Иргэний хэргийн шүүхэд шүүгч хариуцагчийн хөрөнгө орлогын лавлагааг авахгүй
Өнөөдөр /2018.04.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67-р зүйлийн 67.1 дэх заалт, 118-р зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 2-р дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан ХЗБХ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32-р зүйлийн 32.3.5 дахь заалтад заасны дагуу Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.
Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67-р зүйлийн 67.1.5 дахь заалтад "Нэхэмжлэх хүлээн авсан шүүгч хариуцагчийн хөрөнгө орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт лавлагаа авна" гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцүүлэх үүднээс уг заалтыг хүчингүй болгох, мөн 118-р зүйлийн 118.5 дахь хэсгийн 67.1.5 дахь заалтыг эшилснийг хасах өөрчлөлтийг тусгасан хуулийн төслийг боловсруулсан болно.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн болно.