хийх эрх надад байхгүй.

-Н.Энхбаярыг баривчлагдахаасаа өмнө танай намын "Алтангадас" фракцийнхантай уулзсан гэдэг мэдээлэл тараад байгаа. Танд энэ талаар мэдсэн зүйл байна уу?

-Огт сонсоогүй юм байна. Гэхдээ Н.Энхбаяр гэдэг хүн "Алтангадас"-ынхантай уулзах эсэх нь хүн хоорондын харилцааны л суудал. Үүнд нэг их гайхаад байх зүйл алга. Уулзсан байсан ч яагаад болохгүй гэж. Хэн нэгэн, хэн нэгэнтэй уулзсаны төлөө нэгнийгээ харддаг тэртээх 1930-аад оны зангаа орхимоор байгаа юм. Өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа хойно хэн, хэнтэйгээ уулзах нь нээлттэй л асуудал шүү дээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.