2018.01.25

Л.Энх-Амгалан: 1 тэрбум 70 сая төгрөгийг иргэдийн халааснаас авчихсан байна

Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг  хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр Л.Энх-Амгалан зарим асуултыг хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгээс асуусан юм.

Тэрээр "С.Баяр дарга анх таван төгөлдөршил гэж эхлүүлсэн. Үүний нэг бол бүртгэлийн төгөлдөршилт байсан. Үүнээс хойш их цаг  хугацаа, санхүү зарцууллаа. Харин өнөөдрийн үр дүн хараад харамсаад сууж байна.

Дэвшил хийх гэж хуулийн төсөл өргөн барьж байгааг ойлгож байна л даа. Албаны хүмүүс 177 мянган лавлагаа өгч, 1 тэрбум 70 сая төгрөг төвлөрүүлсэн гэсэн мэдээллийг өгч байна. Энэ бахархаад байх зүйл биш шүү дээ. Энэ хэмжээгээр төрийн хүнд суртал байна гэсэн үг. Төрийн үйлчилгээг бид үзүүлэх ёстой. Нэг л зүйлийг ойлгохгүй байна. Төр өөртөө байдаг мэдээллээ иргэдээс өөрсдөөс нь авдаг, тэгээд үүний төлөө иргэн мөнгө төлнө. Эцэст нь 1 тэрбум 70 сая төгрөгийн иргэдийн халааснаас авчихсан байна. Гэтэл төрсөн, гэрлэлтийн лавлагаа гэх мэт мэдээлэл энэ цахим үнэмлэхэд байгаа шүү дээ. Яагаад энэ цахим үнэмлэхийг ашиглаж, хэрэглээнд оруулж болохгүй байгаа юм бэ.

Манай улс мэдээллийн нэгдсэн сантай болоогүй гэж би үздэг. Төрийн байгууллагуудын уялдаа, нэгдсэн нэг мэдээлэл ерөөсөө байхгүй болсон. Энэ хууль гарснаар ямар дэвшил гарах юм бэ? Н.Учрал гишүүн хэлээд байна л даа. Дараагийн шат руу дэлхий орсон байна. Иргэний 14, 9 эд хөрөнгийн бүртгэлийг блокчейний технологи руу орж, цахим төр болж чадах уу?

УБОӨЕГ-ын дарга Ц.Содбхүү хариуллаа

Яг нарийндаа Монгол улсын хамгийн том мэдээллийн сан болж чадсан. 60 мв, 67 сервер гээд Монгол улсын мэдээллийн нэгдсэн сан болж чадсан. Одоо манайд иргэний бүртгэл, эд хөрөнгийн нэгдсэн сан, хуулийн этгээдийн нэгдсэн сан гэсэн гурван маш том сан бий. Энэ гурав гурвуулаа нэгдсэн сан болж чадсан. Өнөөдөр Монгол улсад хамгийн том мэдээллийн сан бол манай сан байгаа. Тийм учраас үүнд би баяртай байгаа. Ямар ч байсан манай улс цахим сантай болж чадсан. Өнөөдрийн хуулийн хамгийн гол асуудлыг Л.Энх-Амгалан гишүүн хөндөж байна. Улсын бүртгэлийн байгууллагын нэгдсэн сан бусад байгууллагаасаа нэг шат ахиад явчихсан. Тиймээс бусад нь гүйцэхгүй байна.