Монгол Улс дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах боломж бүрдлээ
“Нэгдсэн үндэстний байгууллагын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийг /2018.05.10/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлав.
Иймээс ч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ (ХХААУГНОУГ)-г баталж, 2004 оноос үйлчилж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 145 орон нэгдээд байна.
Уг гэрээ нь хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийг олон улсын хэмжээнд чөлөөтэй солилцох, судалж ашиглах хууль эрх зүйн боломж бий болгож тэдгээрийг хамтран хамгаалах, үр ашигтай ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж аюулгүй байдал, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах түүнчлэн олон зуун жилийн явцад тухайн улс орны тариаланчид, судлаачдын хуримтлуулсан уламжлалт мэдлэг, ургамлын генетик нөөцийг ашигласнаас бий болсон ашгаас тэдэнд буцааж хүртээх олон улсын тогтолцоо бий болгох зорилготой.
Мөн манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган халуун, өвчин хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, хүнс, тэжээлийн өндөр ач холбогдолтой шинэ таримал ургамлын генетик материалаар таримал ургамлын генийн санг баяжуулж, Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд тохиромжтой, бүтээмж өндөртэй шинэ сортуудыг бий болгох, сайжруулах судалгаанд дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах боломж бүрдэх юм. Түүнчлэн, ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах ажлыг сайжруулахад шаардлагатай техник технологи, хөрөнгө санхүү болон боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэг болон бусад донор байгууллагуудын дэмжлэгийг бүрэн хүртэх өргөн боломж нээгдэнэ. Уг гэрээг соёрхон батлах хэлэлцүүлгийн явцад салбарынхны илэрхийлсэн байр суурийг хүргэе.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Уг гэрээг манай улс соёрхон баталснаар дэлхийн 84 хувийг хангаж байгаа таримал ургамлын 64 төрлийн генетик нөөцийг гишүүн орны генбанкнаас авч ашиглах замаар байгаль, цаг уурын онцлогтоо тохирсон шинэ сорт бий болгох чиглэлээр судалгаа шинжилгээ хийх боломжтой.
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун: Манай улсад үр тарианы 26, төмс, хүнсний ногооны 80 гаруй сорт байдаг. Ургац алдсан тохиолдолд итгэмжлэгдсэн лабораториудаар шинжилгээ хийлгэсний үндсэн дээр гадаадаас үр, бордоо оруулж ирдэг. Манай лабораториуд ерөнхий шинжилгээ сайн хийж байгаа ч нарийвчилсан шинжилгээнд хүрэлцээ, чадамж, чанарын баталгаа хангалтгүй.
Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн генетик нөөцийн секторын эрхлэгч: Т.Атарсайхан: Дэлхийд таримал ургамлын 70 орчим төрлийн 20500 генетик нөөц бүхий генбанк бүрдсэн байдаг. Энэ гэрээ нь гишүүн орнууд дээрх нөөцийн цуглуулгаас шилж, сонгон авч, судалгаа, селекцийн эх материал болгон ашиглахад чиглэж байгаа.