2011.07.09
Ч.Улаан: Уяач морь хоёрын энерги, хүсэл зорилго зохицож байж морь хурдалдаг
Жил бүрийн надмаар хурдан буянуудаар сойж айраг түрүү авч хиймороо бадраадаг уяач улстөрчид дунд цөөнгүй бий. Тэдний нэг УИХ-ын гишүүн, Монгол Улсын адарт уяач Ч.Улаантай уулзаж ярилцлаа.
-Наадмын өглөө дөхөх тусам уяачид амьсгаа, хоол хүнс, алхаа гишгээгээ хянах хамгийн хариуцлагатай үе болохоор уяанаасаа холдоггүй. Энэ жил та хэдэн насанд морь уяж байна?
-Төрийн наадам болох гэж байна. Энэ жилийн хувь Хүннү гүрний 2220 жил, Ардын хувьсгалын 90 жил гээд дөрөв таван ой давхцасан сайхан наадам болно. Тэгэхээр морь уядаг, сонирхдог монгол эр хүн байна төрийнхөө наадамд хурдан хүлгийнхээ тоосыг өргөнө. Бүх насанд хурд хүчээ үзэхээр уяа сойлгоо тааруулж сууна. Дахвилууд хийгдэж морьдын өнгө, шандас гайгүй байна. Бүх давхилууд дуусахаар аль морио уралдуулахаа шийднэ. Ер нь бүх насанд уралдуулах санаатай байгаа. Зуншлага сайхан байгаа болохоор тарга тэвээргэ, хоол тэжээлд нь санаа зовох зүйл харьцангуй бага байна. Миний хувьд уяан дээрээ өдөр бүр очиж байна. Орой нь очиж хоноод өглөө нь ажилдаа ирдэг.
-Уяачид хэд хэдэн давхил хийсний дараа манай тэр л хурдан буян энэ жил юм дуулгана даа гэж таамагладаг. Таны хувьд хэдэн насанд ийм найдвар тавиад байна?
-Уяачдын бодлого, зорилго ийм л байдаг. Энэ жилийн хувьд хоёр том наадамд уралдъя гэж бодож байна. Уяандаа Хийморсан гэдэг нутгийн хүн төдийгүй худ минь хамт байгаа. Энэ жил Увс аймагт баруун бүсийн наадам, аймгуудын ой гээд наадмууд олон байгаа. Тэгэхээр улсын наадам, даншиг наадамд бүтэн настай уралдах бодолтой байна.
-Сүүлийн үед дараалан болсон давхилуудаас харж байхад энэ жил ямар зүсмийн морьд хурдтай байна. Уячдын харснаар үнэхээр тухайн жил нэрлэсэн зүсмийн хүлгүүд хурдалдаг?
-Уяач хүн улсынхаа баяр наадамд тоосоо өргөөд зогсохгүй айраг, түрүү авна гэж л жилийн турш хөдөлмөрлөдөг. Наадмын маргаашнаас эхлээд хурдан хүлгүүдийнхээ өвөлжилт, хаваржилт гээд отор нүүдэл хийгээд, хурдан хүлгийнхээ байнгын дасгал сургуулилт хийнэ. Наадмын бэлтгэл жигдэрчихлээ. Давхилуудаас хараад энэ жил өмнөх жилүүдээс арай илүү наадах болов уу гэсэн бодол төрсөн. Манай уяанаас их нас, азарга хоёр гурван сунгаад өнгөлж хурдтайгаа байгаа гэдгээ харууллаа. Үрээ морьдын уяа сойлго таарч байна. Одоо бүх бэлтгэл жигдэрч наадмын өмнөх өдрийн хоол, нойр шийдэх үлдээд байна. Энэ жилийн ажиглаад байхад манай уяанаас бүгээн зүсмийн адуу өнгөтэй байгаа. Бусад уяачдын галаад явсангүй. Наадам ойртохоор Хүй долоон худаг руу бууна.
-Алдарт уяачдын гэрт орохоор хиймортой, сайхан байдаг гэдэг. Та энэ жил Хүй долоон худагтаа ямар гэр барих гэж байна?
-Алдарт уяач цол аваад нэлээд хэдэн жил болчихлоо. Уяачид наадам ойртох тусам аливаа болгоомжтой, хүндэтгэлтэй, билэгшээлтэй хандана. Орон байр, хоол ундаа тохируулна. Чамбай уяачид уяа эхэлсэн үед хонины бөгс мах идэхгүй байх жишээтэй. Яриа хэл, явдал суудал, арын албыг хүндэтгэлтэй ханддаг. Тиймээс алдарт уяачдын гэр бараа сайхан байдаг нь ийм учиртай. Төрийнхөө наадамд хурдан хүлгээ сойж байгаагийн хувьд бас хүндэтгэлтэй хандаж уяан дээрээ сийлбэртэй гэр барьдаг. Хүй долоо худагтаа бэлэг дэмбэрэлийг бодож мөн л сийлбэртэй сайхан гэр барьдаг.
-Монгол эрчүүд хурдан морь сонирхох, уях нь нэмэгдсэн. Тэр хэрээр хурдан хүлгүүд өндөр үнээр зарагдах болсон. Сүүлийн жилүүдэд гадаадаас араб морьд оруулж ирж эрлийзжүүлэх болсон. Харин таныг араб морь авдаггүй, монгол моринд бол нүд, мөнгө хайрлахгүй гэдэг?
-Залуучууд морь уях нь нэмэгдсэнд билэгшээд байгаа. Ардынхаа ёс заншил, уламжлалыг суралцах энэ том сургуульд залуучууд орж ирж байгаа нь үнэхээр сайн. Сүүлийн хурдан хүлгийн арилжаа, солилцоо аймаг сум алгасаж байснаа тив дамнадаг болж. Монгол адуугаа тодорхой чиглэлээр нь бодлоготой, шинжлэх ухааны үндэстэй сайжруулах нь зөв. Харин учраа мэдэхгүй гадна дотноос морь авчираад монгол адууныхаа генийг эвдчих вий гэж их болгоомжилдог. Тэгвэл эргэж нөхөх, засахын аргагүй алдаанд хүрнэ. Ийм бодолтой байдаг болохоороо ч тэрүү би уяандаа нутгийн монгол адуугаа уядаг. Сүхбаатар аймгийнхаа Дарьгангын адуугаараа уралдах дуртай. Нутаг орон, найз нөхөд, сонгогдсон тойргийн иргэдийн нэрийг гаргах, далд захиа даалгавар бас байна.
-Та анх морь уяхдаа өөрийн унаган адуунаас авсан уу, зорьж явж хурдан хүлэг худалдаж авсан уу?
-Манай төрлийн хүн анх сүргээсээ хурдан удмын морь бэлэглэснээр эхэлсэн. Мэдээж морь уяж байгаа, морь сонирхож орж байгаа хүн их насны хурдан морь худалдаж авах ёстой. Морьны наймаа хийнэ гэдэг монголчуудад уламжлагдаж ирсэн хэвийн үзэгдэл. Хурдан морь хүн хүний өнгөнд дээр өөр өөр дахидаг. Тэгэхээр уяач, морь хоёрын энерги, хүсэл зорилго зохицож байж морь хурдалдаг. Манай дээдсээс уламжилж ирсэн адууг би сүүлд олж авсан. Аавын минь ахын талд байсан. Өвөг дээдсээс уламжилж ирсэн морьны үр удмыг хадгалж үлдэх сонирхолтой байна. Миний аварга зээрд гэдэг хурдан буян маань шүү дээ. Өнөөдөр аварга зээрд минь сүрэгтээ байгаа.
Дарьгангын хүлгүүд жил бүрийн наадмаар хурдаа гайхуулж, айраг, түрүүг авдаг. Яагаад энэ нутгийн хүлгүүд хурдан байдаг юм бэ?
-Сүхбаатар аймгийн Дарьгангын нутгийн хүлгүүд хурдтай байдаг. Тийм болохоор адууны нутаг Дарьганга гэж хэлдэг. Үүний судлаад үзэхээр морьд нь хурдан байх түүхийн улбаатай юм билээ. Дарьганга өвс ургамал тэгширсэн, өвөл нь зуд турхан болохгүй өнөтэй сайхан ордог угаасаа адууны сайхан нутаг. Тийм болохоор өвөг дээдэс, хаад ноёд, цэргийн агтыг Дарьгангын нутагт малладаг байсан. Монгол орны газар газраас шилдэг морьдыг цуглуулаад адуулдаг байсан. Манжийн хааны үед торгон цэргийн агтыг мөн адуулдаг байж. Сүхбаатар аймаг шавь тав, дөрвөн ханд хамаарагдахгүйгээр сүрэгчин хошуу гэдэг засаг захиргааны нэгж байж. Тэр үеэс адуу нь сайжирсаар байгаад өнөөдрийг хүртэл сайн морьдын шинж хадгалагдаж үлдсэн байдаг. Тиймээс өнөөдөр Дарьгангын адуу хурдан байгаа юм.
Дарьгангын хүлгүүд жил бүрийн наадмаар хурдаа гайхуулж, айраг, түрүүг авдаг. Яагаад энэ нутгийн хүлгүүд хурдан байдаг юм бэ?
-Сүхбаатар аймгийн Дарьгангын нутгийн хүлгүүд хурдтай байдаг. Тийм болохоор адууны нутаг Дарьганга гэж хэлдэг. Үүний судлаад үзэхээр морьд нь хурдан байх түүхийн улбаатай юм билээ. Дарьганга өвс ургамал тэгширсэн, өвөл нь зуд турхан болохгүй өнөтэй сайхан ордог угаасаа адууны сайхан нутаг. Тийм болохоор өвөг дээдэс, хаад ноёд, цэргийн агтыг Дарьгангын нутагт малладаг байсан. Монгол орны газар газраас шилдэг морьдыг цуглуулаад адуулдаг байсан. Манжийн хааны үед торгон цэргийн агтыг мөн адуулдаг байж. Сүхбаатар аймаг шавь тав, дөрвөн ханд хамаарагдахгүйгээр сүрэгчин хошуу гэдэг засаг захиргааны нэгж байж. Тэр үеэс адуу нь сайжирсаар байгаад өнөөдрийг хүртэл сайн морьдын шинж хадгалагдаж үлдсэн байдаг. Тиймээс өнөөдөр Дарьгангын адуу хурдан байгаа юм.
-Хурд, хүч, оньчоо сориход тухайн жилийн наадмын өдрийн тэнгэр, онгод их нөлөөлдөг гэдэг. Таны хувьд хамгийн сайхан онгодтой, тэнгэртэй наадсан жил хэдийд вэ?
-Хамгийн онгодтой байсан жил гэвэл 2004 он. Тэр жил аварга зээрд минь хурдтай сайхан байж би улсын наадам, бүсийн наадмын түрүү, аман хүзүү гурав, Их хурд наадмаас айраг авсан. Мөн Алтан овооны тахилгын наадамд түрүүлсэн дээ. Бас тэр жил миний бэдэрт хул, бүжин хонгор гэдэг хоёр хязаалан Алтан овооны наадамд хоёр, гурваар давхисан. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор эзэн Чингис хааны дүрстэй алтан медаль авсан. Хэрлэнгийн хөдөө аралд болсон даншиг наадамд соёолон үрээ минь гуравт дахиж одтой сайхан наадсан.
-Хурдан буян гэж нэрлэдэг нь цаана учиртай байх. Уяачид морьны тоосонд жил тойроод наадмын өдрүүдэд л үр дүнг нь үздэг. Улсын наадамд түрүү айраг авсны бай шагнал тэр хөдөлмөрийг үнэлж чаддаг уу?
-Улсын наадмын бөх, сурь, морьны бай шагналыг төсвөөр нь баталдаг. Тийм их биш л дээ. Улсын наадмын түрүү авахад 800 мянган төгрөгийн шагнал авч байсан. Харин морьны олимп буюу дөрвөн жилд нэг удаа болдог Их хурдын бай өндөр. Миний морь гурвалж жийдээр шагнуулж байлаа. Мөн Алтан овооны наадмаас жийп машинаар байлж байсан. Монгол уяачид тэр хэмжээгээр мориндоо хүндэтгэлтэй хандаж, дээдэлж байж л хурдлуулна. Уяачид залуужиж нэмэгдэж байгаа нь сайн. Гэхдээ хамгийн гол нь өөрсдөө уяах хэрэгтэй. Ингэхгүй бол сүүлдээ хошин яриа гарч байна. Олон төрлийн уяач байна. Тод манлай, алдарт уяач гээд цаашилвал босс уяач, эзэн уяач, зочин уяач, жуулчин уяач гэж байна. Хамгийн гол нь өөрсдөө хурдан буянтайгаа харьцаж, уяа сойлгыг нь тааруулж, адуулга маллагааг нь хариуцаж хийж жилийн турш морьтойгаа хамт байх хэрэгтэй. Морь эерэг энергитэй болохоор сэтгэл санааны таашаал, хиймор лундааг дээшлүүлэх гээд олон сайхан зүйлийг өрнөн. Тиймээс хурдан буян гэж нэрдэг юм. Тэгэхээр буянтай буянтай харьцах хэрэгтэй.
-Түрүүний хэлсэн босс, эзэн, зочин, зуулчин уяачид хурдан морьны наймааг ихээр хийдэг. Нэгнээсээ хурдан хүлэгтэй болохын тулд гар татдаггүй. Та тийм наймаанд хэр оролцдог бэ?
-Би төрийн албан хаагч уяач. Хурдан хүлгийг өндрөөр үнэлж малчин хүнд орлого оруулж байгаа нь харахаар зөв. Нөгөө талаас нь харахаар хүмүүс таагүй байдаг. Тиймээс энэ их мөнгө, хөрөнгө хөөсөн наймаа ард түмний дунд уяачдын нэр хүндийг унагах вий гэж болгоомжилдог. Баярхаад мөнгөөр зодсон хэдхэн хүн уралдаж, наадамлаж байна гэх сайн зүйл биш. Энэ нь цаашлаад монгол морио дээдэлдэг, монгол морин уралдаанаа эрхэмлэдэг, очиж үзэхийг зорьдог зан үйл алдагдах аюултай. Харин энэ жил эрлийз, цэвэр зүсмийн адууг сонгол адуутай уралдуулахгүй, тусад нь уралдуулна гэсэн шийдвэр гарсанд хөдөөгийн уяачид их таатай байгаа. Өмнө нь улсын болон даншиг наадамд монгол адуутай хүн ирэх нь цөөрч, нэр хүнд нь буурч байсан. Дээрх шийдвэр гарсан болохоор хөдөө орон нутаг бүрээс уяачид ирж, уралдаж морьдын тоо ч олон болно.
-Уяачид наадмын урд өдөр сэтгэл хөдөлөө дараад хэл яриагаа цэгнэчихдэг. Жаахан илүү дутуу үйлдэл гаргавал морь худалдаггүй гэдэг. Та энэ өдөр юу хийдэг вэ?
-Наадмын урд орой бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд үзэх хариуцлагатай өдөр. Бүтэн жилийн ажил нэг шөнийн хоолноос хамаарах байдаг. Энэ өдөр хүн догдолно, сэтгэл санааны хувьд тайван биш болно. Зарим нэг нь хийрхэнэ гээд янз бүрийн ааш авир гаргана. Тэр бүр нь моринд нөлөөлнө. Морь давхихын урд шөнө их хариуцлага шаарддаг. Ихэнх уяачид морио манаж хонодог. Би морьтойгоо харьцдаг жинхэнэ монгол уяач байхыг хичээдэг.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.