Олон улсын гэрээг соёрхон батлахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле танилцуулсан юм.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар дэлхий дахины хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ (ХХААУГНОУГ)-г 2001 онд баталж, 2004 оноос үйлчилж эхэлсэн агаад одоогийн байдлаар дэлхийн 144 орон нэгдээд байгаа аж. Энэхүү гэрээ нь хүнс хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийг хадгалах, сургалт, судалгаа, шинэ сорт бүтээх зорилгоор тогтвортой ашиглах, түүнийг ашигласнаас бий болсон ашгийг Биологийн олон янз байдлын конвенцийн зарчимтай уялдуулан шударга, тэгш хуваарилах замаар хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэжээ.
Хөрс, уур амьсгалын өөр өөр бүсэд дасан зохицсон таримал болон тэдгээрийн зэрлэг овог, төрөл зүйлийн генетик нөөцийг хамгаалах, хадгалах, ашиглах, мэдээллийн сан байгуулах ажлыг эрчимжүүлэхэд төрөөс тодорхой бодлогоор дэмжихээс гадна олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг хүртэх боломжийг бүрдүүлж ажиллах зайлшгүй шаардлагатай гэж Засгийн газар үзсэний үндсэн дээр уг асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөн, улмаар гэрээг соёрхон батлуулахаар оруулж ирсэн байна.
Уг гэрээг соёрхон баталснаар манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган халуун, өвчин хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, чанартай хүнс, тэжээлийн шинэ таримал, түүний сортуудыг бий болгох, сайжруулахад дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах, мөн гэрээний дэргэдэх сангаас хөрөнгө, санхүүжилт авах боломж бүрдэнэ. Түүнчлэн ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах ажлыг сайжруулахад шаардлагатай техник, технологийн дэмжлэг авах, боловсон хүчнээ чадавхижуулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэг болон бусад донор байгууллагуудын дэмжлэг хүртэх өргөн боломж нээгдэнэ Засгийн газар үзэж байгаа аж.
Хуулийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Энх-Амгалан, Н.Оюундарь, Д.Лүндээжанцан нар салбарын яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Мөн уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж, санал хэлсэн гишүүд дэлхий дахинд хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнсний асуудал чухалчлагдаж байгаа ийм үед цөөн хүн амтай манай улсын тухайд бусад улс орны хүнсний ургамлын, тэр дундаа генетик нөөцийг өргөн ашиглах, хилээр оруулж гаргахыг нээлттэй болгох нь зохистой эсэхийг сайн нягтлах, үүний оронд харин өөрийн орны хөрсөнд тарьж ургуулсан, байгаль, цаг ууртаа дасан зохицсон үр, сортоо улам баталгаажуулж хүн амынхаа хүнсний хэрэгцээг бүрэн хангах, түүнчлэн хүн амын удмын санд сөргөөр нөлөөлөхүйц хүнс, ургамлын үр, сортоос сэргийлэхийн тулд олон улсын чанарын шаардлага хангасан лабориторитой болоход салбарын яам онцгой анхаарах нь чухал гэдгийг сануулж байлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ гэрээ соёрхон батлагдсанаар дэлхий дахины ургамлын гаралтай хүнсний 84 хувийг хангаж байгаа таримал ургамлын 64 төрлийн генетик нөөцийг манай улс гишүүн орны хувьд дэлхийн таримал ургамлын генбанкнаас авч ашиглах замаар өөрийн орны байгаль, цаг уурын онцлогт тохирсон шинэ сорт бий болгох чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг өргөн хүрээтэй хийх, энэ үндсэн дээр хүн амынхаа хүнсний хангамж, тариалангийн нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, дээрх 64 төрлийн таримал ургамлын генетик нөөцөөс шилж сонгон авч селекци хийх замаар өөрийн орны байгаль, цаг уурын онцлогт зохицсон, ган, зарим өвчин, хортонд тэсвэртэй шинэ сорт бий болгох боломж бүрдэнэ, тийм шаардлага ч тулгарч байгаа гэлээ.
Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуулийн төслийг соёрхон батлуулахаар тогтов.