Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг сайжруулна
2018.01.31

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг сайжруулна

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.01.31) Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Цаг үе, нийгмийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн, аливаа зөрчил, хийдэлгүй байх нийтлэг зарчимд тулгуурлан Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (цаашид “ФАТФ” гэх)-ын зөвлөмжүүдэд нийцүүлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах дараахь зайлшгүй практик шаардлагууд үүсч байгаа аж.  Үүнд:

  • Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны эрх зүйн байдал, үйл ажиллагааны чадамжийг бэхжүүлэх;
  • Санхүүгийн үйлчилгээний хөгжил, техник технологийн өөрчлөлтөд нийцүүлэн “мэдээлэх үүрэгтэй этгээд”-ийн хүрээг өргөжүүлэх, тэдгээртэй холбоотой зохицуулалтыг нийцүүлэх;
  • Мэдээлэх үүрэгтэй этгээдэд тавих хяналт шалгалтын тогтолцоог эрсдэлд суурилсан хэлбэрт оруулах нөхцөлийг бүрдүүлэх;
  • Эдийн засгийн харилцаанд орж байгаа аливаа хөрөнгийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг үнэн зөв, бодитоор бүртгэх тогтолцоог бүртгэлийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх;
  •  Хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах;
  • НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
  • Терроризмыг санхүүжүүлэхээс гадна үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтыг тусгах;
  • Хамтын ажиллагааны зөвлөлөөс гадна Засгийн газрын түвшний Үндэсний зөвлөлийн талаарх зохицуулалтууд зэргийг хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар дараахь эерэг үр дүн гарах юм байна. Үүнд:

  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, эрх зүйн орчин боловсронгуй болно;
  • Монгол Улс олон улсад хүлээсэн үүргээ биелүүлж, дотоодын хууль тогтоомжийг ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэх алхамд ахиц гарна;
  • Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх хориг арга хэмжээг олон улсаас авч хэрэгжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлнэ;
  • Санхүүгийн мэдээллийн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоо сайжирна;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх хариуцлагын тогтолцоо сайжирна;
  • Хуулийн хэрэгжилт сайжирч, холбогдох байгууллагын хамтын ажиллагаа бэхжин, үйл ажиллагааны чадавх дээшилнэ гэж хууль санаачлагч үзэж байгаа аж.

Уг хуулийн төсөл батлагдсанаар хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор улсын төсөвт ачаалал үүсэхгүй юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.