Б.Энх-Амгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учрах эрсдэлтэй
Өнөөдөр /2017.12.21/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асуув.
Эрх зүйт төр байгуулж байна, хүн болгон хуулийн өмнө тэгш эрхтэй, хүнийг ялгаврлан гадуурхаж болохгүй, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллана гэж бид ярьдаг.
Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаал цуглаанд оролцуулах гэдэг бол өөр асуудал юм. Тэднийг жагсаал цуглаанд энгийн иргэдтэй хамт оролцуулж болохгүй, тэдэнд ямар нэгэн сэтгэцэд нөлөөлсөн эм уулгасан эсвэл хөрөнгө мөнгөөр татан оролцуулсан байхыг олж тогтооход хэцүү.
Би үүнийг улстөрийн зорилготой хийгдэж байгаа олон хүн цугларсан газар хөгжлийн бэрхшээлтэй иргэн биеэ авч явах чадвар муу байдаг учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх зөрчигдөх асуудал гарна гэж үзэж байна.
Биеэ хамгаалж чадахгүй, амь нас эрүүл мэндэд нь нөлөөлсөн нөхцөл байдал үүсвэл бид яах вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жагсаал цуглаанд оролцуулах нь миний хувьд боломжгүй санагдаж байна. Хэрвээ цуглаанд оролцох гэж байгаа бол тусад нь эрхзүйн байдлаар зохицуулаад байр талбай гаргаж өгөөд, үгээ чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэх тэр боломжоор нь төр хангаж өгөх ёстой. Тэр хүн чинь өөрөө ярьж чадахгүй, хэлж чадахгүй ийм нөхцөлд тэднийг жагсаалд оролцуулна гэдэг бол өөр асуудал юм.
Энэ хуулиар бид цааш явбал жагсаал цуглаанд оролцох эрхтэй гээд баахан хүмүүс авчирчихаад цуглаан дээр ямар нэгэн байдлаар эрсдэл гарах юм бол энэ асуудал эргээд хөндөгдөнө.
Хууль зүйн байнгын хороон дарга Ш.Раднаасэд:
Б.Энх-Амгалан гишүүний хэлж байгаа болгоомжлол зөв байх. Гэхдээ одооны энэ хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэний жагсах эрхийг хязгаарлаагүй, гагцхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жагсаалд оролцуулсан байх юм бол оролцуулсан субьектэд нь хариуцлага тооцох гээд байгаа нь буруу байна гэдэг зөрчлийн хууль дээрх үндсэн хуулийн дүгнэлт юм.
Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жагсаал цуглаан хийх тусгайлан байр сав, талбайтай байх уу гэдэг бол тусдаа өөр хуулиуд дээр зайлшгүй өөрчлөлтүүд хийгдэх ёстой байх. Энэ хуультай холбоотойгоор өөрчлөлт хийх ямар ч боломжгүй. Хууль санаачлах эрх нь гишүүдэд нээлттэй байгаа.