Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хойшлогдлоо
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 16 гишүүнээс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хуралдааны эхэнд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг дөрвөн удаа тус тус хуралдсан. Ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэд, мэргэжлийн хүмүүс хуулийн төслийн зарим нэг асуудалд нэгдсэн шийдэлд хүрэлгүй, санал зөрөлдсөн учраас хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасныг дурдав.
Харин хууль санаачлагч гишүүн Х.Болорчулуун хэлсэн үгэндээ, генийн өөрчлөлтэй хүнсэнд европын олон улс маш хатуу стандарт тавьдаг. Олон улсын эрдэмтэд, судлаачид генийн өөрчлөлттэй хүнс хүний эрүүл мэндэд аажмаар нөлөөлж, харшил, хорт хавдар гээд сөрөг үр дагавар үүсгэдгийг тогтоосон гэдгийг онцлоод улстөрчид аливаа лообийд автахгүйгээр уг асуудлыг хэлэлцэж, батлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.