Б.Батзориг: Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал ахуй хөгжүүлнэ
ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ТАРИАЛАЛТАД 6000 ТОНН ЭЛИТ ҮР ХЭРЭГЛЭНЭ-
-Хаврын тариалалтын бэлтгэлийг салбар яамнаас хэрхэн ханган ажиллаж байна бэ?
-Улсын хэмжээнд одоогоор мал төллөлт үргэлжлэхийн зэрэгцээ тариалалтын ажил эхлээд байна. Тэр утгаараа хаврын улирал малчид, тариаланчдын хувьд хамгийн хариуцлагатай цаг үе. Монгол Улсын хэмжээнд 2018 онд 22 сая толгой мал төллөнө. Өнөөдрийн байдлаар мал төллөлт 50 гаруй хувьд хүрч, 14 сая орчим төл бойжиж байна. Мал бойжилт 98.6 хувьтай байна. Тариалалтын хувьд ХХААХҮЯ-наас нэлээд том зорилт тавин ажиллаж байна. Учир нь, 2019 онд газар тарилангийн салбарын чухал тэмдэглэлт он давхцаж байгаа юм. Монгол Улсад атар газар эзэмшсэний, газар тариалангийн салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой тохионо. Энэ ойгоо угтаж, бид бүтээлч ажлууд хийхээр зарлаад байна. Гол нь, салбарт олон жилийн турш гацаж ирсэн асуудлуудыг шийдэхийг зорьж байна.
-Тухайлбал?
-Нэгдүгээрт, газар тариалангийн бүс нутгаа зарлах ажил байна. Газар тариалангийн бүс нутгаа зарлачихаад, энэ бүсдээ зөвхөн эрчимжсэн мал ахуйгаа хөгжүүлье гэж байгаа юм. Ингэснээр газар тариалангийн салбарт бодит байдлаар хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Дээрээс нь олон жил яригдаж байгаа ойн зурвас, хөрсний хамгааллын ажлуудыг эхлүүлж байгаа. Мөн газар тариалангийн талбайгаа хашаажуулах, усалгаатай талбайн хэмжээгээ нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
-Улсын хэмжээн дэх тариалалтын тоон төсөөллүүдийн хувьд?
-Бид нэлээд том зорилт тавьсан. Нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөснөөс 408.9 мянган га-д үр тариа тариална. Мөн 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, 8.8 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн ургамал тариалахаар төлөвлөсөн.
-Тариаланчдад зориулсан улаан буудайн үнийн хөнгөлөлт энэ жил үргэлжлэх үү?
-Салбар яамнаас хаврын тариалалтын үеэр тодорхой дэмжлэгүүд үзүүлсээр ирсэн. Энэ жилийн хувьд, улаан буудайн тариалах үрийн үнийг 30 хувь хөнгөлж байна. Энэ бол маш том дэмжлэг. Бид энэ онд үр сортын шинэчлэл хийж байгаа. Нийт 60 мянган тонн үрийн улаанбуудай тариалах шаардлагатай. Үүнийхээ 10 хувь буюу 6000 тоннд нь элит үр тариалахаар болсон. Элит үрийг бид ОХУ-аас оруулж ирэн, тариалалт хийхээр төлөвлөсөн. Үрийн шинэчлэл хийснээр ургац хураалтын дүн, буудайн чанарт чухал нөлөөтэй юм.
-Шатахууны үнийн хөнгөлөлтийг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Тариаланчдад нийт зарцуулагдах шатахууны нийт үнэн дүнгийн 50 хувийг тариалалт хийхийн өмнө авч байна. Ингэснээр тариаланчид шатахуунаа хөнгөлөлттэй нөхцлөөр авах боломж бүрдэж байгаа юм. Хаврын тариалалтад шатахуунаас гадна техник, тоног төхөөрөмжийн шийдэл ихээхэн чухал байдаг. Тариалалтад шаардагдах техник, тоног төхөөрөмжийг таван жилийн хугацаатай, хөнгөлөлттэй үнээр олгож байна. Салбар яамнаас бодлогын хүрээнд тодорхой дэмжлэгүүд үзүүлж ажилласнаар ургац арвин хураана гэсэн хүлээлттэй байна.
-Өнгөрсөн долоо хоног Засгийн газрын хуралдаанаар Газар тариалангийн бүс нутгийг зарлахаар төлөвлөсөн байсан ч зарим талбайд хайгуулын давхцал үүссэн гэх шалтгаанаар хойшилсон гэдэг үнэн үү?
-Хайгуулын талбай давхцсан асуудал яригдаагүй. Ер нь газар тариалангийн бүс нутгаа зарлах нь маш чухал байгаа юм. Олон жил яригдаж, улс төржилтөөс болж хойшлогдсоор ирсэн байдаг. Салбарын сайдын хувьд энэ гацаануудыг гаргая. Зоригтой ажиллаад явъя гэж байгаа юм. Газар тариалангийн бүс нутгаа зарласнаар малчид, тариалан эрхлэгчид хоорондын ойлголцол маш тодорхой болно. Монгол Улсын аль аль хэсэгт газар тариалангийн бүс нутаг байх вэ гэдгийг бид тодорхой болгох шаардлагатай байгаа юм. Газрын тухай хуулиар аймгуудын ИТХ-аас тодорхой шийдвэрээ яаманд хүргүүлэх ёстой. Үүнийх нь дагуу салбар яам судалж, Засгийн газрын хуралдаанаар оруулах учиртай юм. Энэ журмынхаа дагуу явагдана. Сая зарим аймгуудаас ирэх ёстой саналууд ирж амжаагүй учраас түр хойшилсон.
-ТӨР МАЛЫНХАА ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХЯНАЛТДАА АВНА-
-Яг хэдийд газар тариалангийн бүс нутгаа зарлах вэ?
-Аймгуудаас санал гүйцээд ирэхээр бид газар тариалангийн бүс нутгаа нэгдсэн байдлаар зарлана. Зарлахдаа нэлээд тодорхой зарлах юм. Тухайлбал, Булган аймгийн яг аль сумын ямар багийн тухайлсан нутгийг газар тариалангийн бүс нутгаар зарлах вэ гэхчилэн нэг мөр зарлахаар төлөвлөж байна. Бүс нутгийг ингэж зарлаж өгснөөр газар тариалангийн салбарт бодитой хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Монгол Улс нийт 1.050.000 га тариалангийн талбайтай. Үүнийхээ 700 мянга орчмыг л эргэлтэд оруулж байна. Үлдсэн 300 мянга орчим га талбай үндсэндээ атаршчихсан. Энэ талбайгаа бас эргэлтэд оруулахаар төлөвлөж байна.
-Малын гоц халдварт өвчин их байгаа энэ үед урьдчилсан сэргийлэх ажлыг улс орон даяар тодорхой хугацаанд өрнүүлэх ажлыг хэрхэн хийх вэ?
-Энэ оны зургадугаар сарын 1-нээс салбарын суурь хууль болох Мал, амьтны генетик нөөцийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиуд хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргасан. Малын гоц халдваржилт өвчний идэвхжилт өндөр байгаа тул төр өөрөө малынхаа эрүүл мэндийн хяналтыг авъя. Тодорхой бодлогуудаа хэрэгжүүлье гэж байгаа юм. Засгийн газраас жил бүрийн тавдугаар сараас аравдугаар сар хүртэл мал эрүүлжүүлэх чиглэлд угаалга, туулгын ажил хийдэг болохоор шийдвэр гаргасан. Энэ дагуу Архангай аймгаас аяныг эхлүүлж, нээлтийг нь хийж өглөө. Малчид энэ ажлыг маш сайн дэмжиж байна. Бид экспортлогч орон болох зорилттой. Үүндээ хүрэхийн тулд зайлшгүй малаа эрүүлжүүлэх шаардлагатай байгаа юм. Орон даяар малын өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг бүх нийтийн үйлс болгон хэрэгжүүлснээр бид өвчлөлийг тодорхой хугацаанд арилгаж чдана гэж харж байна. Манай яамныхан одоо ч орон нутгуудаар ажиллаж, малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцож байна. Малчдаа энэ аянд идэвхтэй оролцоорой гэж уриалъя.
-Тодорхой хугацааны дараа малаа бүрэн эрүүлжүүлэх өөдрөг төсөөллийн тухайд юу хэлэх вэ?
-Салбар яамны гол зорилго бол нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргах явдал. Бас нэг чухал зорилт бий. Энэ нь мэдээж Монгол Улсынхаа нийт хүн амыг экологийн цэвэр хүнсээр хүртээмжтэй хангах зорилт юм. Эдгээр том ажлуудаа ажил хэрэг болгохын тулд бид малаа эрүүлжүүлэх, газар тариалангийн бүс нутгаа зарлаж, тариалалт хийх га талбайгаа ихэсгэх шаардлагатай.
-Холбогдох санхүүжилтүүд нь хэрхэн шийдэгдэж байгаа бэ? Малчид малаа угаалгад оруулах, вакцинд хамруулахад нэг мал тутамд хэдий хэмжээний зардал гарахаар байна вэ?
-Мал эрүүлжүүлэх аяны хүрээнд гарч буй холбогдох зардлууд 2018 оны улсын төсөвт тусгагдсан. Хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдох зардлууд төсөвт суудаг. Энэ жишгийн дагуу санхүүжилтээ шийдсэн гэсэн үг. Хууль хэрэгжихтэй холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдана. Үүнээсээ аймгууд салбар нэгжээ байгуулаад, холбогдох зардлаа улсын төсвөөс гаргуулаад явах юм.
-Газар тариалангийн бүс нутаг дахь мал бүхий иргэдийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Газар тариалангийн бүс нутгаа зарлах гол шалтгаан нь малчид, тариаланчдын хоорондын ойлголцлыг бий болгоход чиглэж байгаа юм. 1990-ээд оны сүүлчээс нийслэлийн иргэд газар тариалангийн бүс нутгууд руу олноор ирж суурьшсанаар газар тариалангийн бүс нутгийн үндсэн зориулалт алдагдсан юм. Үүнийг бид бодлогын хүрээнд адхин авч хэлэлцэж, шийдэхийг зорьж байна. Газар тариалангийн бүс нутагт амьдарч буй малчид ч үүнийг ойлгодог. Ерөнхийдөө монгол мал 66.2 сая толгой болтлоо өсчихлөө. Одоо бид малынхаа тоонд биш чанарт анхааръя. Үүлдэр угсааг нь сайжруулах замаар эрчимжсэн мал аж ахуй руу явъя. Тодорхой талбайнуудыг тариалан эрхлэгчдэдээ суллаж өгье гэсэн, хүлээлт хэдийнэ үүссэн. Энэ хүлээлтийг салбар яам, Засгийн газраас бодит байдлаар ажил хэрэг болгохоор ажиллаж байна.
Ж.МЯДАГБАДАМ