2011.03.24

Орхон аймгийн удирдлагууд “Өн сан” компанитай холбоотой юу

Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооныхон Орхон аймагт ажиллалаа.

2900 хүн шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байна


Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс 1997 онд байгуулагдан 8000 хүнд 300 сая төгрөгийн үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо Эрдэнэтийн 80 гаруй мянган хүн амд хүрч 23 тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлдэг болжээ. Хүний хөгжлийн сангаас олгож байгаа 21 мянган төгрөгийг шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй 2900 хүн аваагүй байгаа аж. Мөн гадны оронд сурч, ажиллаж байгаа иргэдээс бусад нь хишиг хувиа хүртэж байна. Тус аймаг ажил идэвхтэй хайж байгаа 1800 иргэнтэй. Энэ жил аймгийн 470 өрхийг ядуурлаас гаргах үүрэг хүлээжээ. Өнгөрсөн жил дээрх зорилгоор 400 иргэнд зээл өгч байсан аж. Гэхдээ дуртай болгонд нь зээл олгодоггүй аж. Харин тэдний дэмжлэгийг аваад амьдралаа дээшлүүлж, ядуурлаас гарч чадах өрхийг сонгосон талаар тус хэлтсийн дарга Л.Дулмаа онцолсон юм. Орхон аймгийг зорих шилжилт хөдөлгөөн сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэх болжээ. Зуднаар малаа алдсан зарим иргэд Эрдэнэт хотыг бараадсанаар сайхан амьдарна гэж боддогтой холбоотой аж. Яагаад ч юм ихэнх нь уулын баяжуулах үйлдвэрт найдвар тавьж ирдэг байна. Харамсалтай нь тэднийг ирэхэд төсөөлснөөс нь огт өөр орчин хүлээн авч, ажилгүйчүүдийн эгнээг нэмэгдүүлнэ. Энэ нь Орхон аймгийн сул тал гэж Л.Дулмаа дарга бидэнд ярилаа. Тэрбээр олон ахмадыг гомдоож байгаа гэнэ. Энэ гомдол нь жил бүр ахмадуудад олгодог түлээ,нүүрсний хөнгөлөлтөөс эхтэй аж. Тэдний насыг харгалзахгүйгээр хөнгөлөлт үзүүлдэг нь ялгаварлаж байна гэж гомдоход хүргэдэг гэлээ. Тиймээс түлээ, нүүрсний хөнгөлөлтийг өгөхдөө нас заах нь олон ахмадыг гомдоохоос сэргийлэх юм байна.Тэрбээр энэ саналаа байнгын хорооны дарга Д.Очирбат, гишүүн С.Эрдэнэ нарт дайлган сонордуулахыг хүссэн юм.

нсан" компанийг зааны хан ч хайгаад олдоггүй

Орхон аймгаас 2000 оноос хойш долоон гавьяат төржээ. Тэдний нэг нь МУГЖ Д.Цэрэн надмид. Харин ерөнхий шалгалтыг зургаан жил өгөхдөө орон нутагтаа тэргүүн байраа алдаж байгаагүй. Сүүлийн жилүүдэд спортоор амжилт гаргах болсон зэрэг магтах зүйл ихтэй ч үүний зэрэгцээ саар зүйл ч байна. Энэ талаар Боловсрол соёлын газрын дарга Ч.Ариунаа танилцууллаа. Босоо удирдлагатай тул ямар нэгэн жижиг асуудал гарахад яамнаас 'Танай аймаг баян" гэдэг гэнэ. Тиймээс хэвтээ удирдлагатай болгож, аймгаас удирдах нь ажил ахихад хүргэх юм байна. Одоогоор 280 гаруй хүүхдийн хоёр цэцэрлэгийн барилгын ашиглалтын хугацаа дууссан тул хаалгаа барьжээ. Нэг цэцэрлэгийг засварлахад 490 сая төгрөг шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ талаар салбар яамандаа хандтал шинээр цэцэрлэг барьсан нь дээр гэсэн аж. Одоогоор 900 сая төгрөгийг хаанаас олох вэ гэдэг нь шүдний өвчин болжээ. Энэ мэт босоо удирдлагатай байгаад юуг ч шийдэж чаддаггүй байна.

Ядаж байхад яр гэгчээр "Өн сан" компани багагүй балаг тарьсаар байна. Тус компани нь тендерт шалгарч сургууль,цэцэрлэгийн засвар,гаднах тохижилтын ажлыг хийдэг аж. Гэвч хийсэн бүхэн нь араасаа хэл ам дагуулдаг байна. Заримдаа ч ажлаа гүйцэтгэхгүй хулхидаад алга болдог гэнэ. Дээрх халтуурны компанийн эзэн нь н.Батнасан аж. Түүнийг Захирагчийн ажлын албаныхан ч хайгаад олохгүй байгаа гэнэ. Хулхидуулан барин тендерт ялуулдаг нь цаанаа учиртай. Олдохгүй байхад яаж дахин дахин тендер авдаг байна аа. Энэ нь даанч үнэмшилгүй юм. Төсвийн мөнгийг      шамшигдуулж амташсан н.Батнасанг хань хамсаатнуудтай нь даруй олж хариуцлага тооцохгүй бол улсын ажил цалгардаж, татвар төлөгчдийн мөнгө дэмий үрэгдсээр байх нь. Орхон аймгийн удирдлагууд ч үүнийг анхааралдаа авахгүй бол өөрсдөө хамт "идэлцдэг" гэж хардагдахаар байна.

Боловсрол соёлын газрын өөр нэг зовлонгийн тухай хүргэе. Босоо удирдлагатай агентлаг түрээсийн төлбөрөө дийлэхгүй. Орхон аймаг орон нутгийн өмчөөс төлбөр авдаг байна. Нэг өрөөний сарын төлбөр 6000, коридор, "00" зэрэг ашиглалтгүй талбайд арай бага төлбөр ногдуулдаг аж. Өнгөрсөн жил түрээсийн төлбөрт 17 сая төгрөг төлсөн байна. Харин энэ жил төлөхгүй гэж үзсэн ч буруутан болох гээд байгаа аж. Энэ нь төр баруун халааснаасаа гаргасан мөнгөө зүүн халаас руугаа хийж байгаатай адил зүйл юм. Энэ талаар олон дахин асуудал хөндсөн ч шийдэгдэхгүй байсаар байна.

Томографикийн аппараттай болгож өгөөч

Тус аймагт Бүсийн оношилгоо, эмчилгээний төв бий. Сэхээн амьдруулах хоёр тасагтай. Гэвч сэхээний тасгийн тоног төхөөрөмж дутагдалтай байна. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болсноор эмч нарын цалингийн шатлал нэгээр ахиж, эмийн зардал энэ онд 160 сая төгрөгөөр нэмэгдсэнийг эс тооцвол өөр дорвитой өөрчлөлт гараагүй гэнэ. 30 жилийн турш урсгал засвараар аргацааж ирсэн эмнэлгийн барилга муудаж, засвар, арчилгаа шаардах болжээ. Цаашид ч гал унтраах маягаар хөрөнгө шийдсээр байвал өмнөх шигээ л байх гэнэ, Энэ үеэр Ерөнхий эмч, М.Баттүвшин Дорнодын эмнэлэгт найман тэрбум төгрөг шийдэж өгсөн шиг хөрөнгө суулгаж чадахгүй байх гэдгийг ч хэлж байсан. Тиймээс тэрбээр ганцхан зүйлийг аминчлан гуйв. Тэр нь томографикийн аппарат. Тэрбээр Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нэг ч аппаратгүй байна гэдэг байж боломжгүй зүйл гэв.

Баяжуулах фабрикт зочлов

Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Баттулга нар бидэнд үйлдвэрээ танилцуулсан юм. 1300 метрийн гүнээс олборлолт явуулж байгаа тул зэсийн агууламж буурч, ажиллагаа ч ихэсжээ. 6000 гаруй ажилчдын 300 нь ОХУ-ын мэргэжилтнүүд аж. Энэ онд Орхон аймгийн 35 жилийн ой болох тул Эрдэнэт үйлдвэрээс олон бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Цэнгэлдэх хүрээлэн, Бурхан багшийн сэрэг дүр зэргийг бүтээх гэнэ.Мөн Отгонбилэгийн нэрэмжит гудамжийг байгуулж, 35 бүтээлч ажил хийнэ. Тус үйлдвэрийн 33 жилийн түүхэнд 31 хүн амь насаа алдаж 628 хүн мэргэжлээс шалтгаалах өвчтэй болжээ. Харин сүүлийн жилүүдэд хүнд осол гараагүй байна. Өнгөрсөн онд гэмтсэн 10 хүний найм нь хувь хүний хариуцлагатай холбоотой байсан аж. Тус үйлдвэрийн Хөдөлмөр хамгаалал, байгаль орчны хэлтсийн дарга С.Давааням Монгол хүний амь насыг маш багаар үнэлж байгааг өөрчлөх хэрэгтэй гэсэн юм. Үйлдвэрийн ослоор хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд дорвитой дэмжлэг байхгүй аж. Мөн ашигаасаа алдсан хүнд Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлд зааснаар 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг нэг ба түүнээс дээш удаа олгодог байна. Үүнийг ажлын байрны эрсдэлтэй холбож хуульд нарийн заалт оруулах шаардлагатай аж. Хөгжилтэй оронд амьдралын даатгалыг компани нь хийж өгдөгтэй адил аюултай хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст даатгал хэрэгтэй байгааг хэллээ.

Бид дээрх үйлдвэрийн Баяжуулах Фабрикт зочилсон юм, Баяжуулах фабрикийн хамт олон өнгөрсөн онд cap бүр 29 мянган тонн хүдэр төлөвлөгөөнөөс илүү боловсруулж, зэсийн металл авалтыг 0.2, молибдены металл авалтыг нэг хувиар давуулжээ. Ингэснээр 1195 тонн зэсийн баяжмал 94 тон молибдены баяжмал хаягдалдаа хаялгүй авч үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг давуу биелүүлэх нэмэлт үүрэг хүлээх болсон аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.