УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
-
-Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой төсөл тойрсон асуудал олны анхаарлыг татаж буй. Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг одоо бид нэг мөр шийдэж чадах болов уу?
-“Эрдэнэт” үйлдвэр тойрсон асуудалд ард түмэн өнөөдрийг хүртэл шийдтэй хариулт хүлээсээр байна. Цаг нь тулчихсан асуудлууд ч байгаа. Гэхдээ хууль хяналтын байгууллага шалгаж байгаа, хараахан тодорхой болоогүй асуудлуудыг бид хамаагүй мөхөж ярьж болохгүй. Энэ чинь эргээд Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулагчдыг үргээх, хөгжлийн бодлогын зөв голдрилыг өөрчлөх өндөр эрсдэлтэй.Гэнэтийн шуугиан олон давтамжтайгаар дэгдээж байгаа нь харамсалтай үйл явц гэж би хувьдаа харж байгаа.
-“Оюутолгой” төслийг зогсооно, зогсоохгүй гэсэн маргаан улс төрийн хүрээнд өрнөж эхэллээ. Манайх шиг жижиг эдийн засагтай оронд төслийг зогсоох замаар асуудлыг эргэж харах нь хэр зохистой хувилбар бэ?
-“Оюутолгой” төслийг зогсоовол эдийн засагт аюултай нөхцөл байдал үүснэ. Томоохон хөрөнгө оруулагчдад яг ямар санаатайгаар шахалт үзүүлээд байгаа нь одоогоор тодорхой биш байна. Гэхдээ энэ асуудал ил болох нь тодорхой. Ер нь С.Зоригийн аллага гэхчлэн томоохон асуудлууд цаг нь ирэхээр ил болно гэж би боддог. Яг үүнтэй адилхан зорилго нь тодорхой болохыг хүлээж байна. “Оюутолгой” төслийг Монголчууд өөрсдөө бие даан хөдөлгөж чадахгүй. Хөрөнгө санхүү, технологи,менежментийн хувьд ч тэр. Тиймээс ч энэ асуудал дээр бид долоо хэмжиж, нэг огтлохын үлгэрээр ажиллах ёстой. Ингэж байж л хамгийн зөв шийдвэрийг гаргах учиртай юм. Улсын эрх ашгаас гадна бид бас хөрөнгө оруулагч талаа хүндэтгэн үзэх ёстой.
Дэлхий дахинд “Монгол Улс бол Ардчилсан улс. Эрхзүйт төртэй юм” гэдгээ харуулах хүлээлт, шаардлага үүсчихээд байна. Хэрэвзээ ингэж чадахгүй бол асуудал бүр хүндэрнэ. Өнөөдрөөр “Оюутолгой” тойрсон асуудлыг харахад хэний төлөө, хэн, хэрхэн асуудлыг явуулж байгаа нь тодорхойгүй байна. Яг ийм байдлаар асуудалд хандаж болохгүйг Африкийн олон орны жишээнээс харж болдог. Африкт яг “Оюутолгой” шиг орд нь гацсанаас үүдэж, улс сүйрсэн, иргэний дайнд орсон жишээ хүртэл бий. Бид олон жишээг харж, бодолтой хандах хэрэгтэй гэж дахин хэлмээр байна. Ер нь “Оюутолгой”-н асуудлыг хөндөж буй нь галаар тоглож буй хэрэг юм.
-Дубайн гэрээг өнөөгийн УИХ-ын гишүүд ихээр шүүмжилдэг. Тухайн үед та УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Энэ гэрээг хэрхэн хардаг бэ?
-Тэр үед манай Засгийн газрыг огцруулсан байсан үе. Огцруулсан хүмүүс нь бусад намтай нийлж байгаад шинэ Засгийн газраа байгуулсан. Тэдгээр хүмүүс биднээс нууж байгаад л Дубайн гэрээг зурсан байдаг. Тэр гэрээнд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үнэхээр байсан уу гэдгийг ард түмэн ч бид ч өнөөдөр хүлээж байгаа. Энэ бол тусдаа асуудал. Дотоодын асуудал юм. Ер нь өнөөдөр “Оюутолгой”-той холбоотой ямар нэгэн асуудал энд үүсвэл тэр бидний дотоодын асуудал л болно. “Эрдэнт” үйлдвэрийн тухайд ч тэр. Үүнийг томоохон төслүүдийн өдөр тутмын бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай холбож болохгүй.
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгой гэрээний асуудалтай холбогдуулан, саатуулан шалгаж байгаа. Энэ асуудал дээр та хувь гишүүнийхээ зүгээс ямар байр суурьтай байгаа бэ?
-Хоёр зүйл байгаа. Нэгд, гадаадад байгаа Монгол Улсын иргэн шалгуулъя гээд өөрөө ирж байхад барьж хорьсон нь надад эргэлзээ төрүүлсэн. Хоёрт, яг Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үер саатуулсан явдал. Ерөнхий сайдын айлчлал удаан яригдсаны үндсэн дээр явагдсан. Ийм цаг үетэй давхцуулан төрийн хамгаалалтад байгаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүнийг хорьчихлоо. Хууль хяналтын байгууллага гэрийн хорионд оруулах, хилээр нэвтрэх эрхийг нь хязгаарлах зэрэг өөр олон аргачлалуудаас ашиглаж болох байсан. Гэтэл шууд бариад хорьчихлоо. Үнэн мөнийг тогтоох нь үүний дараачийн асуудал юм.Одоо Ч.Сайханбилэгийг хорьж, залхаан цээрлүүлэх замаар болоогүй хэргийг хүлээлгэхгүй нь тодорхой. Хуулийн асар ойлгомжтой заалтууд байсаар байхад дээр нэрлэгдсэн хоёр үйлдэл давхардан явагдлаа. Энэ нь өөрөө эргэлзээ төрүүлж байгаа юм. Цаана нь улс төрийн зорилго байгаа л гэж харж байна. Асуудал Ч.Сайханбилэг, Оюутолгой төсөлд байгаа биш аж гэсэн итгэл үнэмшил надад төрсөн. Энэ бол өөр зүйлд чиглэсэн сануулга болов уу.
-МОНГОЛЫГ СОНИРХОЖ БАЙСАН БҮХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД “ШОК”-НД ОРЧИХЛОО-
-Тухайлбал, хэнд өгч байгаа сануулга байж болох уу?
-Магадгүй, Ч.Сайханбилэгийг саатуулсан нь УИХ, Засгийн газарт өгч буй сануулга болов уу. 1996-2000 онд үүссэн тэр нөхцөл өнөөдөр давтагдах үйлдэл рүү явж байна уу даа гэж би хувьдаа харсан. Энэ бүхний цаана хэн хожиж, хэн хохирол амсдаг бэ гэдгийг бид бүхэн бодох хэрэгтэй.
-Экс Ерөнхий сайд нарыг хорьсноор Рио-Тинто группийн хувьцааны ханш унасныг та хэрхэн харав?
-Монгол Улсын эдийн засгийн орчин сайжрах чигтэй байна. Хойд, урд хөрштэйгөө учраа ололцож байна. Монгол Улсад томоохон төслүүд хэрэгжиж байна. Одоо л гэхэд АНУ, БНАСУ-ын Ерөнхийлөгч нар манай улсад уулзалтаа хийх нь үү гэсэн хүлээлт үүсчихээд байна. Яг С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг саатуулах үеэр Монгол Улсын талаарх сайн мэдээ гадаад орчинд явагдаж байсан. Гэтэл нэг л өдөр Оюутолгойн гэрээнд хамааралтай хоёр ч Ерөнхий сайд асан хүнийг саатуулчихлаа. Энэ нь эргээд Монгол Улс том төслүүдээ хаах нь ээ гэсэн айдсыг дэлхий дахинд өгчихөж байгаа юм. Нэг ингэчихээрээ хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил мөддөө сэргэддэггүй. Монголыг сонирхож байсан бүх хөрөнгө оруулагчид “шок”-нд орчихлоо. Бүгдээрээ эргэлзчихлээ. Энэ саатуулах ажиллагаа улсын эдийн засаг, гадаад дахь нэр хүндэд ингэж л нөлөөллөө гэж харж байна.
-“Оюутолгой”-н гэрээг цуцлуулах ашиг сонирхол гадаад орчноос байх боломжтой юу?
-Би гадаад улсууд гэж харахаасаа илүү манай дотоодын асуудал даамжирснаас үүдсэн гэж хэлмээр байна. Эрх мэдэл, мөнгө санхүү, Засгийн эрхийн төлөө дотоодын том тэмцэл явагдаж байна. Энэ тэмцлийн үр дүнд Монголын ард түмэнд золиослогдсоор байна л гэж хэлмээр байгаа юм.
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг саатуулагдахаасаа өмнө намынхантайгаа холбогдсон уу?
-Би УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн хүн. Энэ хүрээндээ ойрын үед би Ч.Сайханбилэгийг очиж эргэнэ. УИХ дахь АН-ын бүлгээс Я.Санжмятав гишүүн Ч.Сайханбилэгийг эргэсэн байгаа. Ер нь Ч.Сайханбилэг,С.Баяр нарыг саатуулсан асуудлыг УИХ байнгын анхааралдаа байлгах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар хүний эрхийн зөрчил гаргахгүй байх чиглэлд анхаарах ёстой. АН-ын гишүүн л бол хатуурхдаг. Тэднийг толгой дараалан хорьдог байдлыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.