С.Амарсайхан: Хотын даргыг сонгох асуудал миний шийдвэр бус хоёр намын шийдвэр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгсөн. Үүнтэй холбоотойгоор шинээр хотын даргыг томилох шаардлагатай болсон ч гацаад байгаа. Энэ талаар НИТХ-ын дарга С.Амарсайханаас тодрууллаа.
–Хотын даргыг томилох хурал яагаад хойшлоод байна вэ?
-НИТХ -аар дан ганц хотын даргын асуудлыг шийдвэрлүүлэх биш Улаанбаатар хотын ногоон хөгжлийн мастер төлөвлөгөөг батлах, агаарын бохирдолтой холбоотой ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсох зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр өнгөрсөн сарын 28-нд хурлаа товлосон. Гэсэн ч НИТХ дахь АН-ын бүлэг, нийслэлийн МАН-ын хороо, Удирдах зөвлөл ажлын цагтаа асуудлаа шийдэж чадаагүй учраас АН-ын санаачилгаар хурлыг хойшлуулсан. Ингээд дараагийн хурлаа өнгөрсөн сарын 31-нд хурлаа зарласан. Мөн л баяр ёслолын өдөр таарсан, НИТХ-ын гадаад дотоод айлчлалууд давхацсан учраас хурлыг дахин хойшлуулсан. Өнгөрсөн даваа гаригт НИТХ-аар агаарын бохирдлыг бууруулах Засгийн газрын 62 дугаар тогтоолын биелэлт мөн утаагүй түлшийг нийлүүлэх бэлтгэл ажлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийг байгуулах бусад асуудлыг шийдвэрлэх тэргүүлэгчдийн хурлаа зарласан. Дахин тэгүүлэгчдийн хурлаар хуралдаад хотын даргыг томилох товыг гаргана.
–Дараагийн хотын даргад таны нэр байгаа шүү дээ.
-Миний шийдвэр гэхээсээ илүү Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид, Удирдах зөвлөлийн гишүүд олонхоороо шийдвэрлэнэ.
Э.БУРАМ