Ч.Улаан: МАНАН өтгөрч мафийн хэмжээнд очиж байна
2019.01.08

Ч.Улаан: МАНАН өтгөрч мафийн хэмжээнд очиж байна

УИХ-ын гишүүн Ч.Улаан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ерөнхийлөгч УИХ-ын тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Парламентад олон жил зүтгэсэн гишүүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн барьсан гэх мэдээлэл байна. Бидний гар дээр энэ талаар мэдээлэл ирээгүй байгаа. Уг хуулийн төслийн үндэслэлийг төрийн гацааг арилгах гэх тайлбарыг хэлж байсан. Энэ хуулийн төсөл батлагдвал одоогийн энэ нөхцөл байдал эргэлзээгүй арилна.

-Бойкот зарласан 40 гишүүн яагаад хуулийн төсөл өргөн барьж болоогүй юм бэ?

-Өргөн барьж болох байсан байх. Хуулийн төсөл дээр ажиллаж байсан хүмүүс байсан.

-УИХ-ын үйл ажиллагаа сар гаруй хугацаанд гацлаа. Үүний шалтгааныг ахмад гишүүдийн нөлөөтэй гэх зүйл явж байна. Та энэ дээр ямар байр суурьтай байна вэ?

-Санал нийлэхгүй байна. Гурав, дөрөвхөн хүнээс болж төрийн ажил гацна гэж байхгүй. Чуулган хуралдахгүй байгаа шалтгааныг та бүхэн сайн мэдэж байгаа. Төрийн эрх барьж байгаа цөөхөн хүмүүсээс болж л төрийн гацаа үүссэн.

-Таныг сайд болно гэх асуудал яригдаж байгаа шүү дээ?

-Намын удирдах зөвлөлөөс надад үүрэг даалгавар өгсөн. Байнгын хороогоор хэлэлцэгдээд Чуулганаар орж ирэхэд төрийн гацаа болсон.

-Зарим гишүүд өмнө нь намаасаа гарч байсан хүн сайд болох ёс зүйгүй гэж ярьж байна?

-Улс төр, Засаг төрийн асуудлыг хооронд нь ялгаж салгаж ойлгох ёстой. Засгийн газар гэдэг бол мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг институт. Тиймээс мэргэжлийн тал нь илүү давамгайлах байлгүй дээ.

-УИХ-ын даргыг огцруулснаар танай намд байгаа асуудлууд шийдэгдэх үү?

-Асуудал шийдэгдэх эхлэл нь тавигдах байх гэж бодож байна. Ажил нэг эхлэх юм бол цаашдаа өргөжин тэлж явагдах байх.

-Та ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийн хувьд өвөлжилтийн байдалд анхаарал хандуулж байна уу?

-Өвөлжилтийн байдал, мал аж ахуй, газар тариалангийн өнөөгийн байдал, махны үнэ нэмэгдсэн гээд асуудлууд байна. Бидэнд энэ бүхэн байнга мэдээлэгдэж байгаа. Гэхдээ өнөөдрийн хувьд томилогдоогүй байгаа учир шийдвэр гаргаж чадахгүй байна. Асуудлыг бол мэдэрч, судлалгүй яах вэ. Бидний өдөр тутмын асуудал.

-Сайдаар томилогдвол энэ салбарт ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх вэ?

-Хэрвээ хөдөө аж ахуйн салбарыг хариуцаж ажиллавал малчдын орлогыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулна-Энэ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ, хөлсийг нэмэгдүүлэх, оновчтойгоор дотоод, гадаадын зах зээлд борлуулах, өндөр үр ашигтай байлгах ажлыг хийнэ гэж бодож байна.

-МАНАН-г та хэрхэн харж байна вэ?

-М АН АН бүлэглэл байгаа. Хөрөнгө мөнгөтэй хүмүүс улс төрийн өндөр эрх мэдэлд очсон. Хууль хяналтын байгууллагыг өөрсдийн үйл ажиллагаанд татан оролцуулж, эрх ашигт үйлчлүүлдэг болсон. Энэ нь МАНАН өтгөрч мафийн хэмжээндочижбайна. Бидэнд засч залруулах зүйл бий.

-Та шинэ МАНАН-гийн тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Эхлээд байгаа МАНАН-аа шийдээд, дараа нь шинэ МАНАН үүсэхгүй байх үндэс суурийг засч залруулъя, Т эгвэл дахиж хэзээ ч үүсэхгүй шүү дээ.