2025.05.08
Д.Энхтүвшин: Дэмжих хүнээ сонгоод үлдсэнийг нь хүчээр дугуйлдаггүй байх эрхийг нь хангаж өгөх ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.08/-ны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Би цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой гэж бодож байна. Яагаад гэхээр өнгөрсөн оны 11 дүгээр сард Үндсэн хуулиа дээдлэх УИХ-ын тогтоол баталсан. Энэ утгаараа ҮХ дээр улс эх орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж баталсан суурь хууль. Тэгэхээр хүний эрх чөлөөнд сонгох эрх маш том үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгэхэд УИХ-ын тухай хуулийн 71.10 дээр хэнийг ч сонгохгүй байгаа эрхийг нь хүлээн зөвшөөрнө гэсэн мөртлөө, өөрийнхөө сонгох хүмүүсийг сонгоод сонгомооргүй хүмүүсээ сонгохгүй байх эрхийг нь хязгаарлаж хүчээр хэн нэгэнд санал өгүүлнэ гэдэг нь хүний үндсэн суурь эрхийг зөрчиж байгаа асуудал юм. Тэгэхээр үүнийг эсэргүүцэж байгаа үндэслэлүүдийг нь харахад улс төрийн намтай холбоотой, нэр дэвшигч хоорондын зөрчилтэй холбоотой, улс төрийн намуудын төлөвшилтэй холбоотой, тойргын хуваалттай холбоотой, сонгуулийн тогтолцоо, системтэй холбоотой, өөрөөр хэлбэл энэ бол хоёрдугаар асуудал байх. Сонгох сонгогдох эрх бол үндсэн суурь эрх учраас энэ эрхийг нь хангаж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Жишээ авъя. Энэ сонгуулийн тогтолцоо нь эрх барьж байгаа юмуу илүү олонд танигдсан намуудад л давуу талыг олгож байна. 2-р тойрог дээр 10 мандаттай байсан байна. МАН, АН, Үнэн ба зөв нам, Иргэний хөдөлгөөн намаас 10 хүн нэр дэвшүүлээд, бусад намаас 1-4 хүнээ нэр дэвшүүлсэн байна. Энэ дундаас яг дэмжих хүнээ сонгочихоод үлдсэнийг нь хүчээр нэр дэвшсэн намуудаас сонгохоос өөр аргагүй болж байгаа юм. Бусад тойргууд дээр адилхан дүр зураг харагдаж байна. УИХ дээр хүн төвтэй хууль эрх зүйн орчин бий болгохоор зорьж стратеги төлөвлөгөөгөө гаргасан. Тэгэхээд УИХ-ын гишүүдийг ҮХ цэцийн дүгнэлтийг хүлээн авч сонгогчдийн сонгох эрхийг хангахыг хүсч байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн