Мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого, зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо
Өнөөдөр /2018.05.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан "Төрөөс мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар" тавьсан асуулгын хариуг сонслоо.
Салбарын талаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг танилцуулга хийлээ.
“Малын генетик нөөцийн тухай хууль”, “Малын эрүүл мэндийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, батлаж, хэрэгжилтийг хангуулах, дагалдан гарах хууль, эрх зүйн актуудыг шинээр болон шинэчлэн боловсруулах, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн шинээр батлагдсан хуулиудад мал аж ахуй салбарын чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бүтэц тогтолцоог шинэчлэх ажиллууд хийгдэх бөгөөд энэ ажлын хүрээнд Улсын мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулан мал эмнэлгийн босоо тогтолцоог бүрдүүлнэ.
2017 оны эцэст малын тоо 66.2 сая толгойд хүрч, өмнөх оныхоос 7.6 хувиар өслөө.
- Оны эхний 28.2 сая хээлтэгчийн 57.9 хувь буюу 16 сая 318.0 мянган эх мал төллөж 15 сая 465.0 мянган төл бойжиж байна. Монгол улсын мал сүрэг одоогийн байдлаар 49.4 мянган ботго, 281.2 мянган унага, 611.6 мянган тугал, 8 сая 567.0 мянган хурга, 5 сая 951.0 мянган ишигээр өсөж байна. Төл бойжилт 95.0 хувьтай байна.
- Монгол мал хөтөлбөрийн хүрээнд сүү-ноосны чиглэлийн “Ламын гэгээний улаан” тэмээ, ноолуурын чиглэлийн “Эрчим хар” ямаа, мах-өөх-бүдүүвтэр ноосны чиглэлийн “Сутай” хонь, өөх-мах-бүдүүвтэр ноосны чиглэлийн “Цагаан-Уул” хонийг үүлдрээр тус тус баталгаажуулснаар Монгол улсад баталгаажсан 47 үүлдэр, омгийн малтай болов.
- “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ын эхний ээлжинд барилга, байгууламж ашиглалтын захиргаа, малын үржүүлэг, биотехнологийн үйлдвэрлэл, лаборатори, малын зориулалттай 18 барилга байгууламж, инженерийн иж бүрэн шугам сүлжээний угсралтын ажлыг хүлээн авч ашиглалтад бэлэн боллоо.
- Мах, сүүний анхдугаар аяныг зохион байгуулж энэ ажлын хүрээнд Герман, ОХУ-аас өндөр ашиг шимтэй лимүзен, герефорд үүлдрийн 210 толгой цэвэр үүлдрийн үхэр, Франц улсаас нарийн ноосны чиглэлийн бүгд 657 толгой үржлийн хонь, Казакстан улсаас 268 толгой Каракуль хонийг импортон үржлийн аж ахуй байгуулав. Эдгээр үхэр, хонийг өсгөн үржүүлж сайжруулагчаар ашиглах юм.
- 2017 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, малчдын санаачлагаар нийт 1356 инженерийн хийцтэй болон гар худаг гаргасан нь 2.0 сая га бэлчээр, 6.7 мянган малчин өрх, 3.7 сая мал сүргийг усаар хангах боломжийг бүрдүүлэв.
- Өндөр ашиг шимт малын үр үйлдвэрлэлийн чиглэлээр Сүмбэр хонины 2.2 мянган тун, Герефорд үүлдрийн бухнаас 13.6 мянган тун, Барга үүлдрийн хуцнаас 4144 тун үр нийт 19.9 мянган тун шаардлага хангасан үр үйлдвэрлэсэн нь дотооддоо үр үйлдвэрлэлийн хамгийн том амжилт боллоо.
- 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 45.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэснээс Засгийн газрын 186 дугаар тогтоолоор 700.0 сая төгрөгийг аймгуудын ЗДТГ-т, Төсвийн тодотголоор 40.0 тэрбум төгрөгийг малчдын өвс, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэхэд зориулж, 4.5 тэрбум төгрөгийг Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд зориулан санхүүжүүлсэн.
- Мөн УОК-ын дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын 3 удаагийн тогтоолоор Улсын нөөцийн 10500 тн өвсийг үнэгүй, 8000 тн тэжээлийг 50 хувь хямруулах, зарим аймгийн ХХААГ, ОБГ, хүн эмнэлэгтт ариутгалын болон үйлчилгээний автомашин 27-г, 5 нэр төрлийн малын эм бэлдмэл, ариутгалын бодис, ОБГ-уудад хүнсний зүйл, аймаг бүрт 110.0 сая төгрөг олгоход зориулж нийт 9.2 тэрбум төгрөгийг ЗГ-ын нөөц сангаас гаргасан нь өнгөрч буй өвлийн хүндрэлийг даван туулахад ач холбогдолтой боллоо.
- Малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 34 аж ахуйн нэгжтэй Бодлогын болон Зээлийн гэрээ байгуулж, зээлийн 25 хувь буюу 10.0 тэрбум төгрөгийг дотоод үйл ажиллагааны зардалд зориулж, 75.0 хувь буюу 30.0 тэрбум төгрөгийг импортлогчийн нэхэмжлэхийг үндэслэн олгохоос 27.9 тэрбум төгрөгийг тус тус олгож НӨАТ болон гаалийн албан татвараас чөлөөлж ажиллалаа.
- Энэ ажлын хүрээнд 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 43618.9 тонн тэжээл импортлосноос 26563.0 тн-ын борлуулалт хийгдээд байна. Нийт борлуулалтын 52.7 хувь нь бэлэн мөнгөөр, 38.0 хувь нь зээлээр, 6.2 хувь нь ноосны урамшууллаар, 2.8 хувь нь малаар хийгдсэн байна.
- НҮБ-ын ХХААБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, МУЗН, Дэлхийн зөн-Монгол ОУБ-аас нийт 15 аймгийн 109 сумын 6844 өрхөд нийт 2 тэрбум 227.8 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн.
- 2017-2018 онд 14 аймгийн 110 сумдад өвөлжилтийн нөхцөл хүндэрсэн ч дээрх авсан арга хэмжээнүүдийн үр дүнд улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 1.6 сая малын хорогдолтой буюу оны эхний нийт малын 2.4 хувийг эзэлж байгаа нь хэвийн гэж үзэж болохоор байна.
- Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой 610.0 мянган га, царцаатай 89.8 мянган га-д тэмцэх ажлыг зохион байгуулснаар нийт 622.8 мянган га бэлчээрийн талбайг эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэв.
- Үндэсний үйлдвэрт 20.2 мянган тн ноос тушаасан 86.9 мянган малчинд 22.5 тэрбум төгрөг, 3.1 сая ширхэг арьс шир тушаасан 64.2 мянган малчинд 12.7 тэрбум төгрөг олгож нийт 35.2 тэрбум төгрөгөөр малчдыг орлогожуулсны зэрэгцээ үндэсний үйлдвэрүүдийг төдий хэмжээний түүхий эдээр хангав.
- Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд боловсруулсан “Ноолуур” хөтөлбөрийг батлуулав. Уг хөтөлбөрийн хүрээнд ноолуурын эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Ноолуурын хөгжил сан”-г байгуулах, 500 хүртэл тэрбум төгрөгийн тогтмол эх үүсвэрийг бүрдүүлэх эрх зүйн орчныг бий болгох” зорилт тусгагдсан.
Иймд “Ноолуур хөгжлийн сан”-д шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
- Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын Хөгжлийн банкинд нийт 26 аж ахуйн нэгж, байгууллага эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын 555.9 тэрбум төгрөгийн (үүнээс эргэлтийн хөрөнгө 355 тэрбум төгрөг) зээлийн хүсэлтийг илгээсэн бөгөөд үүнээс өнөөдрийн байдлаар “Говь” ХК, “Гоёо” ХХК нарт 78.4 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгох асуудал шийдвэрлэгдсэн байна.
- Уг хөтөлбөрт арилжааны банкуудаас Голомт банк, Худалдаа Хөгжлийн банк, Хаан банк, Улаанбаатар хотын банк, Хас банк, Капитрон банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк болон Тээвэр хөгжлийн банк оролцохоо албан байдлаар мэдэгдсэн бөгөөд урьдчилсан байдлаар нийт 34 төслийн 192.8 тэрбум төгрөг зээлийн ТЭЗҮ болон бусад холбогдох баримт бичгийг шалгаж байна.
Мал эмнэлгийн арга хэмжээ, шүлхий өвчинтэй тэмцэх чиглэлээр хийгдэж буй ажлын үр дүн:
- Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт 14 улс, оронтой 39 нэрийн хэлэлцээр, харилцан ойлголцолын санамж бичиг, протокол байгуулж, 19 оронтой 46 нэрийн мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл мэндийн гэрчилгээ, нөхцөлийг харилцан тохиролцсоноор 2017 онд 29.3 мянган тонн мах экспортолсон нь 2016 оныхоос 3.2 дахин их байна.
- Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 31.5 сая, Паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 42.1 сая, Лабораторийн оношлогоо, шинжилгээнд 529.9 мянга, Гоц халдварт өвчний вакцинжуулалтад 47.8 сая толгой малыг хамруулсан.
- Монгол улсад 2018 он гарсаар нийт 13 аймгийн 43 суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэнээс Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Хотонтын сум дамнасан голомт /Хотонт, Өгийнуур/, Ихтамир, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум, Төв аймгийн Жаргалант сум зэрэг нийт 3 аймгийн 5 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.
- Монгол Улсын хэмжээнд 2018 онд шүлхийн 7.2 сая тун вакцин худалдан авахаар төлөвлөснөөс 4.5 сая тун вакциныг аймгуудад хуваарилан тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр хүргэж, вакцинжуулалтын арга хэмжээг гүйцэтгэсэн байна.
- “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулах шийдвэр гарган орон даяр нээлтээ хийлээ.