Иргэний нийгмийн байгууллагууд улс төрийн суулт зарлана
2019.01.07

Иргэний нийгмийн байгууллагууд улс төрийн суулт зарлана

"МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаалыг 2 дахь удаагаа энэ сарын 10-нд зохион байгуулна хэмээн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр мэдээллээ.

Энэ үеэр Т.Аюурсайхан гишүүн, “УИХ-ын нэр бүхий 40 гишүүн “60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг УИХ-ын даргаас шаардаж байгаа.

Энэ хүрээнд өнгөрсөн сарын 27-нд бүх нийтийн жагсаал зохион байгуулсан. Үүнд 150 гаруй иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон. Энэ удаагийн жагсаалаар мөн л УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардах бөгөөд Улаанбаатар хот болон 21 аймгийн төв талбайд нэгэн зэрэг эхлэхээрээ онцлог юм. Жагсаал зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллана” гэлээ.

Мөн энэ сарын 10-нд болох жагсаалын дараа, 150 гаруй иргэний нийгмийн байгууллага төв талбайд гэр барьж, улс төрийн суулт зарлана гэдгийг Л.Болд гишүүн хэлэв.