Л.Мөнхбаатар: Улсын бүртгэл гэдэг бол тусгаар тогтнолын том баталгаа
Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Гэсэн ч гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэхэд "түүхий" байна гэж үзсэн учир хууль санаачлагчид нь буюу Засгийн газар буцаалаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар улсын бүртгэлийг төгөлдөржүүлэх ажил удаашралтай явагдаж байгааг онцоллоо. Тэрээр өмнө нь энэхүү байгууллагын удирдлагаар ажиллаж байсан билээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
Улсын бүртгэлийн Ерөнхий газар хуульд зааснаар үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг гүйцэтгэх эрх бүхий байгууллага. Нөгөөтэйгүүр улсын бүртгэл гэдэг бол тусгаар тогтнолын том баталгаа. Энэ агуулгаараа төрийн чухал үйл ажиллагаа юм.
Тиймээс 008-2012 онд бүртгэлийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх зорилт тавьж, олон үйл ажиллагаа явуулсан. Үүний үр дүнд энэ хууль батлагдсан. Энэ хуулийн гол зорилго бол бүртгэлийн нэгдсэн систем бий болгох байсан. Монгол улсын бүх иргэдээ шинэчлэн бүртгэсэн. Энэхүрээнд маш олон ажил хийгдэж бүх мэдээлэл цахим болсон. Үүнийгээ ард иргэдэд чирэгдэлгүй хүргэх, хэрэглээ тал руу нь хамгийн гол хөгжил явагдах ёстой. Харамсалтай нь энэ ажил харьцангуй жаахан удаашралтай байна.
Одоо төрийн байгууллагууд иргэдийг чирэгдүүлдэг бус өөрт байгаа мэдээллээ хоорондоо солилцдог тогтолцоог л бий болгох хэрэгтэй. Нэгэнт иргэний хурууны хээг авчихсан тохиолдолд иргэний үнэмлэх ч шаардах ёсгүй шүү дээ. Бусад төрийн байгууллагууд мөн адил. Ерөөсөө л энд төр өөртөө байгаа мэдээллээ иргэдээс шаардахгүй байх юм. Бид завсрын шийдлээр олон ажлууд хийж үзэж байсан. Нэг цэгийн үйлчилгээ, ТҮЦ машин зэрэг бол завсрын шийдэл.