Ц.Даваасүрэн: УИХ-ын дарга ажлаа өгөх эсвэл УИХ тарах нөхцөл үүсчихлээ
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс улс төрд үүсээд байгаа цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг болох хуулийн төсөл санаачилсан. Энэ төслийг УИХ-аар хэзээ хэлэлцэх вэ?
-Манай хуулиар УИХ-ын дарга гэдэг бол хурал даргалагч. Түүнээс биш илүү эрх эдлээд байх юм биш. УИХ-ын тогтвортой байдал гэдэг бол УИХ-ын даргын асуудал биш, 76 гишүүний асуудал. Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан хуулийн төсөл бол нэг гарц мөн. УИХ-ын олонх нь хуралдаа оролцохгүй байдал үүсчихээд байхад УИХ-ын дарга нь ажиллах боломжгүй болно. Тэр талаасаа энэ хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Өнөөдөр УИХ-ын дарга ажлаа өгөх эсвэл УИХ тарах нөхцөл байдал үүсчихлээ. Төрийн үйл ажиллагаа ингэж удаан гацаж болохгүй.
-УИХ-ыг тараах асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ чадамжгүй болвол УИХ тардаг. Одоо бол УИХ чадамжгүй болчихлоо. Тийм учраас би УИХ тарах нөхцөл бүрдэж байна гэж харж байна. Ийм байдалтай байхын оронд тарсан нь дээр.
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхэд ирц бүрдэх үү?
-Бүрдэнэ. Яагаад гэвэл УИХ-ын гишүүдийн олонхи нь болох 40 гишүүн дэмжиж байгаа.
-МАН-ын хагарлаас үүдэлтэй төрийн гацаа хэзээ арилах бол?
-Яагаад нам гэж. Энэ бол улс төрд шинэтгэл хийх тухай асуудал. Шударга бус зүйлийг л цэглэх гээд байгаа юм. Зарчимтай амьдармаар байна шүү дээ. Нэг хэсэг нь хэдэн тэрбумаар нь завшаад байж болохгүй биз дээ. Тэгэхээр энэ бол улс төрийн тэмцэл биш. Хариуцлагатай амьдрах тухай асуудал юм.