Ө.Энхтүвшин: Хамтарч засаг барьсны ашиг байна уу гэж заримдаа бодогддог
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2010.10.12

Ө.Энхтүвшин: Хамтарч засаг барьсны ашиг байна уу гэж заримдаа бодогддог

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.ЭНХТҮВШИНТЭЙ ярилцлаа.

-Удахгүй МАХН-ын Их хурал болох гэж байна. Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа энэ хурлын бэлтгэл ажил хэр байгаа вэ?

-Их хурал хуралдуулъя гэдэг саналыг намын даргын албыг С.Батболд руу шилжүүлдэг тэр Бага хурал дээр би анх гаргаж байлаа. Ерөнхий сайдаар ажиллаж байгаа хүндээ намын даргын албыг хамтад үүрүүлэхээр боллоо. Энэ зөв шийдвэр. Гэхдээ улстөрийн нөхцөл байдал их амархан өөрчлөгдөж байгаа учир намын их хурлаа хийнэ гэдгээ зарлачихъя гэдэг санал гаргасан.

-Гэхдээ тэр Бага хурлаас бол намын Их хурлыгхуралдуулах шийдвэр гараагүй байх аа?
-Гараагүй ээ. Дараагийн Бага хурлаас гаргасан. Намын их хурлын бэлтгэл ажлын хугацааны хувьд жаахан шахуу л болохоос их зөв шийдвэр. Их хурлаа хийхгүй бол дүрэм зөрчигдөөд байсан юм.
-Хугацааны хувьд уу?

-Харин тийм. Манай нам өмнө нь дөрвөн жил тутам Их хурал хуралдуулах дүрэмтэй байсан. Тухайн үед хугацаа нь урт байна аа гээд хоёр жил тутамд хийж байхаар болсон. Тэгээд 2007 оны төгсөгчид Их хурлаа хийж байв. Түүнээс хойш тооцохоор одоо бараг дөрөв дэх жилдээ явж байна гэсэн үг. Уг нь дүрмээрээ бол хоёр жил тутамд Их хурлаа хийнэ гэчихсэн байдаг. Дүрэм зөрчигдөөд байгаа биз.

-Дүрэм зөрчигдөхөөс гадна тэр их хурлаас хойш МАХН хоёр ч сонгуульд орчихлоо. Ялж ч үзлээ, бас ялагдлаа. Энэ бүхнийг ч бас дүгнэх шаардлага бий байх л даа.

-Үнэн, улс төрийн нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөж байна. УИХ-ын сонгуулиар манай нам олонхи болчихлоо. Олонхи байж хамтарсан Засгийн газар байгуулчихлаа. Намын дарга ч солигдлоо. Бүр дараагийн сонгууль ч ойртлоо шүү.дээ. Ийм том том юмнууд байхад намын Их хурлаа зарлаад, дотооддоо сайн ярих хэрэгтэй. XXVI Их хурал түүхэн шийдвэр гаргах хурал болох байх.

-Харин зарим хүн нэр солих төдийхнөөр энэ хурал өндөрлөнө, илүү юм хүлээх хэрэггүй гэх юм. Үнэхээр 2012 оны сонгуулийн өмнө болох Их хурлаараа өөр зүйл шийдэж чадахгүй гэж үү?

-Бид том үр дүн хүлээж байгаа. Өнөөдөр МАХН-ыг олон түмэн шүүмжилж, рейтинг нь дээш, доош хэлбэлзэж байгаа нь үнэн. Гэхдээ явж явж энэ намаас өөр итгэл хүлээлгэчих улс төрийн тулхтай хүчин алга даа гэж сонгогчдын олонхи үзэж байгаа нь бас үнэн. Тийм ч учраас манай намыг илүү хурц шүүмжилдэг биз. Сайн хүндээ хатуурхдаг монгол ухаан ч гэж бас бий. Энэ том итгэл, хүлээлт, улс төрийн эл агуу орон зайгаа яаж хадгалж бэхжүүлэх вэ, үүний тулд өөрийгөө хэрхэн шинэчлэх вэ гэдэг асуултад хариу өгсөн Их хурал болох ёстой. Түүнээс биш, баруун уу, зүүн үү, МАХН уу, МАН уу гэдэг нэр томъёо, түүнийг тойрсон маргаан үүнтэй харьцуулахад онцын чухал биш.

-Тэгвэл улс төрийн том том асуудлуудад хариу өгсөн даацтай. шийдвэр гаргах юм байна гэж ойлгож болох нь ээ дээ?
-МАХН-ын даргын тавих улс төрийн илтгэл, түүний дараа өрнөх яриа, шүүмжлэл яг түүн рүү чиглэх ёстой. Монголчууд бүгдээрээ гэдэс цатгалан, сэтгэл тайван, төр нь ээлтэй түшмэд нь шударга ариун байх ийм л цагийг түргэтгэхийг заасан даацтай шийдвэрийг гаргах байх хэмээн найдаж байна. Би хувьдаа чадна ч гэж бодож байгаа. Энэ цагийн хамгийн тулгамдсан асуудал нь ядуурал. Ядуурлаас гаргах ажлыг манай нам л хийж чадна.
-Та итгэлтэй байна уу. Ядуурал ихсээд байгаад л олон түмэн хамгийн их эмзэглэж байгаа шүү дээ?
-Итгэлтэй байна. Өнгөрсөн 90 жилд зөвхөн манай нам л хамгийн хүнд хүнд асуудлуудыг шийдвэрлэсээр ирсэн шүү дээ. Өнөөгийн Өвөрмонгол шиг болох хувь заяа ойрхон байсан үед тусгаар тогтносон Монголыг эмхлэн байгууллаа. Зууны нэг нь дутуу бичигтэй, зургааны нэг нь хамартаа даруулгатай байсан ард түмнийг эрүүл, боловсролтой Монгол болголоо. Үүнийг үгүйсгэж чадах хүн байна уу, Гол нь асуудлаа олж харж чаддаг гэсэн үг. Одоо ядуу Монголыг чинээлэг Монгол болгох зорилтоо тодорхойлж байна. Ард нь гарч л байж санаа амарна. Их хурал энэ талаар даацтай дуугарах нь гарцаагүй.
-Төр нь ээлтэй, түшмэд нь шударга, ариун явдалтай байх нь чухал гэж Та хэллээ. Top үнэхээр сул, нэр хүндгүй болсоор байгааг Та юутай холбож боддог вэ. Их Хурал энэ талаар олигтой шийдвэр гаргаж чадах уу?

-Яагаад чадахгүй гэж?

-Хамтарсан засаг нь хуйвалдаан болсон энэ тогтолцоогоо танай дарга нар 2012 он хүртэл хадгална гээд байгаа шүү дээ.

-Үнэхээр та хамгийн эмзэг сэдэв рүү эвгүй хатгаж байна шүү. Хамтарсан Засгийн газарт хийсэн ажил бий. Хоёр толгойг хөдөлгөж эдийн засгийн эргэлтэд оруулах гэх мэт. Бас хэлээд байхад огт тоохгүй байгаа олон асуудал бий. Жишээ нь, монгол төрийн алба сүрхий суларсаар байна. Төрийн албыг хоёр нам 60, 40-ийн харьцаагаар хуваагаад авчихсан мэт болчихлоо. Чадах, чадахгүй нь хамаа байхгүй нэг нөхөр намаас томилогдоод ирж байна. Улс төрийн томилгоотой юм болохоор омголон, түрэмгий гэж жигтэйхэн тэр нөхөд төрийн ажлыг хийхээсээ илүү намын хүмүүсээ энд тэнд байршуулах, тендер санхүүжилтийг олж авах, 2012 оны сонгуульд бэлтгэх гэх мэтийн ийм л зүйлд амиа тавьж байна. Тэд хариуцлагыг төрийн өмнө биш, томилсон намынхаа өмнө л хүлээнэ. Ийм байхад төрийн нэр хүнд өчүүхэн ч дээшлэхгүй. Төрийн нэр хүнд унахаар түүнд хандах ард түмний итгэл алга болно. Итгэл алдрахаар дур зоргын урсгалд нэгдэнэ.

Тэгээд өнөөх долдугаар сарын 1 давтагдана. Ийм л аюул цаана нь байгаа юм.

Тийм учраас энэ XXVI Их хурлаар онцгойлон авч үзэх бас нэг асуудал бол төрийг өөрийнх нь байр суурин дээр нь тавих, түүнийг хариуцлагатай, ээлтэй, шударга, зарчимтай болгох явдал гэж би үздэг. Сонгуулиар олонхи болсон нам нь Засгийн газраа байгуулж, цөөнх болсон нь хяналтаа тавьдаг. Өнөөдөр сөрөг хүчний хяналт алга. Тэр орон зай эзгүйрлээ. Сонгогчдын хамгийн их үгүйлж байгаа зүйл нь энэ юм. Парламентын гадна байгаа хүчнүүд, төрийн бус байгууллагууд энэ хяналтыг тавина гэж мэдэгдэл хийж байгаа. Гэвч тийм боломж байхгүй л дээ.

-Энэ Их хурлаар хамтарсан Засгийн газрын асуудлыг ярих болов уу. Ер нь та ямар байр суурьтай байсан бэ?

-Би бүр анхнаасаа дэмжээгүй хүн шүү дээ. Ард түмэн 46 суудал өгчихөөд байхад дангаараа Засгийн газраа байгуулаад явъя. Дэндүү олонхи болчихоод Ардчилсан намыг царайчилна гэдэг утгагүй, дангаараа бодлогоо хэрэгжүүлэх чадавхиа шавхчихсан нам болжээ гэж хүмүүс ойлгоход хүрнэ. Хамтарсан ч, эс хамтарсан ч хариуцлага бидэн дээр л бууна шүү дээ гэж тухай үед намын дарга нартаа хэлж байсан.

-С.Баяр даргад яг тэгж хэлсэн юм уу?
-Тэгсэн. Тэгэхэд, энэ цаг үед үүнээс өөр гарцыг би олж харахгүй байна. Гэхдээ намын Бага хурал шийднэ биз дээ. Бага хурал "хамтрах хэрэггүй" гэж шийдвэр гаргавал Ерөнхий сайдыг би хийнэ гэхгүй. Чаддаг аавынхаа хүүг олоорой гэж хэлж байсан. Дараа нь Бага Хурал болсон. Хамтрах нь зүйтэй гэдэг шийдвэрийг олонхиороо гаргасан. Нэгэнт нам эцсийн шийдвэрээ гаргасан учраас түүнийг сөрөх эрх хэнд ч байхгүй.
-Сөргөлдөх эрх хэнд ч байхгүй гэдэг юу гэсэн үг вэ. Цаанаа дургүй ч амаа хамхиад л явна гэсэн үг үү?
-Тэгж идэвхгүй явна гэсэн үг биш л дээ. Тэр тусмаа УИХ-ын одоогийн 46 гишүүн тэгж хандаж болохгүй, Засгийн газрын ажил ямар байснаар бид 2012 онд ард түмнээр дүнгээ тавиулна шүү дээ. "Хамтарсан засаг байсан юм аа. Алдаа, дутагдлын талыг нь л манайх хариуцна" гэж сонгогчдодоо яривал элэг доог болно биз дээ. Тийм учраас дээрх шийдвэрийг гаргасан Бага хурлын итгэлийг дааж Засгийн газар ажиллаж чадаж байна уу гэдэг дээр бид маш идэвхтэй хяналт тавьж ажиллах учиртай. "Зөвийг нь дэмж, бурууг нь шүүмжил, бүр болохгүй бол хариуцлага тооц" гэдэг зарчмаар ажиллах ёстой гэж ойлгодог. Түүнээс биш, Бага хурлын шийдвэр гарсан учраас чихээ бөглөөд, нүдээ аниад яв, Засгийн газрын гишүүдийн толгойг нь илээд бай гэсэн үг биш. Манай намын энэхүү улс төрийн шийдвэрийг АН-ын нөхөд ч гэсэн гүнээ хүндэтгэж итгэлийг дааж ажиллахын төлөө хүчээ дайчлах ёстой. Цөөнх болчихоод л Засаг барьж байдаг цаанаасаа буян заяа нь тэгширсэн, уриулж залагдах хувьтай хүндэт зочид шиг байж болохгүй.
-Тийм тал харагдаж байна уу?
-Байна, байна. Зарим үед хамтарч засаг байгуулсны ашиг тус ер нь байгаа юм уу гэж бодогдоход ч хүрдэг. Хамтарсан Засгийн газраас оруулаад ирсэн, яаралтай батлах ёстой хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг эсэргүүцээд сууж байна. Үүнийг юу гэж ойлгох вэ, Зарим асуудлыг Ардчилсан намын бүлэг хоёр жил гацаалаа. Тухайлбал, миний өргөн барьсан хоёр хуулийн төсөл байна. Аль нэг намын бүлэг өөрт таалагдаагүй асуудлыг хэлэлцэхээс татгалзаж хугацаагүй завсарлага авдгийг зогсоох тухай хууль би санаачилсан юм. Үүнийг тэд эсэргүүцэж байгаа. Бидэнд таалагдахгүй байна гээд улсын чухал асуудлыг дөрвөн жил ч гацааж болох нь л дээ. Ингэж хурал хаяад, асуудлыг шийдвэрлэхгүй гацаагаад байх юм бол хамтрахын ач тус байгаа юм уу. Нялуунаас шулуун нь гэгчээр салсан нь дээр шүү дээ.
-Гарман дээр морио сольдоггүй юм гээд танай намын Их хурал хамтарсан Засгийн газрыг 2012 он хүртэл байж байг гэсэн шийдвэр гаргаж магадгүй юм. Тийм тохиолдолд энэ хоёр нам 2012 оны УИХ-ын сонгуульд яаж оролцох юм бол?
-Ёстой л стандарт бус юм болох байх даа. Хийсэн ажлынхаа гавьяаг болон хийгээгүйнхээ гэмийг 60, 40-ийн харьцаагаар хүлээнэ гэлтэй биш. Би ойлгохгүй байгаа Зөвхөн миний төсөөлж байгаагаар. Ардчилсан нам 2012 оны сонгууль нэлээн дөхүүлж бай-аад Засгийн газрыг хаяад явах байх. "За ер нь МАХН-ынхан бүтэхгүй хүмүүс юм аа. Бид тус дэм болох гэж янз бүрээр их л оролдлоо. Одоо больё хяналтаа тавья" гээд л хаалга саваад одох биз. Манай намынханболохоор эрх хүүхэдтэйнэг зовсон эх шиг, энд нь ч гарч тайлбарлаад, тэнд нь ч гарч аргадаж тэмтчээд тэгсхийгээд л хоцрох байх.
-Их хурлыг угтаад МАХН дотор янз бүрийн хөдөлгөөнүүд өрнөж байх шиг байна. Жишээ нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын удирдсан хөдөлгөөн нэлээд хүчтэй мэдэгдлүүд хийлээ. Их хурлын дараа МАХН нэрээ сольчихвол Н.Энхбаяр дарга шинэ нам байгуулах байх гэсэн таамаглалууд ч нэлээд явж байна. Ортойболов уу?

-Ер нь намын Их хурал бүрийн өмнө дандаа бужигнаж байдаг юм. Ганц энэ удаа ч биш. Бужигнаж л байг л дээ. Амьд, ардчилалтай байгаагийн шинж. Баруун уу, зүүн үү, эсхүл социал-демократ уу, үндэсний ардчилсан уу гээд маргаж байгаа нь юуны буруу байхав. Харин ч ингэж маргасны хүчинд үзэл баримтлалын асуудал дээрээ санал нэгдчихлээ шүү дээ. МАХН Монгол Улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг эрхэмлэн дээдэлсэн Нийгмийн ардчилсан үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам байх болно гээд их аятайхан томъёолсон байна лээ. Энэ бол МАХН баруун тийш явахгүй, зүүн төвийнхөө орон зайндаа оршсоор байх болно гэсэн үг. Одоо зарчмын том маргаан байхгүй. Би нэг cap шахмын өмнө Н.Энхбаяр даргатай уулзсан, "Намын үзэл баримтлалаа соливол зөв биш. Ядуу, дунд олонхио бус хөрөнгөлөг хэсгийг хамгаалдаг нам болох тал руугаа хандах нь байна. Нэр бол сольж болох юм" гэж байсан. Одоо өөр болсон байх аа. Ер нь манай намд нэг мундаг чанар байдаг юм. Эхлээд дотроо ширүүн үзэлцэж, бие бие рүүгээ хатуу хөтүү үг бузгай шидэлцэж байдаг. Олонхийн шийдвэр тас гээд гарсны дараа түүнд захирагдаад явчихдаг нам шүү дээ. Үүнийхээ хүчинд бараг 90 жил төр барьж байгаа юм. Хагарах, бутрах тухай яриа бүр ч байхгүй. Намайг жигүүр байгуулах үед бас ийм яриа гарч л байсан. Тэгээд яав. Таван жил өнгөрлөө. Хагарсангүй, бутарсангүй. Дотроо юмаа ярилцаад л явж байна. Hэr хэсэг хүн хагараасай гэж их хүлээдэг юм шиг байна лээ. Тэр горьдлого харин хэзээ ч бүтэхгүй л дээ.

-МАХН нэрээ өөрчлөх нь зөв гэж тогтож байгаа гэл үү?

-Тийм. Нэрээ өөрчлөх биш, анхныхаа нэрийг сэргээе гэж байгаа юм. Түүхч мэргэжилтэй хүний хувьд хэлэхэд, МАН-ыг МАХН болгоё гэсэн асуудал МАХН-ын аль ч их, Бага хурлаар яригдаагүй, би л лав олж үзээгүй 1925 оноос л гэнэтхэн ороод ирсэн байдаг юм. Тэргүүлэгчдийн хурлаар тусгайлан хэлэлцсэн юм болов уу гээд үзэхээр бас олдоггүй юм. Нөгөөтэйгүүр, залуучуудын "Ху" гээд байгаа "Хувьсгалт" гэдэг үг маань асуудлыг хүчирхийллийн аргаар шийдвэрлэнэ гэсэн үг юм. Засаглалын хамгийн зөв хэлбэр бол пролетарийн диктатур мөн. Нэг ангаас нөгөө ангиа дарангуйлах машиныг төр гэнэ гэх мэт сургаалыг удирдлага болгосоор ирсэн юм чинь аргагүй биз. Тэр үзэл, онолоосоо татгалзаад 20 гаруй жил болж байгаа хэрнээ, түүнийг шингээсэн томъёоллоо нэрнээсээ өөрчлөхгүй яваа нь зөв биш. Намынхаа нэрийг өөрчилье гэж бид 20 жил ярилаа. Төгсгөлгүй үргэлжилдэг маргаан шиг юм болчихоод байна. Одоо цэг тавих цаг нь болсон.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.