Ч.Улаан: Өөрийн итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргана
2012.04.06

Ч.Улаан: Өөрийн итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргана

УИХ-ын гишүүн Ч. Улаантай ярилцлаа.
-Сүүлийн үед танай намын удирдлагууд жирийн гишүүдтэйгээ захидлаар харьцдаг моод гарчихаа юу даа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Би сая хөдөө бараг сар гаруйн хугацаа.нд ажиллаад ирлээ. Энэ хооронд нэлээд үйл явдал өрнөжээ. Намын удирдлагуудынхаа жирийн гишүүдтэй захидлаар харьцаад байгаад нь их харамсч байна. Гишүүд намынхаа нийтлэг эрх ашгийн төлөө дуугарах ёстой. Үг хэлэх битгий хэл тэмцэх ч ёстой гэж би боддог. Яагаад гэвэл нам бол үзэл бодлоороо нийлсэн олон мянган гишүүний нэгдэл. Тэрхүү олон ургальч үзлийн үндсэн дээр баяжиж байж намын үйл хэрэг явах .учиртай. Гэтэл гишүүдийнхээ үг хэлэх эрхийг нь хааж боогоод, цензур тавиад байгаа нь өнөө цагт тохиромжгүй. Тэр тусмаа ардчиллын шаардлагад нийцэхгүй байна. Ер нь хэн ч гэсэн аливаа шүүмжлэлийг хүлээж аваад сайжруулж чадна гэж итгэсэн хүндээ хэлдэг юм. Түүнээс биш ямар ч үг хэлээд нэмэргүй гэсэн хүндээ шүүмжлэл хэлэхгүй чимээгүй явдаг.

-Сүүлийн үед танай нам дотор МАХН, МАН хоёрыг нэгтгэх зорилготой хүмүүс фракц байгуулах асуудал яриад байгаа юм болов уу гэж харагдаж байна. Та тэдэнтэй санал нийлж байгаа юу?

-Нэг орон зайд яваа, үүсэл гарвалын хувьд ч нэг, нэг үзэл баримтлалтай энэ хоёр нам талцаад байгааг ард түмэн таашаахгүй байна. Иргэдийн зарим нь "Ирэх сонгуульд хамт орж, ард түмнийхээ итгэлийг хүлээгээч. Хэл амаа ололцооч" хэмээн зөвлөж байгаатай нь таарсан. Би ч ийм бодолтой яваа. Энэ хоёр нам хамтарч ажиллах нь зүйтэй гэж хатуу боддог. Ер нь нийтлэг эрх ашгийн төлөө бусад жижиг эрх ашгийг зохицуулж байх ёстой. Энэ үүднээсээ асуудлыг том хараасай. Манай нам дотроо хагарч, бутарч яваад сайн зүйлд хүрэхгүй.

-Гэхдээ фракц байгуулъя гэж ярьсан гишүүдийн зарим нь хэлсэн зүйлээсээ урваж, зугтаад байгаа тал байгаа юм шиг билээ...

-Фракц байгуулъя гэсэн яриатай би таарч байгаагүй. Байгуулж магадгүй байсныг нь хэвлэлээс уншсан. Гэхдээ яагаад нам дотор фракц байгуулж болохгүй гэж. Нам дотор хэсэг бүлгээрээ хуйвалдаж, бүлгэрхэж, өнгө, мөнгө албан тушаалын төлөө явдаг асуудал байж болохгүй. Тэрний оронд ил тод фракцтай байсан нь дээр. Манай иргэд заримдаа юмыг айхтар онож хэлэх юм аа. Сая тойрогтоо ажиллаж явахад нэг залуу "Нам гэдгийг ойлгохоо байчих-лаа. Сэм хуйвалдаж нам дарахыг нам гээд байгаа юм уу даа" гээд ярьж байна. Үнэн л үг. Ер нь ард иргэд намын тухай ийм л ойлголттой яваа юм байна.

-Таныг намаа шүүмжиллээ гээд маргааш сануулах бичиг ирвэл яах вэ?

-Сануулга ирэх, ирэхгүйг би яаж мэдэхэв.

-Фракцын тухай яриа намжмал байдалд орчихлоо. Гэхдээ таныгэнэ фракцыг "амь" оруулж, хүч нэмэхээр шийдчихэж гэж ойлголоо, зөв үү?

-Фракц байгуулна гэсэн зоримог итгэл үнэмшилтэй яваа юм бол нэг сануулга гэдэг албан бичиг авсны төлөө зогсч болохгүй. Хүн өөрийнхөө үзэл бодолд тууштай үнэнч байх хэрэгтэй. Энэ намын төлөө санаа зовж явдаг олон зүйл надад бий. Өөрийн гэсэн хатуу бодолтой. Түүнийгээ ч илэрхийлж явдаг. "Элсний 13" хэмээн нэрлүүлж явсан цаг ч надад байдаг. 1996 онд намаа цөөнх болчихоод байхад ард түмний алдагдсан итгэлийг эргүүлж олж авахын тулд намынхаа төлөө тууштай тэмцэж явлаа. Миний итгэл үнэмшил хэвээрээ байгаа. Харам-салтай нь намынхаа өнөөгийн үйл ажилла-гаанд сэтгэл дундуур явна. Жишээ нь манай нам сонгуулийн дараа ард иргэдийн өгсөн итгэлийг баталгаажуулж чадаагүй. Олон мянган дэмжигчдийнхээ итгэлийг алдсан. Сонгуульд өрсөлдөөд ялагдсан намтайгаа бид эвсэл болсон. Тиймээс ард түмэн хатуу ч гэлээ үнэн үг хэлж байна. "Та нар АН-д буугаад өгчихсөн шүү дээ. УИХ-д болж байгаа үйл явдлаас энэ бүхэн тодорхой харагдаж байна. Та нар олонхи байж чадаж байгаа юм уу. АН-ын араас дөрлүүлчихсэн явж байна" хэмээн шүүмжилж байна. Үнэхээр манай намын үйл ажиллагаа, шинэчлэлийн ноён нуруу хазайж байна. Мөнгө, хөрөнгө албан тушаалын төлөө хэт их хөөцөлддөг боллоо. Ил далд элдвээр хуйвалддаг болжээ. Эд хөрөнгө албан тушаалд хэт их шунаж байгаа нь ажлын, улс орны эрх ашгийг орхигдуулахад хүргэж байна. Үүнтэй нь санал нэгддэггүй зарчим ярьсан гишүүдээ ул ойшоож байна. Тэднийг зөвхөн хурлын ирц бүрдүүлэгч, кноп дарагч мэтээр ойлгож байна. Ийм байж болохгүй.

Нөгөө талаар нам гэдэг бол сонгуульд ялалт байгуулж, бодлого зорилгоо хэрэгжүүлдэг нэгдэл шүү дээ. Энэ зорилгод нийцсэн зарим гишүүний санал санаачилгыг дэмжихгүй байна.

Ард иргэд "Амлаад байсан амлалтууд чинь юу болж байна. Та нарын бэлэн амласнаар бол бидэнд 1.5 сая биш 2.5 сая төгрөг өгөх ёстой. Тэр нь хаана байна" хэмээн асууж байна. Дээрээс нь Таван толгой, газрын тос боловсруулах үйлдвэрээс эхлээд улс орны суурь зангилаа болсон асуудлууд ойлгомжгүй байгаа шүү хэмээн ард түмэн биднийг сонжиж байна. Даанч энэ бүхэнд нь УИХ-ын гишүүд бид итгэл үнэмшилтэй, бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй байна. Учир нь төрийн хийсэн ажлыг аваад үзэхээр УИХ, Засгийн га-зар хоорондын уялдаа алга. Энэ нь одоо болоод байгаа Засгийн газрын гишүүн байсан, одоо гишүүн байгаа хоёр хүний хоорондын маргаанаас ил болж байна.

Ер нь өнгөрсөн дөрвөн жил энэ Засгийн газар яаж ажиллаж байсан юм.

Байх ёстой танхимын дэг журмаа мэддэггүй байсан юм уу, хууль дүрмээ мөрддөггүй байсан юм уу. Нэгдсэн сахилга дэг журам гэж байгаагүй юм биш үү. Эцэстээ энэ бүхний хариуцлагыг Ерөнхий сайд хүлээх ёстой. Тэдний дунд яс хаяж маргалдуулаад байгаа юм шиг хараад суугаад байх хэрэггүй. Намаа сонгуульд ялуулахын төлөө ул суурьтай бодох ёстой. Миний хувьд намдаа ажил хэрэгч саналыг удаа дараа дэвшүүлж байсан. Намын удирдлагууддаа санал санаачилга хүргүүлж байсан. Өнгөрсөн гурван жил хамтарсан Засгийн газрыг овоо ажил амжуулах юм байна гэж бодоод дуугүй дэмжиж байсан. Гэвч бидний итгэлийг алдлаа. Тэгэхээр одоо асуудалд бодитой хандмаар байна. Шүүмжлэх асуудлыг шүүмжилнэ. Засал авахгүй байгаа асуудалд хатуу байр суурьтай хандахаас өөр арга алга. Эцэст нь өөрийнхөө итгэл үнэмшлээр шийдвэр гаргана. Түүнээс биш хэн нэгнийг дагаж ийш тийшээ явахгүй. Өөрийнхөө итгэл үнэмшлээр хийсэн шийдвэрээсээ харин хэзээ ч буцахгүй. Өдий олон жил төрд ажиллахдаа хийсэн алхмынхаа араас айж хулчганаж яваагүй юм.

-Та ямар шийдвэр гаргах гэж байгаа юм?

-Түүнийг цаг хугацаа харуулна.

-Намаа шүүмжлээд байгаа гишүүдийг намаасаа гарах нь гээд байсан. Үнэн юм болов уу?

-Ажил хэрэгч санал хэлснийх нь төлөө шахаж, хавчаад байвал гарахаас өөр хаачдаг юм өт хорхой хүртэл оролдоод байвал атирдаг биз дээ.

-Намынхаа сануулгын хариуг бичсэн Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нарын гишүүд  нам дотроо ганцаардаад байгаа юм шигбилээ...

-Шударга үнэний төлөө явж байгаа хүн ганцаардана гэж байдаггүй юм гэсэн. Миний хувьд олон зүйлээр тэдэнтэй санал нэг байгаа. Санал бодол нэгдэхгүй ч асуудал бий. Бүх хүнийг нэг хэвэнд цутгачихсан юм шиг байдаггүй биз дээ.

-Ер нь таныг намаасаа гарч ч магадгүй юм байна гэж ойлголоо...

-Өөрийнхөө ойлгосноор л бод.

-Долдугаар сарын 1-ний шүүх хурал хойшлоод байна. Энэ асуудлын талаар таны байр суурийг сонсъё?

-Хуульч хүн биш учраас элдэв тайлбар хэлж чадахгүй. Ард түмэн үүнд санаа зовж түгшиж байгаа. Долдугаар сарын 1-ний бүх асуудал хүний нүдэн дээр ил болсон. Тийм учраас шүүх хурлыг олны нүдэн дээр ил хуйх ёстой.

-Сонгууль луйвартай болсон учраас ард түмэн үзэл бодлоо илэрхийлж жагссан. Ингэх эрх нь ард түмэнд бий. Харин тэдний өөдөөс буу шагайх нь гэмт хэрэг юм биш үү?

-Мэдэхгүй. Хэн хэнийг буудсаныг хэн тогтоосон юм. Ард түмэн үүнд л хариулт хүсч байна. Түү-  нээс биш ард түмэн үзэл бодлоо илэрхийлэхийг буруушаагаагүй. Ирэх  жилийн сонгуулийг хөрөнгө мөнгөнөөс ангид  үймээн шуугиангүй, шударгаар ил тод явуулаасай л гэж бодож байна.

-Ц.Нямдорж сайд "Монгол Улс сүүлийн 20 жил болж бүтсэнгүй" гэж яриад байна. Гэтэл тэр хүн өөрөө энэ хугацааны 16 жил төрийн өндөр албан тушаал хашжээ. Тэгэхээр Монгол Улсыг болохгүй зам руу оруулсан хүн нь өөрөө юм биш үү?

-Хувь хүний юу ярихыг би шүүхгүй. Ард түмэн үүнийг өөрөө сонсоод, үзэж дуулснаараа шүүх байх. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэн үеийг л тэр хэлсэн байх. Тэр үед хэн ажилласан ажиллаагүйг онцлоогүй байлгүй дээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.