Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэлэлцлээ
Өнөөдөр /2018.05.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Засгийн газраас 2018 оны 05 сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын бүртгэлийн үйл ажиллагааг онлайн горимд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх, бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй болгох чиглэлээр одоо үйлчилж буй эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох юм байна. Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д ч бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох зорилтыг дэвшүүлсэн талаар Сангийн сайд дурдав. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамтаар УИХ хэлэлцэх явцдаа 2018 оны нэгдүгээр сард “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаах тухай” УИХ-ын тогтоол гаргахаар шийдвэрлэсэн юм. Иймд төслийг холбогдох шаардлагад нийцүүлэн дахин боловсруулж, зарчмын шинжтэй дараах өөрчлөлтүүдийг тусгасан гэв. Үүнд, хуулийн зорилтыг нарийвчилж, тодорхой тусгасан байна. Нэр томъёог тодорхой болгох, бүртгэлийн бусад хуультай уялдуулах, цахим үнэмлэхний хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалт, улсын бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах, мэдээллийн сантай холбоотой харилцаатай холбоотой асуудлаар холбогдох өөрчлөлтүүдийг нэмж тусгасан байна.
Хуулийн төслийг ХЗБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.
Тус байнгын хороо 2018 ны 5 сарын 15-ны өдөр хуулийн төслийг хэлэлцсэн байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Очир бүртгэлийн байгууллагын программ, техник хангамжийн талаар болон мэдээллийн нууцлалыг хамгаалах талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Мөн хуулийн этгээдийн бүртгэлд ашгийн болон ашгийн төлөө бус гэдгийн ялгааг нарийвчилах зохицуулалт төсөлд тусгагдаагүй учрыг лавлав. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамтаар Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлсэн. Уг төсөлд гишүүний хэлж буй асуудал тусгагдаагүй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд хэллээ. Учир нь ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг компани буюу нийтэд тустай үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн эрх зүйн орчин нарийн зохицуулалтгүй явж ирсэн байна. Иймээс ч ашгийн төлөөх хуулийн этгээд нийгмийн тусын тулд ашгийнхаа тодорхой хувийг зарцуулахад түүнийг нь татвараас хөнгөлөх эсэх, төрийн бус байгууллага болон нийгэмд үйлчилдэг байгууллага үйл ажиллагаа явуулахтай холбоотой татварын асуудал мөн хөндөгддөг байна. 10 жилийн өмнө 5000 орчим байсан төрийн бус байгууллага 2017 оны арванхоёрдугаар сарын байдлаар 18300 болсон. Өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллага нэрээр халхавчлан ашгийн төлөөх үйл ажиллагаа явуулах байдал түгээмэл байна. Бизнесийн үйл ажиллагаа ийм бүртгэлтэй байхаар хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулах, хувь эзэмшил, өмчлөл, өв залгамжлах асуудал хөндөгдөхөд эрсдэл учирдаг. Иймээс энэ асуудлыг хуулийн хүрээнд нарийн зааглах шаардлага бий. Салбарын яамнаас энэ чиглэлээр иж бүрэн судалгаа хийж, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа гэлээ. Энэ хүрээнд Компанийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн бус байгууллагын тухай, Иргэний хууль зэргийн уялдааг хангах байдлаар асуудлыг цогцоор шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна. Хуралдааныг даргалаж буй Л.Мөнхбаатар гишүүн бүртгэлийн байгууллагын шинэ барилгын явцын талаар тодруулж, хариулт авсан. Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь санал хэллээ. Бизнесийн байгууллагууд цаг үеийн шаардлагаар технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн иргэдийн хурууны хээгээр олон төрлийн үйлчилгээгээ хүргэж байгаа ч төсөлд “хаалттай мэдээлэл” гэсэн ангилалд тусгахаар оруулсан байгааг анхаарах шаардлагатай гэлээ. Аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулахгүй, мөн нууцлалыг хадгалахтай холбоотой асуудлыг нарийвчлах, шашны байгууллагуудын бүртгэлийг нягтлах талаар болон иргэдэд таатай бүртгэлийн тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллах саналыг хэлжээ.