Олон улсын гэрээ батлагдлаа
Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн инфографик, хуулийн танилцуулгын хамт толилуулж байна.
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН УРГАМЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Дэлхий даяар газар тариаланд ашиглах боломжтой үржил шимт газрыг нэмж өргөжүүлэх боломж хомс болсон төдийгүй өнгөрсөн 100 гаруйхан жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн 75 хувь нэгэнт эргэж буцалтгүйгээр устаж үгүй болсон байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой арга зам нь хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийг цаг алдалгүй хамгаалж, тэдгээрийг үр дүнтэй ашиглах замаар шинэ сорт хэлбэрүүдийг бүтээж газар тариалангийн үйлдвэрлэлд өргөнөөр нэвтрүүлэх явдал гэдгийг дэлхийн улс орнууд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг 2001 онд баталжээ. Энэхүү гэрээ нь 2004 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд 2018 оны байдлаар дэлхийн 145 орон нэгдээд байна.