Шинэ “зүтгүүр”
Өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн хотын мээр Су.Батболдын суудал 20 гаруй хоног эзэнгүй байлаа. Түүний ажлыг хэн авах нь улс төрийн хүрээнд сонирхолтой сэдэв байв.
Тэгвэл эрх баригч нам дотооддоо зөвшилцсөний эцэст өдгөө НИТХ-ын даргаар ажиллаж буй С.Амарсайханыг хотын захирагчаар томилох шийдвэр гаргажээ. Болсон процессыг дэлгэрүүлбэл, нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн 60 гаруй хувь нь дэмжсэн байгаа юм. Харин Төв намынх нь Удирдах зөвлөл 100 хувийн саналтайгаар түүнийг хотын даргад тэнцэнэ гэж үзжээ. Одоо түүнийг НИТХ-аар батламжилж, хотын дарга болгоно гэсэн үг. Хотын ажлыг холын хүнд өгсөнгүй, тэд.
Харин ч хамгийн ойр буюу НИТХ дотроосоо томилохоор шийдсэн нь талархууштай шийдвэр болж байна. Дотроосоо хүнээ томилж гэмээнэ эргээд хариуцлага ярьж, ажлын үр дүн нэхэхэд ч амар болно. С.Амарсайханы талаар олон зүйл сонсогддог. Өнгөрсөн хугацаанд тэр чамгүй удирдагч гэдгээ харуулсан. Нийслэлийн иргэдийн хурлыг удирдахаас эхлээд залуу хүний хувьд өсөн дэвжиж явна. Гэхдээ зөв замаар урагшилжээ. АНУ-д боловсрол эзэмшсэн тэрбээр төр, хувийн хэвшлийн салбарт 1991 оноос хойш тасралтгүй ажиллаж иржээ.
НИТХ-ын төлөөлөгчөөр гурван удаа сонгогдсон, БНХАУ-д суугаа элчин сайдын яамны Консулын ажилтан, атташе зэрэг албыг хашиж байсан намтартай. Гурван орны хэлээр чөлөөтэй ярьдаг гэх мэтээр боловсролын хувьд ч чамлахааргүй нэгэн юм. 90 гаруй жилийн түүхтэй Ардын намд залуу үеийн цаг ирснийг тэд ингэж нотолж байна. Залуу хүний тууштай, зоригтой зангаар нийслэлийн өнгө төрхийг өөрчлөх, хотын хөгжлийг хурдасгах ажилд шамдана гэсэн итгэл ч олон хүнд бий.