УИХ-ын гишүүн Ж. Сүхбаатар тойрогтоо ажилласан тайлан
2011.04.12

УИХ-ын гишүүн Ж. Сүхбаатар тойрогтоо ажилласан тайлан

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар 3-р сарын 19-24 өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумдад ажиллалаа. Тус томилолтын ажлын үеэр Казак түмний Наурызын баяр тохиосон нь онцлог үйл явдал байлаа. Томилолтын ажлуудаас хураангуйлбал:

  • Дархан сумын Монгол Ардын намын хорооны дэргэдэх Ахмадын холбооноос зохион байгуулсан шагнал гардуулах арга хэмжээнд оролцлоо. МАН-ын Тэргүүний ажилтан, МАН-ын 90 жилийн ойн медалиудаар шагнагдсан ахмадуудад шагналыг гардууллаа.

  • Дархан-Уул аймгийн Бодибилдинг, Фитнессийн холбооны үйл ажиллагаатай танилцан “Дархан фитнесс” клубт зочиллоо. Тус клуб нь бодибилдинг, фитнессийн чиглэлээр эрэгтэй, эмэгтэй  тамирчин бэлтгэхийн сацуу иргэд, олон нийтэд тогтмол үйлчлүүлдэг төв юм. Тухайн үеэр фитнессийн тэмцээн Дархан-Уул аймагт зохион байгуулах талаар санал солилцон намартаа багтаан тэмцээн хийх төлөвлөгөөг гаргахаар болсон.

  • Орхон сумын хөршийн холбооны гишүүдтэй уулзалт хийлээ. Дээрх холбоо нь 2006 онд байгуулагдаж өнөөдөр 20-иод өрх харьяалагддаг бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тус холбооны гишүүнээр 2008 онд элссэн үйл ажиллагааг нь идэвхтэй дэмжигч билээ.

  • УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Дарханы Шуудан үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа. Шуудангийн хөгжил, үйл ажиллагааны байдал болоод тулгамдсан асуудлуудыг сонсон цаашид хэрхэн ажиллах талаарх тэдний саналыг сонсож харилцан ярилцлаа. Тус байгууллагаас номын худалдаа, интернэт уншлага хийх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг дэмжиж ажиллах саналыг гаргав.

  • Монголын Цахилгаан Холбооны салбар холбооны газрын үйл ажиллагаатай танилцлаа. Салбарын дарга Эрдэнэбат болон холбогдох албаны хүмүүс хүлээн авч тэдний санал бодлыг сонслоо. Өнөөдрийн байдлаар тус холбооны газар нь 8000 орчим суурин телефоны хэрэглэгчидтэй, хөдөлгөөнт 1000 орчим хэрэглэгчид, мөн 900-аад интернэтийн хэрэглэгчид, жилд 700 сая төгрөгний орлоготойгоор ажилладаг байгууллага гэж танилцуулсан. Төрийн албан хаагчийн орон сууцжуулах, байрны дээвэр засварын ажлын талаар санал дэвшүүлэн харилцан ярилцаад байна.

  • Аймгийн Ахмадын хорооны ажил байдалтай танилцах үеэр тус хорооны дарга Энхтайван, “Цанид” эмнэлгийн эрхлэгч Тунгалаг-Тамир, Ахмад дайчдын зөвлөлийн дарга Цэрэндаш нартай уулзаж ярилцлаа. Үүний дараагаар Ахмадын номын сангаар орж ахмадуудтай уулзаж ярилцсан. Ахмадын хорооныхон нийтийн тээвэр, ахмадын сувилалын гүний худагны асуудлыг шийдвэрлүүлэх санал гаргаж танилцууллаа.

  • УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуудлыг анхааралдаа авахаа илэрхийлсэн.

  • Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажил байдалтай танилцлаа. Тус газарт 1200 орчим хүмүүжигч, 70 орчим ажилтантай бөгөөд тулгамдсан асуудлын хамгийн чухал нь хоригдлын ажлын байр гэж байв. Мөн мэргэжил олгох сургалт бүхий тусгайлан тохижуулсан байранд хүмүүжигчдад зориулсан мэргэжил олгох чиглэлийн сургалтууд явагддаг талаар тус байгууллагын ажилтан танилцуулж байсан. Энэ ч үүднээс барилгын салбарын ажиллчдыг бэлтгэхээр тухайн чиглэлээр дадлага хийх байрыг бэлтгэн ажиллаж байгаа аж.

  • УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар чулуун эдлэл сийлбэр хийдэг хүмүүсийг бэлтгэж байгаатай танилцаж дараа нь ШШГА-ын 30 орчим ажилтан, албан хаагчидтай ажиллах үеэрээ уулзлаа. Уулзалтын үеэр Таван толгойн хувьцаа хэрхэн эзэмших, Эх орны хишгийг байр худалдан авахад хэрэглэж болох эсэх талаар ажилтан хаагчид сонирхсон асуултандаа хариулт авлаа.

  • Аймгийн Онцгой байдлын газрын ажил байдал, одоо ашиглагдаж байгаа техник хэрэгсэлтай танилцаа. Тэдний зүгээс ТВ-ын студи байгуулахтай холбоотойгоор мэргэжлийн камер, өндөр хүчин чадал бүхий 1 компьютерийн хэрэгцээ байгаа тухайгаа танилцуулсан. Тус газарт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хүсэлтийн дагуу  иж бүрэн тоноглогдсон машины асуудлыг шийдвэрлэхээр болсонд ОБГ-ын дарга Лхагвасүрэн талархаж байгаагаа тэмдэглэн хэллээ.

  • Дархан Уул аймгийн Зэвсэгт хүчний 330-р ангид гишүүн зочилж тэдний ажил байдалтай танилцсан. Гишүүн Ж.Сүхбаатар Алдарын танхим, англи хэлний танхимийг үзэж сонирхлоо.

  • Хойд бүсийн агаарын товтолгооноос хамгаалах холбооны 322-р ангийн үйл ажиллагатай танилцлаа. Тус ангид 54 хүн ажилладаг бөгөөд ажилтан албан хаагчдын 80% нь хотоос шилжин ажиллаж байна. Тус ангийн албан хаагчид уулзалтаар орон сууцны квотод хамруулах, интернэтийн танхимд проектор, компьютер, цалин цагдаа, онцгой байдлаас зэрэглэл бага учраас тэнцүүлэх, гэрийн хүсэлт гээд олон тулгамдсан асуудлаараа гишүүнд танилцуулж дэмжлэг хүсч байлаа.

  • УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ЗГХЭГ, Монголын Нутгийн Удирдлагын Холбооноос хамтран зохион байгуулсан Аймгуудын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар, ТГ-ын дарга нарын уулзал ярилцлагад оролцлоо. Тус уулзалтанд 21 аймаг, нийслэлийн дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга нар, ЗДТГ-ын дарга нарын 80 гаруй төлөөлөгчид оролцоод  байна.

  • УИХ-ын гишүүн Су. Батболд, УИХ-ын гишүүн Ж. Сүхбаатар нар сонгуулийн хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, шинэчлэгдэх хуулийн төсөлд орон нутгийн төлөөлөгчдийн саналыг сонсч, багцлан зарим шинэлэг саналуудыг тусган хэрэгжүүлэхэд анхааран ажиллахаа хэлж, тэдний сонирхсон асуудлтанд хариулт өглөө. Мөн уулзалтанд ЗГХЭГ-ын Дэд дарга н.Нямжав болон МНУХ-ны болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

  • Аймгийн Аудитын газрын дарга Бэрцэцэг ахлах хянан шалгагч, ажилтануудтай  хүлээн авч уулзсан. Өнөөдрийн байдлаар аудитын ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд хууль эрх зүйн зарим зөрүүтэй байдлаас ажлын явцад саад учирдаг талаар мэдээлэл өгч ярилцлаа. Цаашид аудитын газар нь мэдээлэл сурталчилгааны тал дээр ажиллах хэрэгтэй байгаа саналыг гаргалаа. Орон нутгийн төсвийн хэрэгжилтэнд хяналт тавих ажил харьцангуй сайн явагдаж байгаа энэ дашрамд дурьдлаа.

  • Үүний дараагаар Япон улсын ЗГ-ын дэмжлэг Жайка ОУБ-ын буцалтгүй тусламжаар Дархан-Уул аймагт хэрэгжсэн Усан хангамжийн байгууллагын системийг засаж сайжруулан шинэчлэх төслийн ажлын хүлээн авах ёслолын үйл ажиллагаанд оролцлоо. 14 тэрбум төгрөгийн санхүүжилтээр аймгийн усан хангамжийн байгууллагуудын 80 орчим хувийг бүрэн автоматжуулахаас гадна төв хянах байгууллагыг шинээр барьж байгуулан автоматжуулан хүлээлгэн өгөөд байна. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж. Сүхбаатар, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Жайка ОУБ-ын суурин төлөөлөгч, ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэбат, Аймаг орон нутгийн удирдлагууд, холбогдох байгууллагын төлөөлөгчид, гүйцэтгэгч байгууллагууд  болон Дархан Ус суваг ХК-ний ажилтнууд оролцлоо.

  • Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын гишүүн Ж. Сүхбаатарыг ажиллах үеэр аймгийн МАН-ын хорооны орон тооны дэд дарга Д. Батжаргал, Г. Батбаяр ажлын аппаратын ажилчид байсан. Уулзалтын үеэр аймгийн намын хорооноос хийж хэрэгжүүлэх 2011 оны ажил, цаашид хэрхэн хамтрах талаар санал солилцлоо.

  • Дархан хотын Тагнуулын байгууллагын үйл ажиллагааай танилцлаа. Нийт 10 орчим ажилтан албан хаагчид ажиллаж байгааг тус байгууллагын дарга Батхишиг танилцууллаа. Түүнчлэн тус байгууллагын ажилтнуудын гол тулгамдсан зүйл  орон сууц байрны асуудал гэдгийг хэлж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.