О.Баасанхүү: Энэ бүхний цаана төрийг чадамжгүй болгох гадны гар хөл болж байна гэж би хардаж байна
2019.01.03

О.Баасанхүү: Энэ бүхний цаана төрийг чадамжгүй болгох гадны гар хөл болж байна гэж би хардаж байна

Шинэ он гарсаар эхний УИХ-ын чуулган МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгээ хуралдуулах санал гаргаснаар түр хойшиллоо.  Арваннэгдүгээр сарын дундаас эхлэн ирц бүрдээгүй шалтгаанаар дараалан долоон удаа УИХ-ын чуулган хуралдаж чадаагүй. Өнөөдөр хуралдаж чадахгүй бол найм дахь удаагаа болох юм. 

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын томилгоо, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах, Зам тээвэр, хөгжлийн сайдыг чөлөөлөхөөс эхлээд улс орны өмнө тулгамдаж буй олон асуудлыг сар гаруйн хугацаанд чуулганы ирц бүрдээгүй учраас хэлэлцэж чадсангүй. 

УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдээд буй. Харин энэ асуудал хуулийн хүрээнд биш тул чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй гэдгээ УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдээд буй бөгөөд энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлсэн ч мөн л хууль зүйн үндэслэлгүй хэмээн хэлэлцэхээс татгалзсан. 

Харин энэ асуудалд УИХ-ын гишүүн О.Баасанхүү 40 гишүүн нэгдээд УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, өөрөөр хэлбэл УИХ-ын даргыг огцруулах боломжтой хуулийн төслийг өргөн барьж, хуулийн хүрээнд асуудлыг шийдэх боломж байгааг хэлсээр байгаа юм. 

-Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өөрийнхөө бодлыг хэлбэл?

-Ард түмэн 65 гишүүнийг Үндсэн хуулийг өөрчилж болно, УИХ-ыг хуралдуулж, тарааж болно гээд эрхийг нь өгсөн. Нөхдүүд сонгуульд орохдоо бүгд намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, намайг сонгоод өгөөч би сонгогдвол ажил хийе гээд УИХ-ын гишүүн болсон гэж ойлгож байна. Миеэгомбын Энхболд гэдэг хүнийг огцруулж, тэр хүнтэй тэмцэнэ гэж УИХ-ын гишүүн болсон гэж ойлгохгүй байна. БИ М.Энхболдыг өмөөрч байгаа юм биш. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд манай намын хамгийн мундаг, хамгийн хайртай хүн гээд, УИХ-ын дарга болоход нь 65-уулаа кноп дараад сонгосон шүү дээ. Одоо юунаас болоод чуулганыг хуралдуулахгүй байгааг ойлгохгүй байна. Тэмцээд байна гэх юм, юуны төлөө тэмцээд байгааг нь ойлгохгүй байна. Тэмцэл улс төрийн, эдийн засгийн гэсэн хоёр хэлбэртэй.

Эдийн засгийн гэхээр мөнгө, цалин хөлс, санхүү гээд эдийн засгийн холбогдолтой шаардлага тавиад түүнийгээ биелүүлдэг. Харин улс төрийн гэхээр эрх мэдэлд хүрэхийн төлөө. Өөрөөр хэлбэл энэ хүнийг чөлөөлөөд би Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болоод төрийн эрх мэдэлд гараад та нарын хийж чадаагүйг бид хийнэ гэдэг. Гэтэл эд нар чинь өөрсдөө эрх мэдэлтэй байж, эрх мэдлийн асуудлаар тэмцэл хийнэ гэхээр би ойлгохгүй байгаа юм. М.Энхболд огцор, огцрохгүй бол нийт ард түмний хурцын хурц тэмцэл хийнэ ч гэх шиг.

Хэний эсрэг хэн тэмцээд байгааг ойлгохгүй байна. Яагаад гэхээр өөрсдөө гаргаж ирээд дараа нь өөрсдөө больё гэдэг чинь тэдний л асуудал биз дээ. Энэ УИХ-ын үйл ажиллагаанд ямар хамаатай юм бэ. Их тэнгэрийн гадаа зогсоод, жагсаад оруулахгүй гээд зам дээр нь дээшээ харж хэвтээд, хувцас хунараа тайлаад ингээд яв л даа. УИХ гэдэг бол шал өөр асуудал. Ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгох, Зөрчлийн хуулийг өөрчлье, Эрдэнэтийн 51 хувийн асуудалд сар бүр 1,2 сая америк долларын торгууль тавиад байгаа зэрэг яаралтай шийдэх олон асуудал байна. 

-Та хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл оруулж ирээд хуулийн дагуу шийдэх боломж байна гэж буй?

-УИХ-ын даргыг би өргөдлөө өгчих гэсэн “Үгүй” гэсэн. Тагнуулын ерөнхий газрын дарга Гэрэл хажууд нь байсан, миний гэрч. Би үүнээс илүү өөр яах юм бэ. Тэр хүн нь “үгүй” гэж байвал 40-үүлээ юм чинь хуулиа өргөн бариад түүнийг нь батлахгүй байна гээд тэмцвэл би ойлгоно. Гэтэл ийм боломж байхад хийхгүй байж, УИХ-ын чуулганыг бойкотолно гэдэг ард түмнээ барьцаалж, ард түмнээ доромжилж, шаардлагатай хэрэгцээтэй зүйлийг хийхгүй төрийн үйл ажиллагааг санаатай гацааж байгаа олигархуудын бүлэглэлийн дайн байна гэж харж байна. 

-Хоорондоо эв зүйгээ олох хугацаа нэлээд өнгөрлөө. Гэвч өдийг хүртэл гацаанд байсаар байна. Таны хувьд ямар гарц байна гэж бодож байна вэ?

-Хоёр арга байна. Нэгт эрх нь байгаа юм чинь УИХ-ыг тараая гэвэл тараа. Эсвэл У Миний хэлээд байгаа гол санаа бол энэ нөхөд хэний эсрэг тэмцэж байгаагаа ойлгохгүй байна. УИХ-ын даргын эсрэг юм уу, УИХ-ын эсрэг юм уу? УИХ-ын даргын эсрэг юм бол тэр хүнтэйгээ ярь. УИХ-ын даргыг орлох хоёр хүн байна. Чуулганыг хуралдуул л даа. УИХ-ын чуулган хуралдахаар эд нар өөрсдөө балрах гээд байна шүү дээ.

ЖДҮХС-ийн асуудалтай холбоотой 20 гаран гишүүний хавтаст хэрэг бэлэн болчихсон өнөөдөр ч өргөн барихад бэлэн байна. Үүнийг би ч хэлээд байгаа юм биш намын бага хурал дээрээ Ц.Нямдорж хүртэл хэлсэн байна лээ. Нэг хүнтэй тэмцэх гэж байгаа юм бол тэр хүнтэйгээ л тэмц. Гэр оронд нь, тэр Их тэнгэрийнх нь гадаа очоод тэмц. Төрийн ажлыг гацааж байгаа зорилгоо МАНАН энэ тэр гэж худал ярихаа боль. МАНАН-гийн эсрэг тэмцээгүй. МАНАН-гийнхан МАНАН-гийн эсрэг тэмцэхгүй шүү дээ. Энэ бүхний цаад зорилго нь Монгол Улсыг, Монгол төрийг чадамжгүй болгох гээд зохион байгуулалттайгаар гадны гар хөл болоод явж байна гэж би хардаж байна. 

Өнөөдрийн дотор энэ асуудлаа зогсоохгүй бол би хуралдаа суухгүй байгаа гишүүдтэй очиж лайв бичлэг хийнэ. Та юуны төлөө тэмцэж байгааг нь асууя. М.Энхболдтой тэмцэж байвал түүнтэйгээ л тэмц. 

Манай нам 76-уулаа сонгуульд орсон 75-ыг нь ард түмэн бол О.Баасанхүү та ажил гэсэн. Би ажлаа хиймээр байна. МАН ч гэсэн 76-уулаа сонгуульд өрсөлдсөн 65-ыг нь ажилла гэсэн. Гэтэл өнөөдөр нөгөө 65 нь хоорондоо тэмцдэг хошин шог. Тиймээс бүгд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах хэрэгтэй. Та нар ч асуу, би ч уулзъя. Хаалга үүдийг нь балбая. Намын дарга хүн намаасаа хөөдөг юм уу яадаг юм зөндөө арга байна. Би аргаа бараад хэлсэн надад бүлгийн даргынхаа ажлыг өгчих өө, би долоо хоногийн дотор асуудлыг шийдэж чадна гэсэн. 

Би уг нь хүний намын асуудал юм даа гээд харзнаад соёлтой хандаад байсан чинь сүүлдээ хатуухан хэлэхэд Монголын ард түмнийг барьцаалж байгаа бузар булай, нөгөө талаас шоронд орохгүй гэсэн цөөхөн хоног амь зогоож байгаа хэлбэрийг харахаар ичиж үхэж байна. 

У.Хүрэлсүхийг, Х.Баттулгыг би мэднэ ээ. М.Энхболдыг ч би мэднэ. Энэ нөхөд өнөөдөр Монгол төрөөр ингэж тоглох болоогүй. Монгол төр эд нарт буянаа өгсөн. Төрийн хамгаалалтад, төрийн цалин аваад, эрх мэдэлтэй том дугарах эрхтэй болсон. Тэгээд өнөөдөр монголын ард түмнийг доромжилж болохгүй. Төрийн ордонд ирж ажлаа хий. Авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох эрх нь өөрт нь байхад яагаад ажлаа хийхгүй байгаа юм, У.Хүрэлсүх. М.Энхболдтой, М.Энхболдгүй эдгээр асуудлыг шийдэх боломж байна шүү дээ. Юу ч хийж чадахгүй байгаа юм шиг нэг хүнтэй тэмцээд байгааг нь ойлгохгүй байна.