2011.04.04
Хоёр танхимтай парламент
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбаттай ярилцлаа.
-Сүүлийн үед хоёр танхимтай парламенттай болох нь зүйтэй гэх зүйлийг ярих боллоо?
-Хэрэв мөнгөөр сонгуулийг худалдаж авсаар байвал цаашдаа парламентыг өөртөө худалдаж авах, магадгүй олонхийн бүлэг болохуйц хэсэгт нь томоохон бизнесийн бүлэглэл байр сууриа эзэлчихвэл яах вэ. Мөнгөгүй төрийн албан хаагч, насаараа төрийн төлөө зүтгэсэн хүмүүс мөнгө тараагаад байхаар гарч ирэхгүй шүү дээ. Тэгэхээр төрийн дархлааг бэхжүүлэх, мөнгөний урсгалыг таслан зогсоох, мөнгөний нөхдийг аль болох цөөн гаргаж ирэх нь өнөөгийн нийгмийн тулгамдаад байгаа асуудал болчихоод байна. Ер нь өнөөгийн нөхцөлд сонгуульд булхай ордог, хөрөнгө мөнгөний сонгууль болдог, мөнгөний сонирхол түлхүү орж ирдэг байдал давамгайлчихаад байна. 2008 онд жижиг тойргоос томсгосон тойрогт шилжиж, нэг аймаг дүүргийг нэг тойрог болгочихвол мөнгөний сонирхол алга болно гэж байсан. Гэтэл бүхэл бүтэн аймаг дүүргээр нь мөнгө тарааж, янз бүрийн бараа, эд материал өгөөд л дууслаа шүү дээ. Тэгэхээр сонгуулийн энэ мөнгөний амлалт шийдэхэд хэцүү юм байна. Тойргийг хэчнээн томсголоо ч санал худалдаж авах гэж оролдсоор л байна.
-Хоёр танхимтай парламентын сонгуульд гарч ирэхэд санал худалдаж авах зэрэг сөрөг зүйл алга болох баталгаа бий юу?
-Хоёр танхимтай парламентын системийг оруулж ирье гэдэг нь олон намыг улс төрд оруулж ирэх боломжийг нээж өгч байгаа гэсэн үг. Үүнийг дагаад олон хүн гарч ирнэ. Ардын нам дангаараа 46 суудлыг нь аваад энэ чигээрээ байя гэлгүйгээр бусад намын гишүүдээр парламентаа бүрдүүлж, бултаараа олон асуудлыг хэлэлцье, хоёр танхимтай болгоё, тэгээд асуудлаа авч хэлэлцдэг, улс төрийн нарийн механизмыг тодорхойлдог болмоор байна шүү дээ. Өнөөдөр бид хэтэрхий талцаж, бие бие рүүгээ дайрч байна. Сонгуулийн үеэр чи, би дээ тулж, хонь чоно шиг байснаа, сонгуулийн дараа ах дүү хоёр болдог энэ байдал гаднаас харахад хиймэл харагдаж байгаа. Ер нь дээд, доод парламентын танхимтай болж парламентынхаа тогтвортой харьцааг хадгалан, өөрийн орны хөгжилдөө бүгд санаа тавьдаг л болмоор байна.
-Хоёр танхимтай парламентын үйл ажиллагаа ямар төвшинд ажиллах хэрэг вэ?
-Санаа нь дээд, доод хоёр танхим хоёулаа улс орныхоо үйл ажиллагааг шийддэг байнгын, тогтмол үйл ажиллагаатай, хоёр танхимынхаа хүрээнд бүрэн эрхтэй. Тэгэхдээ нийлээд улс орныхоо эрх ашгийг төлөө явдаг, сонгодог тоглолцоотой парламент байх ёстой гэж бодож байна. Дээд, доод хоёр танхим хоёулаа хууль баталдаг. Дээд танхим нь цөөн хүнтэй, түүнээсээ ерөнхий хууль тогтоомж, батламжаа гаргадаг. Улс орныхоо бүх шийдвэр, Монгол Улсын хувь заяанд нөлөөлөх зүйлд анхаарлаа түлхүү хандуулдаг ийм л парламентын тогтолцоо манайд хэрэгтэй байна.
-Үндсэн хуульдаа гар хүрч байж л ийм тогтолцоотой болно доо?
-Тийм ээ, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байж энэ асуудлыг зааж өгнө шүү дээ. Заавал өөрчилж таарна. Улс орныхоо эрх ашгийг хамгаалах, иргэдээ хөл хөсөр, гар газар амьдруулахын тулд Үндсэн хууль өөрөө сахин хамгаалагч болдог. Цаашид сайн сайхан амьдрахын тулд, энэ тогтолцоог бий болгохын тулд тодорхой хэмжээний өөрчлөлт орох л болно. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх Сонгуулийн тухай хууль зэрэг асуудалд хоёр танхимтай парламент гэв гэнэт, шууд л суучихна гэж байхгүй л дээ.
-2012 оны сонгуулиас өмнө амжих уу?
-Үүнийг би хэлж мэдэхгүй юм байна. Хэр зэрэг үр бүтээлтэй хэлэлцэж, ажиллаж чадна, түүнээс л шалтгаална шүү дээ. Нэгэнт л ярьсан, Ерөнхий сайд С.Батболд өөрөө санаачилгыг гартаа авч, бусад намын дарга нарыг дуудаад хэлчихсэн бол зүтгүүлэх л хэрэгтэй. Ажлын хэсгийг ч өөрөө ахалж байгаа юм билээ. Гишүүддээ, хэлэлцүүлгээ хийж, сайтар ярилцах хэрэгтэй. Гишүүд л үүнийг батална. УИХ, дахь намын бүлгүүд, ард иргэдээрээ ч хэлэлцүүлэх шаардлагатай. Зөв хувилбар, зөв шийдвэр гэж үзсэн бол эртхэн л эхлүүлэх хэрэгтэй.
-Энэ санааг Сонгуулийн хуулийг унагах арга гэж харж буй хүмүүст юу гэж хэлэх вэ?
Өөрчлөхгүй бол дахиад л мөнгөний сонгууль давтагддаг, ахиад бие бие рүүгээ дайрч давшилдаг явдал гарна шүү дээ. Гэрэлтэй, гэгээтэй зүйл огт харагдахгүй юм. Хэвлэлээс харахад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг ч парламентын хоёр танхимтай болохыг дэмжсэн санаа хэлсэн байна. Олон намын төлөөллөөс гадна, ард түмний олон төлөөлөлтэй байя гэсэн санаа. Улс орны тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй. Хууль боловсруулдаг хүмүүс тэр хууль боловсруулдаг ажлаа л хийе.
-Сонгуулийн хуулийн гацаатай холбоотойгоор Жендерийн хуулийн асуудал яригддаг. Хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ хуулийн төслийн үйл явц хэр байгааг дуулгаач?
-Энэ хууль маш сайн болсон. Дөрвөн парламент дараалан гишүүдийн хэлэлцүүлгээр орж, нийгмийн төлөөллийн саналууд багтсан учраас маш чамбай хууль болсон гэж хэлж болно. Магадгүй гурав, дөрвөн жилийн өмнө бол Жендэрийн тухай хууль ярихаар зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн талаар ойлгодог байсан байх. Харин өнөөдөр энэ ойлголт өөрчлөгдөж, хүйсийн тэгш байдлын тухай асуудал гэдгийг нь мэддэг болж байна.
-УИХ-д орох эмэгтэйчүүдийн квотыг энэ хуульд хэд байхаар төлөвлөв?
-30 хувийн квот тавьсан. Саяхан улс төрийн намуудаас энэ квотын талаар санал асуулгыг явуулсан. МАХН 25 хувийн квоттой байх ёстой гэж үзсэн. АН-ын бүлэг хуралдаад, тусгайлан саналгүй байна гэсэн. Ямар ч байсан үүнийг дэмжиж байна. Бусад намууд энэ хуулийг хэлэлцэх үед саналаа тусгана гэсэн.
-Та улстөрд эмэгтэйчүүдийн оролцоог хэр байх ёстой гэж үзэж байгаа юм бэ?
-Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо ямар ч байсан одоогийнхоос илүү байх ёстой. Өнөөдөр манай УИХ-д эмэгтэй гишүүн гуравхан байна. Монгол Улсын хүн амын ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Гэтэл УИХ-д гуравхан төлөөлөлтэй байгаа нь тэдний дуу хоолойг илэрхийлэхгүй. Пропорциональ системийн хувилбараар эмэгтэйчүүдэд 15 хувийн квотыг тавьсан байсан. Гэтэл энэ хувьд хэдэн эмэгтэй хүн гарч ирэх вэ гэхээр бас л багасна. Тэгэхээр бид бодит байдлаа бодолцож, энэ хувийг бага зэрэг нэмэгдүүлэх шаардлага бий. Ер нь төрийн шийдвэрт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, уян хатан, тэнцвэртэй болгох шаардлага бий гэдгийг бүгд ойлгож байгаа шүү дээ.
-Ингэхэд чуулганы завсарлагааны хугацааг хэр үр бүтээлтэй өнгөрүүлсэн бэ?
-Байнгын хорооны нэг үүрэг нь баталсан хуулиа танилцуулах байдаг. Тиймээс Байнгын хорооныхонтойгоо Орхон аймагт ажиллаж нийгмийн салбарын гол хуулиуд болох Иргэний эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг танилцуулж хэлэлцүүлсэн. Анхан шатанд ажиллаж байгаа хүмүүсийн саналыг авсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгосонтой холбоотойгоор уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ирж ажилтан, албан хаагчдынхаа тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг тусгасан гэрээтэй танилцлаа. Боловсон хүчин, хөдөлмөрийн аюулгүй байдалтай ч танилцаад амжлаа.
-Орон нутгийн иргэд ямар санал тавьж байна?
-Эрүүл мэндийн салбарыг орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр хангаад өгвөл манай эмч мэргэжилтнүүдэд мэргэжлийн ур чадвар байна. Өнөөдөр бодит байдал дээр 3-4 аймгийг нэгтгэсэн аймаг дундын эрүүл мэндийн үйлчилгээний төв нь эрт галавын багаж хэрэгсэлтэй ажиллаж байна. Эмнэлгүүдэд сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмж гарцаагүй шаардлагатай байна. Компьютер томографийн аппаратаас эхлээд тоочоод байвал дутагдаагүй юм алга. Дээр нь эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байгаа боловсон хүчний боловсрол, нийгмийн асуудалд анхаарах цаг болсон байна. Энэ салбарынхны цалин тэтгэвэр, нийгмийн хангамж хамгийн бага. Тэгсэн хэрнээ хийж байгаа ажил нь дэндүү их ачаалалтай байна. Хууль сурталчлах энэ ажлын хүрээнд баруун бүсийн оношилгоо шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмч нарын санал бодлыг сонслоо. Эмнэлгийн байр 30 жилийн өмнө ашиглалтад орсон хэрнээ өнөөг хүртэл дорвитой засвар үйлчилгээ хийгээгүйгээс хуучирч муудсан байна. Ажиллаж байгаа эмч, ажилчид нь цалин багатай, эмнэлэгт нь төсвийн хөрөнгө оруулалт муу зэрэг дутагдалтай талууд ажиглагдлаа. Тиймээс эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлыг байнгын хорооны хуралдаанд оруулж, албан хаагчдын саналыг тусгахаар болсон.