Ч.Улаан: Үзэл баримтлалын хувьд үндсээр нь өөрчилж, сольж байна гэж ойлгохгүй байна.
Ч.Улаан /УИХ-ын гишүүн/:
-Намын их хурлыг угтаж намын хамт олны дунд өргөн хэлэлцүүлэг өрнөж байна.Тунхаг бичигт тусгагдсан асуудлаар намын гишүүдийн байр суурийг их тодорхой болгох нь зүйтэй. Ингэсний үндсэн дээр намын нийт гишүүдийн санаа бодолд тулгуурласан олонхийн шийдвэр гарах учиртай. Ер нь нэрийг солилоо гэхээс илүү хуучин нэрээ сэргээж байгаа гэдэг утгаар хандвал илүү ойлгомжтой. МАХН анх байгуулагдахдаа МАН гэж байгуулагдаж, 1990 онд намуудын бүртгэлд орохдоо МАХН /МАН/ гэсэн томъёоллоор бүртгэгдсэн.
Тийм учраас одоо нэрэндээ тодотгол оруулж, магадгүй МАН /МАХН/ гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж боддог. Яг хэдийнээс нэрийг солих нь оновчтой вэ гэдэг тухайд бас л гишүүдтэйгээ зөвлөлдөх учиртай. Хэлэлцүүлгийн дүнгээс харахад гишүүдийн дийлэнх нь дэмжиж байгаа уур амьсгал мэдрэгдэж байна. Үзэл баримтлалын хувьд үндсээр нь өөрчилж, сольж байна гэж ойлгохгүй байна.
Энэ бол МАХН үзэл баримтлалаа тодотгож, илүү дэлгэрэнгүй болгож, баяжуулж байгаа хэрэг гэж би ойлгож байна. МАХН зүүн төвийн нам байсан. Цаашид ч зүүн төвийн нам байна гэж бодлогоо тодорхойлсон шүү дээ. Тийм учраас үзэл баримтлал нь энэ л байр сууринд нийцсэн байх ёстой. Харин зүүн төвийнхөө орон зайд өөрийн эзлэх байр суурийг бэхжүүлж, үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхой болгож шинэчлэх нь зүйтэй. МАХН нэгэнт зүүн чиглэлийн нам учраас нийгмийн хамгааллын бодлого, ард түмний амьдралыг дээшлүүлэх бодлого, зорилтыг эн тэргүүнд тавьсан ард түмний нам байх учиртай. Энэ хэвээрээ үлдэнэ ч гэж бодож байна. Бодлогоо хэрэгжүүлэх арга механизм, хэлбэр, нэр томъёолол нь өнөөгийн цаг үетэй илүүтэй нийцэж илүү оновчтой болох ёстой.Бэлтгэсэн Б.НОМИН