Видео хуралд сайд нар оролцлоо
Ардчилсан нам сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Пүрэв гаригт 21 аймгийн намын удирдлагуудтайгаа холбогдон, мэдээлэл хийдэг уламжлалтай. Энэ удаагийн “Видео хурал”-д АН-ын дарга Н.Алтанхуяг, ЕНБДарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, 21 аймгийн АН-ын дарга, удирдлагууд оролцлоо.
АН-ын дарга Н.Алтанхуяг “Видео хурал”-ыг нээж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн онд бид 4 бүсийн чуулган, “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хүрээнд 3 аймагт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр АН-ын гишүүдийн дундаас дүрмийн шинэчлэлийг хийх хэрэгтэй гэсэн саналууд зонхилж гарч байлаа. Үүний дагуу 2010 оны 11-р сарын 19-нд зохион байгуулсан ҮЗХ-ны 32-р хурлаас ЕНБДаргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан Ардчилсан намын дүрмийг өөрчлөх ажилдаа орсон. Харин ҮЗХ-ны гишүүд маань санал гарган дүрмийн өөрчлөлттэй холбоотойгоор энэ жилийн ротацийн сонгуулийг түдгэлзүүлэхээр нэгдсэн бөгөөд миний хувьд гишүүдийнхээ бодлыг хүндэтгэн намын даргын хувьд 34-р хурлын товыг зарласан. Хурлаас зөвхөн ҮЗХ-ны бус аймаг, дүүргийн ротацийн сонгуулийг явуулахгүй байх, мөн Ардчилсан намын гишүүний татварын тухай дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг ҮЗХ-ны мэдлээс Гүйцэтгэх зөвлөлд шилжүүлэх, Чингэлтэй дүүргийн АН-ын шинээр сонгогдсон ҮЗХ-ны гишүүдийг батламжилснаар энэ удаагийн хурал өндөрлөсөн. Одоо харин Ардчилсан намаас дэвшүүлээд байгаа “Монгол хүн 2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нутагтаа хэрхэн зохион байгуулах вэ?, ямар асуудал дэвшүүлэх вэ? гээд бодитойгоор ажиллаж эхлэх цаг боллоо” хэмээн онцолсон.
АН-ын удирдлагууд Сангийн сайд С.Баярцогт, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга нарыг “Видео хурал”-д оролцуулж, аймгийн намынхан сонирхсон асуултандаа хариулт авлаа. Аймгуудаас ирсэн саналуудын ихэнх хэсгийг ҮЗХ-ны 34-р хурлаас гаргасан ротацийн сонгуулийг түдгэлзүүлэсэн явдлыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, улс төрийн намуудын санхүүжилт, Тавантолгой болон стратегийн орд газруудаас иргэдийнхээ гарт олгох хувьцаа, аймгуудын хөрөнгө оруулалт, төмөр зам, бүтээн босголтын талаарх асуултууд зонхилж байсан юм.
Тухайлбал, Иргэдэд олгох хувьцааны талаарх сонирхосон Хэнтий аймгийн намын хорооны гишүүн Амарсанаагийн асуултад тэрээр “Монгол улс тун саяхан иргэдээ шинэчилсэн бүртгэлд хамруулсан. Үүний үр дүнд 2 сая 700,000 гаруй иргэд бүртгэгдэж, харин 300.000 орчим иргэд зөрчилтэй гараад байна. Бид нэгдүгээр улиралд багтаан 1,5 тэрбум төгрөгийн хувьцааг нийт иргэддээ олгоно. Энэ бол зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-н баялгаас иргэддээ өгч байгаа хувьцаа. Харин стратегийн 15 орд газруудыг нийлүүлсэн компаний хувьцааг энэ зарчмаар мөн олгох юм” гэж хариуллаа.
ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас аймгийн намын удирдлагууд өөрийн орон нутагт байгуулагдах бүтээн байгуулалтын талаар сонирхож асууж байлаа. Тухайлбал, Хөвсгөл аймгйин дэд бүтцийн талаах барьж байгаа ямар бодлого байгааг сонирхоход тэрээр “Хөвсгөл аймгийн дэд бүтэцтэй холбоотой асуудал бол хамгийн том төмөр замтай холбоотой асуудал байдаг юм билээ. 1980-аад оны үед Оросууд Эрдэнэт хотоос Мөрөн хүртэл 450 км төмөр зам тавихаар зураг төсөл нь гарчихсан байсныг бид сая олж авсан. Харин сая яагаад төмөр зам тавих төлөвлөгөөнд Хөвсгөл аймаг ороогүй вэ гэхээр Хөвсгөл далайд ямар нэгэн байдлаар хор хөнөөл учруулж мэдэх болгоомжлол байгаа юм. Үүнд судалгаа хийх шаардлагатай” гэлээ. Дараагийн Видео хурал ирэх дөрөвдүгээр сарын 14-нд болно гэж тус намын Хэвлэлийн албанаас мэдээлллээ