Ө.Энхтүвшин: Морин уралдааныг хориглох боломжгүй учир зохицуулалт хийсэн
2018.01.26

Ө.Энхтүвшин: Морин уралдааныг хориглох боломжгүй учир зохицуулалт хийсэн

Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН орон нутагт ажиллаж байна. Түүнийг хөдөө явахаас нь өмнө цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэе.

-Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх нь удаа дараа хойшилсон. Энэ асуудал юу болсон бэ?

-Тал бүрийн төлөөллийн саналыг сонсч байгаад өвөл, хаврын морин уралдааныг шууд хорих боломжгүй гэдэг шийдвэр гаргасан. Бүр хориглох нь бас өрөөсгөл. Хурдан морины уралдаан нүүдэлчдийн соёл иргэншлийн нэг хэсэг. Иймд үндэсний өв уламжлал, соёлтой холбоотой асуудлыг хориглож болохгүй гэж үзээд ийм шийдэлд хүрсэн.

-Морин уралдааныг хориглохгүйгээр өөр зохицуулалт хийсэн гэсэн үг үү?

-Сүүлийн хэдэн жилд хурдан мориноос унаж бэртсэн хүүхдүүдийн олонхыг бага насныхан эзэлж байгаа учраас 12-оос доош насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Мөн тавдугаар сарын 1-нээс хойш хурдан морины уралдаан зохион байгуулж болно. Ингэхдээ цаг агаар харж байгаад апь болох дулаан өдөр, зөв газар зохион байгуулах, хамгаалах хувцас хэрэглэлд нь онцгой анхаарах үүрэг чиглэлийг Морин спорт уяачдын холбоонд өгсөн.

Энэ насныхнаар хурдан морь унуулахдаа хичээлийг нь завсардуулахгүй байх ёстой. Өмнө нь уралдаанд оролцох гэж байгаа гээд хичээлээсээ удаа дараа чөлөө авдаг, улмаар зарим нь сургуулиасаа гардаг тохиолдол цөөнгүй байлаа. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалдаг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлж, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн.

-Засгийн газрын сайд нар Уяачдын холбооны лоббид автаж, уралдааныг цуцлах шийдвэрээсээ буцлаа гэх шүүмжлэл олон нийтийн дунд гарч байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Хүмүүс янз бүрээр шүүмжилж болно. Ямар ч байсан өвөл, хавар буюу хүйтний улиралд зохион байгуулдаг уралдааныг зохицуулах гэж оролдсон. Эхний удаад ийм байдлаар зохицуулах гээд үзье. Хэрэв дахиад нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай бол Засгийн газар зохих шийдвэр гаргана.

-Он гараад татвар нэмэгдсэн. Үүнд иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. ОУВС-тай зөвшилцөөд үүнийг эргэж харах боломж бий юү?

-ОУВС-гийн төлөөлөлтэй ярилцах асуудлын нэг бол энэ. Гэхдээ энэ шийдвэрийг өмнөх Засгийн газрын үед гаргасан. Ер нь хүндрэлтэй тусч байгаа хэд хэдэн асуудал байгаа нь үнэн. Тодруулбал, хүн амын орлогын албан татвар, тэтгэврийн нас, бензин шатахуунтай холбоотой асуудал. Үүнийг эргэж харах, үүссэн нөхцөл байдлыг ОУВСгийнханд ойлгуулахыг хичээнэ. Хичээх ч ёстой.Тэдний төлөөлөл хүлээж авах байх гэж бодож байна. ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдаад, татвар  нэмэх талаар ярьж байхад эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. Гадаадын өрийн дарамт, төсвийн орлого маш их хэмжээгээр тасарсан байдалтай байлаа. Одоо нөхцөл байдал тухайн үеийнхээс арай өөр болсон учир эргэж харах боломж бий.

-Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг манай улсад зохион байгуулахаар болсон. Энэ хурлын ач холбогдол, түүнээс гарах үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Байгалийн аюулт үзэгдэл болох газар хөдлөлт, үер, зуд, ган зэргийн тоо жилээс жилд нэмэгдэж, давтамж нь ойртож байна. Тухайлбал, Монгол Улсад өнгөрсөн онд нийтдээ 34 мянган удаа газар хөдөлсөн нь энэ талд анхаарахгүй байх аргагүй болголоо. Хүний үйл ажиллагаанаас хамааралтай аюулт үзэгдэл 2005 онд 2600 орчим байсан бол жил бүр өссөөр өнгөрсөн онд 4000 давсан байна. Тиймээс үүнд монголчууд бүгдээрээ анхаарал хандуулахгүй бол энэ асуудлыг хэдхэн байгууллагын үүрэг мэтээр ойлгож болохгүй. Хэрэв байгалийн аюулт үзэгдэл болбол түүнд өртөхгүй хүн гэж байхгүй. Тиймээс бүгд нэгдэхийн зэрэгцээ энэ талаарх мэдээ мэдээллийг түргэн шуурхай түгээх, үйл ажиллагааг нь уялдуулах шаардлагатай.

Энэ асуудалд зөвхөн тухайн улс орныхон гэлтгүй олон улсын байгууллагын дэмжлэг, туслалцааг авах хэрэгтэй. НҮБ-ын Гамшгийн эрсдэлээс хамгаалах байгууллагын дарга ажлаа хүлээж авсныхаа дараа манай улсад ажиллаж байна. Долоодугаар сарын 16-19-ний хооронд болох энэ хуралд ач холбогдол өгч, манай улсад зохион байгуулж буй нь учиртай. Хурлаар бусад орон гамшгийн эрсдэлийг хэрхэн бууруулж буй туршлагыг судлахын зэрэгцээ Монгол Улсыг олон улсад сурталчлах боломж бүрдэнэ. Тухайн хуралд гадаадын 3000 орчим зочин, төлөөлөгч оролцох учир АСЕМ-ын хурлаас дутахааргүй ач холбогдолтой гэж үзэж байгаа. Гэхдээ энэ хурлыг үр дүнтэй, амжилттай зохион байгуулж чадах эсэх нь бэлтгэл ажлаас хамаарна.

-Өмнөх хурлуудаас гаргасан шийдвэрийг манай улс хэрхэн хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрсэн бэ. Дахин шинэ шийдвэр гаргахаасаа өмнө урдах ажлаа дүгнэх байх?

-Өмнөх хурлуудаас гаргасан шийдвэрийг Азийн орнууд хэрхэн биелүүлж, хэрэгжүүлсэн талаар ярьж, дүгнэлт хийнэ. Тэр дундаас Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулахад яг юу хийснийг тусгайлан авч үзэх гэж байна. Байгалийн гамшиг, аюулт үзэгдэл болсон хойно нь арга хэмжээ авахаас гадна урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах нь хамгийн чухал. Иймд энэ чиглэлд анхаарал хандуулж арга хэмжээ болох болов уу гэж төлөвлөж байна. Хэрхэн урьдчилан сэргийлэх, яаж бэлэн байдлаа хангах талаар голлон ярилцана.

-Та орон нутагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах гэж байгаа гэсэн. Аль аймагт ажиллахаар төлөвлөж байна?

-Одоогоор нийт нутгийн 80 орчим хувь цас, цасан бүрхүүлтэй байна. Нийт аймгийн 110 суманд өвөлжилт нэлээд хүндэрсэн байдалтай байгаа. Иймд өвөлжилт хүндэрсэн аймаг, суманд ажиллахаар төлөвлөж байна. Тухайлбал, эхний ээлжид Өвөрхангай, Баян-Өлгий, Говь- Алтай, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Баянхонгор аймагт ажиллана. Ер нь аймаг, орон нутгийнхан гамшиг болон аюулт үзэгдэлд анхаарах ёстой. Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд төсвийнхөө хоёр хүртэлх хувийг энэ чиглэлд зарцуулах ёстой. Орон нутагт ажиллахдаа үүний хэрэгжилтэд хяналт тавина.

-Өвөлжилтийг хүндрэл, хохирол багатай даван туулахын тулд Засгийн газраас ямар шийдвэр гарган ажиллаж байна вэ?

-Улсын нөөцөд байгаа өвс, тэжээлийн 50 орчим хувийг малчдад нийлүүлэх нь зүйтэй гэж үзээд тодорхой шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Учир нь, өвөлжилт заавал хүндэрсэн үед биш, түүнээс урьдчилан сэргийлэх байдлаар шаардлагатай арга хэмжээг авах ёстой. Энэ утгаараа малчдад 8000 тонн өвсийг үнэ төлбөргүй, 6500 орчим тонн тэжээлийг 50 хувь хямдруулж олгохоор болсон.

Сэтгүүлч С.Юмсүрэн