
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.30/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэц 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцжээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн "... дутуу ..." гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр уг дүгнэлтэд дурджээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн С.Зулпхар, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байх үед нэр дэвшигчийн мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн саналыг тэмдэглэх гэдэг зохицуулалтыг хэрхэн ойлгох талаар гишүүд ямар байр суурьтай байсныг тодруулах нь зүйтэй хэмээгээд, тухайн үеийн хэлэлцүүлгийн протоколтой танилцаж ойлголтоо нэгтгэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаагаа хэлээд, хэрэв Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авбал чөлөөт сонголт гэдгийн ард зарим нэгэн тойргийн төлөөлөл хаягдах магадлалтай хэмээсэн.
Тэрбээр Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеийн протоколтой танилцаж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн үндэслэлийг дахин ярилцах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.
Эцэст нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасны “... дутуу ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.