2018.05.11

Б.Бат-Эрдэнэ: Газар тариалан болон, бэлчээрийн бүсийг цэгцлэх ёстой

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Монгол улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгатай холбогдуулан  Мал аж ахуйн салбарын бодлого, үр дүнгийн талаар ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг танилцууллаа.

“Малын генетик нөөцийн тухай хууль”, “Малын эрүүл мэндийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, баталж, хэрэгжилтийг хангуулах, дагалдан гарах хууль, эрх зүйн актуудыг шинээр болон шинэчлэн боловсруулах, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн шинээр батлагдсан хуулиудад мал аж ахуй салбарын чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бүтэц тогтолцоог шинэчлэх ажилууд хийгдэх бөгөөд энэ ажлын хүрээнд Улсын мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулан мал эмнэлгийн босоо тогтолцоог бүрдүүлнэ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Байгаль цаг уур маш их өөрчлөгдөж байна. Үүнийг даван туулах бодлого Монголын төр гаргах хэрэгтэй байна. Уул уурхайн аж ахуйн газар гол мөрний сав газар ажлаа хийгээд эхэлчихсэн. Бүсийг ялгах асуудал яаж байна. Газар тариалан болон, бэлчээрийн тал дээр анхаарах хэрэгтэй байна. Үлийн цагаан оготно их байна. Усны асуудал хүнд байна. Үүлэнд нөлөөлж бороо оруулах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн, ХХААХҮЯ-ны сайд Б. Батзориг: Манай салбарт зоригтой хийх ажил байна. Одоо газар тариалангийн бүс нутгаа зарлана. Ойрын хугацаанд тариалангийн талбайнхаа 80 хувийг усжуулна. Ирэх жил атар газар эзэмшсэний 60 жил болно. Хийх ажил их бий. Үлийн цагаан оготно ихэссэн. Өнгөрсөн жил 660 газарт үлийн цагаан оготны хор цацсан. Улсын хэмжээнд 5000 мянган худаг хэрэгтэй байгаа. Төсөв дутдаг.

УИХ-ын гишүүн, БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат: Үүлэнд зориудаар нөлөөлөх талаар бодлого үргэлжилж байна. Энэ жил 2200 сум хэрэглэнэ. Техник төхөөрөмжийн шинэчлэл явагдана. Үр дүн сайжирна. Бэлчээрийн даац хэтэрсэн. Үүнийг шийдэхийн тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулах үйлдвэрүүд хэрэгтэй байгаа. Үүнийг шийдэх хэрэгтэй.