С.Бямбацогт: Зарим гишүүд хуралд суухгүй гэдгээ шууд хэлж байна
2019.01.08

С.Бямбацогт: Зарим гишүүд хуралд суухгүй гэдгээ шууд хэлж байна

УИХ дахь Ёс зүйн дэд хорооны хуралдаан өнөөдөр /2019.01.08/ ирц хүрээгүйгээс  зургаа дахь удаагаа хойшлов. Тус байнгын хорооны хуралдаанаар маш олон асуудал хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа. Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус байнгын хороогоор ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудал, 60 тэрбум зэрэг олон асуудлыг хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа юм.

Ирц хүрээгүйгээс хуралдаагүй талаар Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт “Ер нь бол ирц хүрэхгүй байсаар зургаа дахь удаагаа дэд хорооны хуралдаан хойшиллоо. Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар иргэд, албан байгууллага, тодорхой хүмүүсийн саналаар хуралддаг.

Маш олон хуримтлагдсан асуудал хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Тухайлбал, гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг, 60 тэрбум, ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн ёс зүйтэй холбоотой олон асуудал хүлээгдэж байна. Хуралдаан зохион байгуулах хэлтэс ирц бүрдүүлэх ажлыг зохион байгуулдаг. Тус хэлтэс болон би хүртэлУИХ-ын гишүүдэд утсаар хэлж, удаа дараа сануулж байгаа.

Зарим гишүүдийн зүгээс хуралдаанд оролцохгүй гэдгээ ил цагаан хэлж байна. Ёс зүйн дэд хорооны гишүүдийг өөрчлөх асуудлыг УИХ-ын дарга хэлж байсан. Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо шийддэг. Гэтэл өнөөдөр байнгын хороо нь ч хуралдаж чадахгүй байна шүү дээ” гэдэг тайлбарыг өглөө.

Ш.ЧИМЭГ